Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллалаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас Улсын Их Хурлын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох байгууллагуудад уламжилж, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буйд хяналт тавих боломжтой юм.
Ховд аймгийн Булган суманд Ярантын боомт ажиллаж байна. Харин сумын иргэд боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэд БНХАУ-ын 2, Монгол Улсын 2 автобусаар тус бүр хил гардаг нь хүртээмжгүй бөгөөд нийтийн тээвэр нь бараа бүтээгдэхүүнээр дүүрсэн байдаг учраас зорчигч явахад хүндрэл учирдаг талаар хэлж байна. Тиймээс иргэд хувийн автомашинаар хил нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж, автобусны үйлчилгээ үзүүлж буй цөөн компанийн монопол байдлыг задлах талаар ярьлаа. Улсын Их Хурлын даргын зүгээс Булганы боомтоор зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн 5 аймгийн 450 мянга орчим иргэд зорчино гэдэг талаас нь БНХАУ-ын талтай Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх асуудлыг уламжилна гэлээ. Ингэснээр баруун бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, эдийн засгаа идэвхжүүлэх, зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцлов.
Түүнчлэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг урьд өмнө “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд борлуулсан иргэд, нэг сая төгрөгөөр худалдсан ахмадууд хувьцаагаа тухайн үеийн ханшаар эргээд худалдан авах боломж бий эсэх асуудлыг хөндсөөр байна. Улсын Их Хурлын даргын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 1072 ширхэг хувьцааг үнэт цаас болгох эхлэлийг тавьж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн бүх хүүхэд хувьцаа эзэмшигч болж, 2022, 2023 оны ногдол ашгийг иргэн бүрд тус бүр олгосон. Харин цаашид хувьцаагаа захиран зарцуулах, өвлөх, худалдан авах зэрэг асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ. Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай болж, байгалийн баялгийн үр өгөөжөөс хүртэх боломж нээгдсэнээр компани ашигтай ажиллах тутамдаа ногдол ашгаа заавал өгөх ёстой. Харин төр дур мэдэж иргэдийн ногдол ашгийг захиран зарцуулах эрхгүй гэдгийг тодотгов.
Ховд аймгийн Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж байна. Уг уурхайг стратегийн орд газарт бүртгэж, өгөөжийг нь ард иргэд хүртэх шаардлагатай, мөн сумын иргэдийн хэрэгцээнд нь тааруулан Хөшөөтийн уурхайн нүүрсийг нийлүүлдэг байх зэрэг санал дэвшүүлэв. Мөн орон нутгийн төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн ч нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээ өндөр байгаа нь амьдралын чанарт нөлөөлж буйг хэллээ. Улсын Их Хурлын даргын зүгээс Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг олонтаа хөндөж, стратегийн орд газарт бүртгэн авах саналыг дэвшүүлж буй учраас D-parliament платформоор дамжуулан гарын үсгээ цуглуулж, 30.000 болсон тохиолдолд Улсын Их Хурал хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэв.
Малчдын зүгээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улам идэвхтэй өрнүүлэхэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хүрээнд гурил, малын тэжээлийн импортыг чөлөөлснөөр баруун бүсэд импортын 50 кг гурил 80000 төгрөг, дотоодын гурил 120000 төгрөгөөр борлуулагдаж байгаа учраас уг хуулийг хэвээр үлдээх хүсэлт тавилаа. Улсын Их Хурлын дарга алслагдсан бүс буюу баруун хязгаар нутагт үр тарианы тариалалт байхгүй, гурилын үйлдвэргүй, гурилын үнэ тээврийн зардлын нэмэгдэлтэйгээр өндөр үнэтэй хэрэглэгчдэд очдог. Тиймээс импортын гурил орж ирэх боломжийг хэвээр хадгалах бодлого барихын төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна