ЖИНХЭНЭ ЭРСДЭЛ: Ормуз дээр нэмээд Баб эль Мандебийн хоолой хаагдах уу

Х.Батсайхан
1 цаг 46 минутын өмнө

-Йемений хуситууд Израильд цохилт өгч, Ираны талд байлдахад бэлэн байгаагаа илтгэлээ-

Хуситууд нэрээр олон улсад танигдсан Йемений “Ансар Алла” хөдөлгөөнийхөн уржигдар Израиль руу довтолж, БХЯ-ны объектууд руу нь довтолжээ. Улмаар Иран болон Йемен, Ирак, Ливан, Палестин дахь холбоотнуудтайгаа санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хөдөлгөөний зүгээс гаргасан мэдэгдэлдээ “Довтолгоо амжилттай болсон” гээд, Тегераны эсрэг явуулж буй түрэмгийллээ зогсоохгүй бол үргэлжлүүлэн цохилт өгөхөөр заналхийлэв.

Хуситууд өмнө нь Израилийн талын холбоотнуудын зүгээс Палестин, Ливан, Иран, Иракд явуулж буй түрэмгийллээ зогсоохыг шаардаж, болиогүй тохиолдолд сөргөлдөөнд оролцоно гэдгээ илэрхийлж байжээ. Хөдөлгөөний тэргүүн мөн Саудын Арабд хандаж, Йемений ард түмэнтэй дайсагнахгүй байхыг сануулсан байна.

Хуситууд юуны учир Израиль руу довтлов

“Ансар Алла” хөдөлгөөн нь Ираны санхүүжүүлж, хөхүүлэн дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдийн Йемен дэх хувилбар бөгөөд яг ийм бүлэглэл Ливанд “Хезболла”, Иракт шийтүүдийн хөдөлгөөн гэх зэрэг нэрээр үйл ажиллагаа явуулдаг. Хуситууд мөргөлдөөнд оролцсоноороо Баб аль Мандебийн хоолойг тойрсон асуудлыг хурцатгаж байгаа бөгөөд Тегеранаас Вашингтонд өгч байгаа сануулга аж.

Хуситууд мөргөлдөөнд оролцохын гол аюул юу вэ

Дээр хэлсэнчлэн, хуситууд хэрэг явдалд оролцож эхэлсэн нь Баб аль Мандебийн хоолойн асуудлыг хурцатгаж буй. Энэ нь Арабын хагас арлын өмнөд хэсэг /Хойд нь Ормузын хоолой/, Африкаас тусгаарлаж буй хоолой бөгөөд  “Ассошиэтэд Пресс” агентлагийн бичсэнээр, дэлхийн худалдааны 12 хувь, Суэцийн сувгаар нэтэрч буй ачаа барааны 40 хувь нь дайран өнгөрдөг аж. Өөрөөр хэлбэл, Иран Ормузын хооолойг, Йемен Баб эль Мандебийн хоолойг бүслэн хаасан тохиолдолд далан тээврийн 32 хувь нь тасалдаж, нийлүүлэлтийн сүлжээнд маш нотой тасалдал үүсэх юм.  Мэдээж, энэ тохиолдолд хамгийн том хохирогч нь Саудын Араб, тэдний холбоотон АНУ байх болно. 


Хэдий Хуситууд Баб эль Мандебийн хооолойг бүхэлд нь хааж чадахгүй ч дайран өнгөрч буй тээврийн хөлгүүдийг заналхийлснээр бодит хохирол учруулах чадамжтай гэнэ.

Израилийн БХЯ-ны Жанжин штабын дарга Эяль Замир армид нь байдал хүнд, хүн хүчний дутагдалтай байгаа талаар мэдэгдсэн. Тус улсын Ерөнхий сайд асан Нафтали Беннет мөн Засгийн газраа шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч чадахгүй байна хэмээн шүүмжилсэн байна.

Харин АНУ-ын тухайд, өдгөө Ирантай хэлэлцээр хийхийш хүсэж буй мэт дүр эсгэхийн хажуугаар болзошгүй хуурай замын цэргийн ажиллагаа явуулах асуудалд анхаарч байгаа хэмээн эх сурвалжууд өгүүлжээ.    

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна