Энхийг сахиулах ажиллагааны анхдагчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Х.Есү
Өчигдөр 14 цаг 56 минут

Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, энхийг сахиулах ажиллагааны анхны зам мөрийг татсан анхдагч зарим офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр (2025.05.28-нд) Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд зохион байгуулагдлаа.

May be an image of 5 people and text

МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ даян дэлхийн энхийн үйлсэд гар бие оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар хангах үйл хэрэгт томоохон түлхэц болж, манай улсын бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсныг дурдаад, энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн нь цэргийн бэлтгэл, сургалтын түвшин дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гар нийлсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн бахархлыг өдөөн бадраах, улмаар монгол цэрэг дэлхий дахинд үнэлэгдэх үндсийг тавьсныг онцоллоо.

May be an image of 5 people and text

Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд анхлан оролцож, Монголын цэргийн нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж явсан манай анхдагч дайчид эх орныхоо бахархал, энх тайвны бэлгэдэл болсоор ирсэн билээ. Ёслолын үеэр энхийг сахиулах ажиллагааны анхдагч нар дурсамжаа хуваалцаж, МЦНХ-ны үйл ажиллагаатай танилцахын сацуу “Энхийн төлөө хамтдаа” уриан дор гэрэл зураг татууллаа.

May be an image of 4 people and text

Арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх нар хүндэт зочноор оролцож, энхийг сахиулагчидтай санал сэтгэгдлээ хуваалцлаа.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд уригдан оролцсон энхийг сахиулагчид:

1. Хурандаа Ж.Ванчинсүрэн – Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн анхны захирагч
2. Хурандаа Д.Жавхланбаяр – Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны АНУ-тай хамтарсан цэргийн хамгаалалтын ротын анхны захирагч
3. Бригадын генерал Ц.Гандорж – Косово Улсад явагдсан НАТО-гийн тэргүүлсэн “Косовогийн хүчин-КФОР” ажиллагааны анхны цэргийн багийн захирагч
4. Хурандаа Ч.Болдбаатар – Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан НАТО-гийн тэргүүлсэн “Олон улсын аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх хүчин” ажиллагааны нисдэг тэрэгний сургалт, засвар үйлчилгээний багийн анхны захирагч
5. Хошууч генерал Л.Гансэлэм – Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад дахь НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Мотобуудлагын батальоны анхны захирагч
6. Хурандаа Ж.Мэндээ – АНУ-ын Төвийн командлал дахь анхны үндэсний холбогч офицер
7. Хурандаа Т.Ганбат – НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд секторын штабын даргаар анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчнээс томилогдон ажилласан офицер
8. Тэргүүн ахлагч Д.Энхбаяр – НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд штабын ахлагчаар анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчнээс томилогдон ажилласан ахлагч
9. Дэд хурандаа Г.Тунгаамаа – Анхны эмэгтэй цэргийн багийн захирагч - Судан Улсад дахь “UNAMID” ажиллагааны цэргийн хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийн 7 дугаар ээлжийн багийн захирагч
10. С.Зоригтбаатар – “Иракийн эрх чөлөө” олон улсын хамтарсан цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн 2-р ээлжинд хэвлэл, олон нийттэй харилцах офицер, цэргийн сэтгүүлчээр үүрэг гүйцэтгэсэн анхны цэргийн сурвалжлагч

Мөн түүнчлэн Онцгой байдал, Хил хамгаалах, Шүүх шинжилгээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Төрийн тусгай хамгаалалтын болон Тагнуулын байгууллагуудаас энхийг сахиулах ажиллагаанд анхлан оролцсон дараах цэргийн алба хаагчдыг хүндэтгэн урьж оролцууллаа. Үүнд:

1. Хошууч Э.Өлзийжаргал – Судан Улсад дахь НҮБ-ын “UNAMID” ажиллагаанд 2014 онд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй энхийг сахиулагч
2. Хурандаа Д.Ганхуяг – Сьерра-Леон Улс дахь дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2006- 2007 онд үүрэг гүйцэтгэсэн Хил хамгаалах байгууллагын анхны энхийг сахиулагч
3. Дэд хурандаа Д.Энхжаргал – Судан Улсад дахь НҮБ-ын “UNAMID” ажиллагаанд 2016 онд үүрэг гүйцэтгэсэн Цагдаагийн байгууллагын анхны энхийг сахиулагч
4. Хошууч О.Болороо – Судан Улсад дахь НҮБ-ын “UNAMID” ажиллагаанд 2013 онд үүрэг гүйцэтгэсэн Шүүх шинжилгээний байгууллагын анхны энхийг сахиулагч
5. Ахлах ахлагч Б.Анхбаяр – Сьерра-Леон Улс дахь дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2009 онд үүрэг гүйцэтгэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны энхийг сахиулагч
6. Хурандаа Ц.Мөнхтүвшин – Бүгд Найрамдах Чад Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2009 онд үүрэг гүйцэтгэсэн Төрийн тусгай хамгаалалтын газрын анхны энхийг сахиулагч
7. Дэд хурандаа Ш.Насанбат – “Иракийн эрх чөлөө” олон улсын хамтарсан цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн 2-р ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Тагнуулын байгууллагын анхны энхийг сахиулагч

Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан нийт энхийг сахиулагчиддаа баярын мэндийг хүргэж, даян дэлхийд энх тайван тогтоохын төлөөх ариун үйлс нь дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна