Ч.Хишигдалай: Ойрхи, Дорнодын дайны улмаас шатахууны үнийн өсөлтөөс илүү нийлүүлэлтийг тогтмол хадгалахад анхаарч байна

Б.Мөнхболд
1 цаг 51 минутын өмнө

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгаас  шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбогдуулан  цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Ойрхи Дорнодын дайн эцэслэх найдвар бүдгэрч олон улсад газрын тосны үнэ дахин 100 ам.долларыг давсан өсөлт үзүүлэх боллоо. Улмаар олон улсад инфляцын эрсдэл нэмэгдэж байгаа нь манай улсад ч нөлөөлж эхэллээ. Удахгүй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Сүүлийн үед үүссэн нөхцөл байдалтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүний үнэ маш өндөр өссөн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улс орнууд ОХУ-аас бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, Оросын бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр эрэлттэй байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д айлчилна. Энэ үеэр шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, бүтээгдэхүүн нийлүүлэлт тасалдалгүй байх асуудлыг ярилцана. 

Хоёрт, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөж хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд олгосон байгаа. 

Уг ажлын хүрээнд хэлэлцээрт оруулж буй нэмэлт протоколд гарын үсэг зурах ажлыг зохион байгуулна. Гурав дахь асуудал нь, бид аль болох тодорхой хэмжээний тогтворжуулсан үнээр дизель түлш болон бусад газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах талаарх яриа хэлэлцээрийг хийнэ. Тодорхой үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. ОХУ-ын талаас амлалт өгөөгүй ч бид саналаа тавьсан. Хоёр талаас нөхцөл байдлаа тохиролцож ярилцана.

-Олон улсад үүсээд буй газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой хямралын хамгийн гол зангилаа нь Ормузын хоолой болоод байгаа шүү дээ. Манай улсын хувьд Ормузын хоолой хаагдсан ч ОХУ-аас шатахуунаа импортолдог тул шууд нөлөөлөл байхгүй гэх асуудал ч хөндөгдөж байна?

-Хэдий Ормузын хоолой нь манай улсаас хол зайтай, дайн болж буй бүс боловч бид  нөлөөлөлд нь өртөж байна. Дайны улмаас өмнө нь ОХУ-аас барууны орнуудад тавигдсан хориг, санкцуудтай холбоотой улс орнууд худалдан авалтаа зогсоосон байсан бол эргээд түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан авах санал хүсэлт маш их тавьж байгаа. 

Жишээ нь, Энэтхэг худалдан авалтаа хоёр дахин нэмэгдүүлсэн бол Хятад худалдан авалтуудаа нэмэгдүүлсэн. Мөн БНСУ худалдан авалтууд нь нэмэгдээд эхэлсэн зэрэг мэдээллүүд байна. Энэ нь ОХУ-ын бэлэн бүтээгдэхүүн, түүхий тосны эрэлтийг дэлхийн зах зээл дээр нэмэгдүүлж байгаа нь дэлхийн эдийн засаг глобальчлагдсан болох нь үүн дээр тодорхой харагдаж байгаа юм. 

Саяхан ОХУ-аас бэлэн боловсруулсан бүтээгдэхүүндээ дөрөвдүгээр сарын 1-ээс долоодугаар сарыг дуустал хориг тавьсан. Энэ нь нэг талаараа, ОХУ-ын зах зээл дээр борлуулж буй бүтээгдэхүүн ямар эрэлттэйг харуулж байна. Хоёрт, ОХУ бол дотоодын зах зээл дээр ямар эрсдэл үүрч болохыг харуулж байгаа. Улмаар тус улсад үйлдвэрлэл буурсан. 

Хойд хөршид манай улстай адил хаврын бүтээн байгуулалт, газар тариалан эхэлж байгаа үед дотоодын эдийн засгийг хамгаалах зорилготой экспортод хориг арга хэмжээ авч байна. Бид ОХУ-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хамтран ажиллах хэлэлцээр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дүнд эдгээр хоригт ороогүй. Иймд нийлүүлэлт тогтвортой байна гэдгийг ОХУ-ын талаас илэрхийлсэн.

-Хэрэв Засгийн газар, ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр байгуулаагүй бол магадгүй АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа хэдэн төгрөгөөр нэмэгдэх байв. Дизель түлшийг тогтоон барих найдвар байгаа юу?

-Монгол Улсын хувьд дэлхийн зах зээл дээр үүсээд буй үнийн шокийг эрсдэл багатай даван туулах нь хамгийн чухал болоод байна. Тиймээс дээр дурдсанчлан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллах үеэр газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх, үнэ буулгах тухай асуудлыг дэлгэрүүлж ярилцана. 

Нааштай хариу өгөх болов уу  гэж найдаж байна. Хоёрт, АИ-92 автобензиний тухайд 705 ам.доллароор тогтворжуулсан үнээр худалдан авч байгаа. Хэрэв бид үнэ тогтворжуулалтын гэрээг байгуулаагүй бол дизель түлшний адилаар зөвхөн гурав, дөрөвдүгээр сарын үнийг харахад 1400 ам.доллароор худалдан авах буюу өнөөдөр худалдан авч үнээсээ хоёр дахин өндөр дүнгээр худалдан авах нөхцөл бүрдсэн байна. Хэлэлцээрийн үр дүнд бид ямартай ч АИ-92 автобензинийг тогтвортой барьж байна.  

-Нөгөөтэйгүүр, шатахууны үнийн өсөлтөөс илүү  олон нийтийг бухимдуулдаг асуудал нь, шатахууны хомсдол. Муугаар бодвол, Ойрхи Дорнодын дайн намжихгүй бол ирэх зун, намар шатахууны хомсдол үүсэх вий гэх болгоомжлол бий. Та бүхний зүгээс гарч болох эрсдэл, нөөц хувилбараа хэрхэн тооцож байна?

- Монгол Улс 26-27 хоногийн шатахуун нөөцлөх боломжтой. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензин 41 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомсдол үүсэж буй үндсэн шалтгаан нь нэгт, хадгалах савны багтаамж муу буюу 27 хоног нөөцлөх боломжтой.

Гэтэл олон улсын жишгээр, хамгийн багадаа 3-6 сарын нөөцөлж байна. Хоёрт, АИ-92 автобензиний тухайд урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотой ОХУ-д аялал жуулчлалын салбар нь идэвхэждэг. Үүнийг дагаад автобензиний эрэлт, хэрэгцээ ихэсдэг. 

Манай улсын хувьд мөн адил. Дотоодын аялал жуулчлал тавдугаар сараас эхлэн наймдугаар сар хүртэл идэвхтэй байдаг. Гэтэл нөөцлөх савгүй. Улмаар хоёр талд зэрэг хомсдол үүсэхээр бидэнд асуудал үүсдэг. Өнөөдрийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний 42 хоногийн нөөцтэй байна. Үүнийг энэ хэмжээнээс буулгахгүй байх талаас нь анхаарч ажиллана. 

Хоёрт, ОХУ-ын талтай газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байх чиглэлд байнга ярилцаж байна. Гуравт, үнийн өсөлттэй холбоотой аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн доголдол үүсдэг. 700 ам.доллароор авч байсан дизель түлш 1400 ам.доллар болоход өнөөдөр 100 төгрөгөөр эргэлддэг байсан бол 200 төгрөгөөр эргэлдэх шаардлагатай болдог. 

Үүнд эргэлтийн хөрөнгө шаардлагатай. Аж ахуйн нэгжийн зарим нь банкны шаардлага хангах боломжгүй зээлийн эрсдэлийн хэмжээ тулсан байдаг. Энэ эрсдэлийг зохицуулахын тулд бид тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгийн зээл олгох асуудлыг судалж байна. 

Үүн дээр банкны нөхцөл шаардлагыг хангахын тулд Засгийн газрын баталгаа гаргах нөхцөл шаардлага үүснэ. Үүнд холбогдох яамд судалгаа гаргаад ажиллаж байна. Бидний зүгээс аль болох шатахууны нөөцийг бүрдүүлж, тоо хэмжээг бууруулахгүй байх талаас зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. 

Манай яамны зүгээс олон улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой үнийн өсөлтөөс илүү хангамжийн тогтвортой байдал талаас анхаарч ажиллаж байна.

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газар тариалан эрхлэгчдийг дэмжиж дизель түлшийг  хуучин үнээр буюу 3400 төгрөгөөр борлуулж байгаа. Харин орон нутагт өнөөдрийн байдлаар 4400 орчим төгрөгийн үнэтэй байна. Салбар яамны зүгээс шатахуун импортлогч компаниудтай ямар байдлаар хамтран ажиллаж байгаа вэ?

-Oлон улсад үүсээд буй нөхцөл байдлыг сөрөг нөлөөллийг бага ч болтугай бууруулах зорилготой хаврын тариалалтыг бид дэмжиж ажиллаж байгаа. Бид хаврын тариалалт дээр тодорхой хэмжээнд тогтворжуулсан үнээр нийлүүлэхээр аж ахуйн нэгж компаниудтай гэрээ байгуулаад ажиллаж байна.

Хаврын тариалалтад дунджаар  7000 орчим дизель түлш хэрэглэдэг гэсэн тооцоог Хүнс хөдөө  аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн. Энэ хэмжээний бүтээгдэхүүнийг бид ямартай ч нийлүүлнэ.

Хамгийн гол нь, бусад барилга, уул уурхайн салбар  тодорхой хэмжээний өссөн үнийн бүтээгдэхүүнийг худалдан авалт хийхээс өөр аргагүй. Монгол Улс сард 140 орчим мянган дизель түлш хэрэглэдэг.

-Хэрэв Ойрхи Дорнодын дайн эцэслэгдвэл газрын тосны үнэ буурна. Үүний нөлөөлөл нь манай улсад хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?

- Газрын тосны бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн, тэр дундаа дизель түлшний хооронд 20-25 хувийн зөрүүтэй. Одоо үүсээд буй нөхцөл байдалд бэлэн бүтээгдэхүүн газрын тосны түүхий тосноос 100-120 хувиар илүү өндөр үнэтэй байна. 

Газрын тосны үнэ 100 ам.доллар байхад бэлэн бүтээгдэхүүний үнэ 220 ам.долларын үнэтэй байгаа нь гол үйлдвэрлэгч улс орнууд түүхий тосны хомсдолд орохоор бэлэн бүтээгдэхүүний үнэ өсч байна.

Тухайлбал, БНСУ, Сингапур, Энэтхэг зэрэг дэлхийн эхний 10-т жагсдаг томоохон үйлдвэртэй улс орнуудад түүхий тосны хомсдол үүссэн. Эргээд энэ нь бэлэн бүтээгдэхүүний хомсдол бий болж үнэ өсч байна. 

Магадгүй Ойрхи Дорнодын дайн зогссон ч уршгаар газрын тосны олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг тухайн бүс нутгийн маш олон үйлдвэр, боомтууд эвдэрч гэмтсэн байна. 

Тэгэхээр үүнийг засварлах нөхөн сэргээх хугацаа доод тал нь зургаан сар гэж харагдаж байна. Иймд дайн дуусвал түүхий тосны үнэ буурах ч бэлэн бүтээгдэхүүний үнэ богино хугацаанд буурахгүй. Аажмаар буурах хандлагатай байна.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна