Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хангаж, нийгмийн амьдралд идэвх, санаачилгатай, оролцоотой байлгах зорилгоор “Бөөн баяр” баярын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.
Баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, бяцхан хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн, аймгийн хэмжээнд нийт 239 хүүхдэд баярын бэлгийг гардуулсан юм.
Мөн “Бади” төвийн үүсгэн байгуулагч Б.Гэрэлсүрэн 10 хүүхдэд тоглоомын төвөөр үйлчлүүлэх болон сонирхолтой сургалтад хамрагдах эрхийн бичгээр урамшуулжээ.
Хүүхдүүддээ зориулж Улсын Тэргүүний 3-р цэцэрлэгийн хамт олон “Зуузуугийн найзууд” үлгэрчилсэн тоглолтыг толилуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн авьяасыг сонирхуулан, дуулж, бүжиглэж нэгэн өдрийг дурсамж дүүрэн, хөгжилтэй өнгөрүүллээ.
Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн алба хаагч нар бяцхан хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатруудын дүрд хувиргаж, нүүрэн дээр нь зураг зурах, 3D-ээр бүтээсэн өхөөрдөм бяцхан амьтдыг будах, зураг авхуулах өртөөнүүдийг ажиллуулан, сонирхолтой үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна