Ж.Алтаншагай: Аав минь гартаа хумсгүй, хамартаа нусгүй яваарай гэж хэлж байсан нь сэтгэлд тод үлдсэн

Х.Есү
14 цаг 16 минутын өмнө

Бид энэ удаагийн “Зөв хүн” ярилцлагын нэвтрүүлэгтээ Фантастик продакшны жүжигчин Ж.Алтаншагайг урьж оролцууллаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Сүүлийн үеийн уран бүтээлийн тань талаар яриагаа эхэлье?

-Өдрийн мэнд хүргэе. 2024 онд “Зура III цэвэрлэгээ” уран сайхны кино гарсан. Уг кино маань Монголын Box Office-н хамгийн их үзэгчидтэй кино болж өнгөрсөн жилийн бидний амжилт болсон. Түүний араас хийгдэж байгаа уран бүтээл бол “ЖИЙЖ” продакшны уран бүтээл “Цөвүүн цаг” кино. Энэхүү киног О.Бат-Өлзий ах болон Б.Тамир нар хамтран найруулсан. Мөн О.Бат-Өлзий ахын эхнэр Сарантуяа эгч маань продюсероор ажилласан байгаа.

Киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн учраас найруулагч маань яг тухайн цаг үеийн нөхцөл байдал, газар орны байршлыг харуулахыг их хичээсэн. Энэ удаагийн зураг авалт их шандас шаардсан зураг авалт боллоо.

-Хүмүүс аав хүү хоёрын найруулсан кино гээд ам сайтай байх шиг байна. О.Бат-Өлзий Б.Тамир гэх хоёр хүн таны хувьд ямар байр суурь эзэлдэг, хэр сайн ойлголцдог хүмүүс вэ?

-О.Бат-Өлзий ах талийгаач аавтай минь цэргийн он жавууд байлаа. Б.Тамираа бид хоёр оюутан цагаасаа хойш нэг ч салаагүй найзалж байгаа найзууд. Мэдээж энэ хоёр хүнтэй ажиллах сонирхолтой. Яагаад сонирхолтой вэ гэхээр нэг нь арай өөр өнцгийг барьж ажиллаж байгаа. О.Бат-Өлзий ах өөрийн гэсэн арга барилтай. Б.Тамирын өнцөг бас нэг өөр. Илүү орчин үеийн арга техник технологийг ашиглаж байгаа. Тэр хоёрын голоос гарч байгаа зөрчилдөөн их гоё. Тэр нь уран бүтээлээ сайжруулах талын зөрчилдөөн байна л даа. Зарим тохиолдолд Б.Тамир бууж өгнө. О.Бат-Өлзий ах ч буулт хийж өгнө.

Энэ хоёр чинь өмнө нь “Байтаг богд” дээр хамтраад ажиллачихсан болохоор бие биеэ мэднэ. Ингэвэл ингэдэг, тэгвэл тэгдэг гээд шатар нүүх юмаа цаад хоёр чинь сайн мэднэ.

Манай аав 2018 онд бурхан болсон юм. Бурхан болсон хүнээс чинь утас уяж байгаад хайчилж салгадаг зан үйл байдаг юм байна л даа. Тэр зан үйлийг маань хийх хүн олдохгүй байсан юм. Тэгсэн тэр үед О.Бат-Өлзий ах би хийнэ ээ гээд хийж байсан. Тэгэхэд надад хэлсэн үг нь “Аавын чинь оронд би аав чинь болж үлдэж байна даа” гэж байсан. О.Бат-Өлзий ахын хэлсэн тэр үг их халуун дулаан байсан. Өөрөө ч нөмөр нөөлөгтэй сайхан хүн. Тэр хүнээс заримдаа маш их эрч хүч мэдрэгдэнэ, заримдаа маш их нөмөр нөөлөг мэдрэгдэнэ.

Та ямар нэг киноны дүр бүтээхдээ чадах болов уу гэж эргэлзэж байсан үе бий юу?

-Мэдээж юм бүхэн хоёр талтай. Эргэлзэх үе байлгүй яах вэ. Заримдаа үгүй ээ надаас өөр хийх хүн байхгүй гэж бодох үе бий. Энэ хоёр бодол хоёулаа тэргүүн шугамд зэрэгцэж ирдэг байхгүй юу. Би үүнийг хийж чадах болов уу, үүнийг би хийхээс өөр сонголтгүй гэсэн бодол орж ирвэл тэгээд сонголтгүй л тэргүүлнэ шүү дээ.

Хүн болгон багадаа том болоод тэр хүн шиг болно доо гэж боддог шүү дээ. Таны бага насны баатар хэн байв?

-Мэдээж миний аав. Аав шигээ хүн болно гэж бодолгүй яах вэ. Миний аав бол маш олонтойгоо хүн байсан. Хүн болгонтой инээж харьцдаг, сайхан сэтгэгдэл төрүүлж харьцдаг хүн байсан. Мэдэх нэг нь манай аавыг мэднэ дээ.

Хэрвээ цаг хугацааг өөрчилж болдог байсан бол та өнгөрсөн рүү очих уу, ирээдүй үү очих уу?

-Өнгөрсөн рүү очно. Ирээдүй рүү очихгүй. Яагаад гэвэл би зөв явбал ирээдүй рүү очих шаардлагагүй шүү дээ. Тэнд намайг их гоё ирээдүй хүлээж байгаа байх гэж бодож байна. Нэгдүгээрт амьдрал заавартайгаа ирэхгүй шүү дээ. Амьдрал заавартайгаа ирдэг байсан бол сайхан л байх. Тэрнийхээ дагуу амьдраад алдаж онохгүй явна шүү дээ. Хоёрдугаарт бид нар анх удаагаа амьдарч үзэж байна. Энэ л зөв байх гэсэн замаар явах гэж хичээж байгаа шүү дээ. Гэхдээ заримдаа мэдэхгүйгээсээ болж алдах зүйл гарах л юм байна шүү дээ. Мэдэж байж алдвал тэнэг хүн байхгүй юу. Би бол мэдэхгүйгээсээ болж нэг удаа алдахыг зөвшөөрч байгаа юм. Хоёр удаа биш нэг л удаа. Тийм учраас би өнгөрсөнд очиж гаргасан алдаа дутагдлаа засахыг л бодно доо.

Таны эцэг эхийн хүүдээ захиж хэлж байсан үгнүүдээс одоог хүртэл сэтгэлд тань тод үлдсэн үгнээс хуваалцвал?

-Миний аав гартаа хумсгүй, хамартаа нусгүй яваарай л гэж хэлж байсан нь надад маш тод үлдсэн. Өөр зөндөө зүйл хэлж байсан. Түүнийг нь мөрдлөг болгож явна. Гэхдээ тэр үг л санаанд тод үлдсэн. Харахад наад зүйлийг нь хэлсэн боловч, бодоод үзэхээр их өргөн утгатай зүйл хэлж байжээ гэдгийг сүүлд ойлгосон.

Амьдралын тань хамгийн хэцүү сэтгэлээр унасан, шантармаар үе хэзээ байв?

-Ер нь хүн өдөр болгон л ямар нэг сорилттой нүүр тулна шүү дээ. Гэр бүлийн асуудал, нийгмийн асуудал гээд л. Хүнд өвчин тусах, эцэг эхийгээ алдах бол зовлон. Бусад нь зовлон юм уу. Би тэгж бодохгүй байна. Хүнээ алдах бол үнэхээр зовлон байдаг юм байна лээ. Би өөрөө үзсэн л дээ. Өвчин зовлон гэдэг бас ямар аймар зүйл байдгийг мэднэ, манай гэр бүлийнхэн үзсэн. Үүнийг тэр мэдэрч яваа хүн л өөрөө мэдэрдэг болохоос бусад нь мэдрэхгүй шүү дээ. Чиний юу туулж явааг чи өөрөө л мэдэхээс бусад чинь мэдэхгүй гэдэг үг байдаг даа. Бусад зүйл ч нээх айхтар зовлон биш байх аа.

Та өөрийнхөө амьдралд ямар зарчим баримталж амьдардаг вэ?

-Ерөнхий том зургаараа гэдэг шиг хүн хөдөлмөрч л байх хэрэгтэй. Чамд хэн хоол өгөх юм, чиний хүүхдүүдийг хэн тэжээх юм? Чи өөрөө эрүүл байж хөдөлмөрч байхгүй бол чиний хүүхдийг хүн тэжээх юм уу. Магадгүй чи үхээд өгөхөд сарын дараа хүмүүс чамайг мартана шүү дээ. Хүмүүс бүгд тусдаа амьдралтай юм чинь амьдралаа хөөгөөд л явна. Хүн гэдэг чинь ийм л орон зайд байдаг байх нь. Төрх нь үнэн үхэх нь үнэн шүү дээ. Тийм учраас хөдөлмөрч байх хэрэгтэй шүү дээ.

Та залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд маш олон залуусын амьдрал дуусаж байна. Нэг хүний амьдрал дуусах яах вэ. Тэр хүний ард байдаг хүмүүс мянга дахин илүү шаналж байдаг байхгүй юу. Сэтгэл санаа, бие махбодоороо шаналж дуусдаг юм. Хүн чинь ядаж хоол хийхдээ төмсөө арилгачхаад угаагаад хэрчдэг, махаа гаргаж ирээд гэсэхээр нь хэрчдэг. Тэгээд дараа нь хоолоо хийдэг. Энэ хоёрыг худалдаж авахын тулд хүн мөнгөтэй байх ёстой. Мөнгөтэй байхын тулд хүн хөдөлмөрлөж ажилтай байх ёстой. Энэ дамжлага явсны дараа хоол ходоод руу чинь орно. Түүнээс биш хий хоосон орон зайгаас чамд мөнгө орж ирнэ гэж байхгүй. Нүдэн дээр амьдрал нь сүйрч байна шүү дээ. Хүн уураг тархитай шүү. Одоо ухаанаараа амьдрах цаг шүү залуучууд аа

Та хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү?

-Хувь тавиланг хүн өөрөө л бий болгох байх даа. Би хувь тавилантай хүн гээд очиж идчихээд хэвтээд байвал тэр хүн таргалаад л байна байх даа. Хувь тавилан түүнийг гоё болгоод байхгүй байх. Би шал өөр хувь тавиланд төрсөн хүн гээд юу ч хийхгүй амьдрал байвал уучлаарай манай гараг дээр тийм юм байхгүй шүү. Чи өөрөө л хувь тавилангаа бүтээнэ шүү.

Ярилцлагынхаа төгсгөлд үзэгчдэдээ хандах хэлэх үг бий юу?

-Баярлалаа. 2025 оны гуравдугаар сарын 6-нд “Цөвүүн цаг” кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна. Та бүхнийг тухлан сууж үзэхийг хүсэж байна.

Өнгөрсөн цаг хугацаа юу болж өнгөрөв өө, бид ямар зам замналыг туулж өнөөдрийн цаг хугацаанд ирэв гэдгийг энэхүү киноноос үзээрэй гэж хүсэж байна. Монголын кинонд дуртай, кинонд хайртай биднийг дэмждэг, дэмждэггүй байсан ч хамаагүй бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхнийг манай “Цөвүүн цаг” уран сайхны киног ирж үзээсэй гэж кино уран бүтээлчдийнхээ нэрийн өмнөөс хүсэж байна. Баярлалаа

-Ярилцсан танд баярлалаа.

-Баярлалаа 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.183
    9 цагийн өмнө

    НЭГ ИХ ЭХНЭР ХҮҮХЭДДЭЭ ХАЙРТАЙ ! ҮНЭНЧЭЭ ГАЙХУУЛСАН ХУДАЛЧ БАНЗАЛ ! САЙН АХДАА ! БҮЖИГЧИН ОХИДУУДААС АВАХУУЛААД ЯВАЛДААГҮЙ АМЬТАН БАЙХГҮЙ ! БУУДАЛД ЦАГ АВЧ ОРУУЛААД МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ МУРЬДАГ

    Хариулах
  • 139.5.218.214
    12 цагийн өмнө

    Сэтгүүлч зөв бичих дүрмээ анхаараачээ

    Хариулах