Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төслийнхнийг хүлээн авчээ

Х.Есү
16 цаг 22 минутын өмнө

Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооноос "Монгол эв нэгдэл" төслийг 13 дахь аймагтаа буюу Дархан-Уул аймагт танилцуулахаар хүрэлцэн ирлээ. 

Аймгийн ЗДТГ-ын удирдлагууд төслийн багийнхныг хүлээн авч уулзан, аймгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн талаар танилцууллаа.


Уулзалтанд Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооны ТУЗ-ийн дарга, төслийг санаачлагч Г.Гангамөрөн, тус холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч дөрвөн улсын гавьяат С.Жавхлан нар оролцож худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаар саналаа хуваалцсан юм. 

Дархан-Уул аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа нийт 1475 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, 6000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж байна. Тус аймагт арьс ноос боловсруулах, барилгын материал, хог хаягдал боловсруулах, эсгий эдлэл, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр голцуу иргэд, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн онд гэхэд 104.5 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. Ковидоос хойш өөрсдөө хийж бүтээх хүсэлтэй иргэдийн тоо ихсэж, хоршоолол нэмэгдсэн гэдийг аймгийн удирдлагууд онцолж байлаа. 

Аймгийн удирдлагууд төслийн багийнханд хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх их үйлсд нь амжилт хүсээд хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Үүний дараа төслийн багийнхан Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа "Дархан Минж" арьс нэхий үйлдвэр болон "Нандин" гутлын үйлдвэрээр орж танилцсан. Мөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрт төслийг дэмжигч, дөрвөн улсын гавьяат С.Жавхлан "Гавьяатын найр" тоглолтоо хийж, урилгаар МУГЖ Т.Баясгалан оролцож Дархан-Уул аймгийн үйлдвэрлэгчдэд бэлэг барьлаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна