Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой

Х.Есү
Өчигдөр 16 цаг 25 минут

“И-Монгол академи” УТҮГ нь Гадаадын иргэн харьяатын газрын нийт  10 үйлчилгээг цахимжуулж Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, шуурхай байх тал дээр анхаарч ирсэн билээ.

Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд E-Mongolia системд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн биечлэн очиж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан нь 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж үр дүнгээ өгч байна.

Гэсэн хэдий ч мэдээллийн хүртээмжтэй байдлаас шалтгаалан одоог хүртэл гадаад иргэд биечлэн очиж үйлчилгээ авах хандлага багагүй байна. Тиймээс цахимжсан үйлчилгээг гадаад иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр илүү ач холбогдол өгч анхааран төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ, Гадаадын иргэн харьяатын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчид уулзаж харилцан санал солилцов.

Энэ нь зөвхөн тухайн салбарын цахим шилжилтээс гадна Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах өөрчлөлтийн томоохон стратегийн нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Цаашид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, цахим үйлчилгээг иргэдийн хэрэгцээнд нийцсэн илүү хүртээмжтэй болгох ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

E-Mongolia системд Гадаадын иргэн харьяатын газрын цахимжсан үйлчилгээнүүд:

1

Гадаад иргэний оршин суух зөвшөөрлийн тодорхойлолт

2

Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа

3

Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт

4

Гадаадын иргэний бүртгэл

5

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт

6

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт (ААНБ)

7

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт

8

Монгол улсын харьяат болсон тодорхойлолт

9

Монгол улсын харьяатаас гарсан эсэх тухай тодорхойлолт

10

Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна