ЦЕГ: "Зуны зугаа" шоуны үеэр 10 ширхэг хутга хураан авсан

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 37 минут

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан "Зуны зугаа" шоу тоглолтын үеэр өсвөр насны хүүхдүүд гуяандаа хутгалуулж шарх авсан талаар мэдээлэл цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг: "Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан "Зуны зугаа" шоу тоглолтыг зохион байгуулагч болон тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг хангах харуул хамгаалалтын байгууллага,  мөн тухайн тоглолтын үеэр худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Тухайн тоглолтын үеэр гурван хүн эмнэлгийн тусламж авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьж ажилласан. Энэ явцад 10 хутга илрүүлж, зодооны хэрэгсэл хоёр, алдаж гээгдсэн 18 эд зүйлийг олж тогтоож өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэн төөрсөн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Зарим тохиолдолд тоглолт зохион байгуулагчид гэрээт харуул хамгаалалттай хамтран ажилладаг. 

Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, хуулийн хүрээнд албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн. Цагдаагийн албаныхан шууд шоу тоглолт руу орж, ажиллах нь зохимжгүй. 

"Зуны зугаа" шоуны үеэр гэрээтэй харуул хамгаалалтын байгууллагын 200 ажилтан ажилласан. Албан шаардлага дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан чиг үүрэг зэрэг хүлээдэг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь улмаас Зөрчлийн тухай хуулиар тухайн хуулийн этгээд, иргэнийг шалгадаг зохицуулалттай” гэв.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна