Тавантолгой бүлэглэлд биш, ард түмэнд үлдэх ёстой

Zuv.mn
19 цаг 29 минутын өмнө

-Иргэд Стратегийн ордуудад хувиа эзэмших ёстой-

Тавантолгой эргэлтэд ортлоо өдий байна

2007 оны үед байх, “Шунхлай” компани бүх хөрөнгөө Тавантолгойн нэг хувиар солих гээд гүйж байгаа гэж байна шүү дээ. Дараа нь тэр нэг хувиар 100 хувь гэж үзээд хөрөнгө босгоно гэнэ” гэсэн явган яриа сонсоод гайхаж байлаа. “Шунхлай” тэр үед Монголдоо том компаниудын нэг байсан. Дээрх жишээнээс харахад, хамгийн багаар бодоход Тавантолгойгоос тэдний дайтай 100 компанийн орлого орж ирдэг болсон байх ёстой гэсэн төсөөлөл шууд бууна.

Тавантолгойн Ухаа худагийг ухдаг “Энержи ресурс” улсаас лиценз шилжүүлж авахдаа “Энэхүү Ухаа худаг болбоос Тавантолгойн нийт нөөцийн 2 хувь байгаа юм. Үндэсний компаниуд Тавантолгойн лицензийг хадгалж байгаад 98 хувийг нь төрд өглөө” гэсэн суртал ухуулга явуулж байсан. Үнэхээр тийм байсан бол Тавантолгой дээр одоогийн “Энержи ресурс”-ын дайны 50 компани ажиллаж, улсын төсөвт төлдгөөс нь 50 дахин их ашиг орлого олж байх ёстой.

“Энержи ресурс” хэдхэн жилийн дотор хөл дээрээ боссон учраас “ЭТТ”- ч өдийд аль хэдийнэ хөл дээрээ босчихсон байх ёстой. Гэтэл яагаад ч юм бэ, олон жил ашиггүй ажиллаж иржээ.

Үүнд Сү.Батболдын Засгийн газрын “Чалько”-той хийсэн харалган гэрээ нөлөөлсөн ч бүлэглэлүүдийн эрх ашиг хамгийн том жин дарсан нь  тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл, Тавантолгойн лицензийн хадгалж байгаад 98 хувийг нь улсдаа өгсөн гэх улс төр, эдийн засаг дамнасан бүлэглэл Тавантолгойг эргэлтэд оруулах оролдлого бүрт эрх ашгаа хавчуулж, чамлахаараа зогсоодог байсан. Ачир дээрээ төрийн өмч боловч засаглал нь арай өөр зарчмаар явдаг гэдгийг “Молекул” хэмээх Б.Батбаярын хүү “Сайдын /Төрийн/ мэдэл бол Тавантолгой дээр 30 хувь л байх” гэж шууд хэлсэн байдаг.

Энэ байдал “Нүүрсний сонсгол” болж, Тавантолгойд онц байдал тогтосноос хойш цэгцэрсэн юм шиг байгаа юм.

-Тавантолгойн төлөөх дуусаагүй тэмцэл-

Тавантолгойн ордтой холбоотой бүлэглэлүүдийн тэмцлийн түүхийг аваад үзэхээр ерөөсөө л Ерөнхийлөгч асан Х.Баттулга, MCS-ийн Ж.Оджаргал нарын нэр тодордог.

Ж.Оджаргалын ард Сү.Батболд, Ц.Элбэгдорж нарын зэрэг МАН, АН-ын нөлөө бүхий улстөрчдийн нэр холбоотой юм шиг дагадаг байв.

MCS-ийн тухайд, анхнаасаа Ухаа худаг Тавантолгойн ордын хоёр хувь биш байсан төдийгүй Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тээж явдаг болохыг батлах ил далд баримтууд гарч ирж байлаа. 

Энэхүү “Энержи ресурс” нь олон жилийн турш сайны жишээ болж яригдаж ирсэн ч чухам энэ компанийг сайн явуулахын тулд гол өрсөлдөгч “Эрдэнэс Тавантолгой”-г явцгүйрүүлж, засаглалын хямралд оруулсан байх магадлал бий. Цаад зорилго нь үнэ цэнэгүйдүүлж байгаад “Авч явж чадах компанид нь өгчихье” гэсэн пи ар хийх явдал байсан гэж барим тавим ярьдаг. 2012 оны сонгуульд пропорциональ тогтолцоо орж ирж, Ардчилсан нам ялаагүй бол үнэхээр ийм зүйл болох байсан ч юм бил үү.

Х.Баттулгын тухайд, Тавантолгойд MCS-ээс арай хожуу ашиг сонирхлоо илэрхийлж эхэлсэн ч нөлөөгөө тогтоож чадсан байсныг бид мэдсэн. Нүүрсний жагсаал, Нүүрсний хулгайтай хийх тэмцэл, тухайн үед өрнөсөн үйл явц  бүхэлдээ Х.Баттулга руу чиглэсэн, түүний “том” байх үедээ “ЭТТ”-д үүсгэсэн сүлжээг задлах зорилготой гэж харагдаж байв. Сонин нь, нөгөө том санаархагч нь буюу MCS-ийн талаар маш бага ярьж байлаа.

Тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Нямбаатар “Агуулахтай холбоотой асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа, MCS ажилчдаа талбайн жагсаалд уриалсан” гэж дуугарснаас өөрөөр дурдагдаагүй дээ.

Тэгвэл Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр хөдлөхтэй зэрэгцээд яалт ч үгүй ил гарч байгаа бололтой.

Иргэдэд тулгамдсан хамгийн том бэрхшээл болох утаа, түгжрэлийг Засгийн газар руу чиглүүлж, улмаар “Засаг унагах” сэвээ хийж байгаа нь ч үүнтэй холбоотой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр шууд хэлнэ лээ.

Энэ асуудал Тавантолгойтой ямар ч хамаагүй П.Цагааны асуудалтай хамт сөхөгдөж байгаагаас харвал, үндсэндээ төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордыг эзэмшсэн, 34 хувиа “Баялгийн сан”-д буюу ард түмэнд өгөхгүй байх санаатай нөхдүүд эрх ашиг дээрээ нэгдсэн байж болзошгүй гэж харагдана.

Гэхдээ мэдээж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суусан, 34 хувиа асуудалгүйгээр шилжүүлж өгөх ААН байхыг үгүйсгэж болохгүй.

Харин ард иргэдийн хувьд, нэгэнтээ төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоогдчихсон ордуудынхаа 34 хувийг эзэмших зүй ёсны эрхээ ашгаа хамгаалах нь хамгийн зөв гэдэг хэнд ч ойлгомжтой.

Яагаад гэвэл, бид Тавантолгой ч гэлтгүй стратегийн бусад ордыг хоорондоо онцын ялгаагүй бүлэглэлүүдийн аль нэгэнд нь өгөхийг биш, өөрсдөдөө авч үлдэж, ашигтай ажиллуулж, өгөөж хүртэхийг хүсэж байгаа шүү дээ.   

Тиймээс асуудалд нухацтай хандаж, Засгийн газрын бодлогыг дэмжиж, аар саар зүйлд сатааралгүй 34 хувиа эргүүлж авах хэлэлцээрт илүү ач холбогдол өгч, хэрэг гарсан үед баялаг дээр нь эзэн суусан этгээдүүдэд шахалт үзүүлээд явах нь зүйтэй болов уу. Дундаас нь орж ирсэн хүмүүс "Хэлэлцээр хийж байна" гээд олон жил гацахыг хэн байг гэх билээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.176
    3 цагийн өмнө

    Ulsiin horongoor haiguul hiiisen orduudaa butsaaj avah heregtei MCS geh nuhduuds

    Хариулах
  • 43.228.129.162
    12 цагийн өмнө

    MCS Odjargal gej nohoin golog novsh

    Хариулах