УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр /Өчигдөр/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, дараагийн бүлгийн даргаа сонгох гэж байсан ч хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Өмнө нь ЕНБД-аа томилж чадахгүй байсаар үүрэг гүйцэтгэгч томилсон. Ингээд харахад АН-ын дотоод улс төрөөс болоод хэд, хэдэн албан тушаалын томилгоо зогсонги байдалд орсон гэх таамаг байна ?
-Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг хаших нь зөв эсэх талаар олон гишүүн санал зөрөлдөж байсан. Миний хувьд намын дарга нь бүлэгээ удирдаад явах нь манайх шиг бүх юм нь ил байдаг намын хувьд сайн талтай гэж харсан. Яагаад гэвэл сахилга бат, эмх цэгцтэй байх асуудал байгаа. Асуудалд эмх цэгцтэй, сөрөг хүчний байр сууриас хандаж байсан учраас өдийг хүртэл явуулсан АН-ын улс төр үр дүнтэй байсан гэж хардаг.
Өнөөдрийн яагаад хойшилсон бэ гэвэл удахгүй зохион байгуулагдах гэж байгаа ҮБХ-ны хурлын дараа бүлгийн даргыг сонгох саналыг Б.Пүрэвдорж гишүүн гаргасан.
-Нийгэм төдийгүй УИХ-ын гишүүд чинь хүртэл УИХ дахь АН-ын бүлэг шинэ даргатай болох нь ээ гэсэн хүлээлттэй байлаа шүү дээ
-Манайх шиг бүх юм нь ил байдаг намын хувьд бүлгийн даргаа хүртэл сонгуулиар сонгодог. Үндсэндээ манай нам томилгоогоор биш, санал хураалтаар шийддэг учраас өнөөдөр санал хураах нөхцөл байдал бүрдэж өгсөнгүй. Даргаа сонгож чадалгүй хурлаа хойшлууллаа.
-Нүүрсний офф-тейк гэрээнүүдийг шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг зуруулж эхэлсэн байна. Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболтын буюу Харбины гэрээг шалгах, Бодь группын гэрээнүүдийг шалгах гэх мэт олон талын байр суурь байна. Түр хороо байгуулагдсан тохиолдолд хүрээллийг нь яаж тогтоох ёстой гэж харж байна вэ ?
-Энэ хоёр гэрээ бол тусдаа асуудал. Үндсэндээ МАН-ын дарга нар эрх мэдлээ булаацалдаад хоорондоо зодолдоод эхлэх үеэрээ янз бүрийн хэрэг гаргаж ирсэн нь энэ. “Бодь”-ийн 110 сая ам.долларын хэрэг, Гэрэгэ 15 давхрын хэрэг гэх мэт. Ерөнхий сайд байсан хүн нь хүртэл энэ асуудлаар мэдэгдэл хийчихсэн. Хууль зүйн сайд нь ч ярьсан.
“Бодь”-ийн гэрээ болон Туулын хурдны зам зэрэг асуудлаар сонсгол хийх түр хороо байгуулах бичиг дээр миний хувьд гарын үсэг зурсан. Бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Эдгээр асуудлуудыг олон нийтэд тодорхой болгох ёстой. Нэг хэрүүлийн ард их хэмжээний мөнгөний асуудал яригдана. Ер нь ногоон автобус, нүүрс, сайжруулсан шахмал түлшний асуудлаа ч мухарлах ёстой. Харин Харбины гэрээг энэ асуудалтай холбож ярих нь өрөөсгөл юм.
-Харбины гэрээг шалгах түр хороо байгуулах гэсэн ч УИХ-д дэмжлэг авч чадалгүй унасан. Гэсэн ч энэ гэрээг ашиггүй хийсэн бөгөөд цуцлах ёстой, өөрчлөх ёстой гэсэн байр суурь байсаар байна. Та ямар бодолтой байна вэ ?
-Энэ гэрээнд нийт 22 сар буюу хоёр жил орчмын хугацаанд төмөр замын хил холболтоо хийгээд нүүрсээ зөөх чухал агуулга бий. Бид маш олон жил нүүрсээ машинаар зөөсөн шүү дээ. Бүх юм нь арай гэж эвлэж байж гэрээгээ байгуулаад төмөр замын хил холболтоо хийхээр болсон юм. Хоёр жилийн хугацаанд төмөр замаа холбочихно гэсэн үг. Үүнийг би улс төржих сэдэв биш гэж бодож байна. Ямар нэг асуудал байдаг бол тэрийг нь шалгаж, шинжлэх цаг зөндөө байгаа. Гэхдээ нарийн өргөн хоёр төмөр замынхаа холболтыг БНХАУ-ын компаниар хийлгээд авах хэрэгтэй.
Тэгэхээр, энэ асуудал дээр бидний хэрүүл дэндчихээд байна. Хийлгэх юмаа хийлгэчхээд дараа нь шалгах, улс төржих асуудлаа шийдэж болно.
-Зарим УИХ-ын гишүүн Монгол талд ашиггүй хийсэн гэрээ гэж дүгнээд байгаа шүү дээ ?
-УИХ ерөнхий байдлаар засгийн газарт чиглэл өгсөн. Гүйцэтгэх засаглалын ажилд УИХ орох ёсгүй. Бүгд өөр өөрсдийнхөө ажлыг хийх ёстой. Тэр байтугай УИХ-ын зүгээс Засгийн газартай холбоотой, бүтэц зохион байгуулалт, төсөвтэй нь холбоотой хууль санаачлахгүй байгаа шүү дээ. Яг гэрээнд гарын үсэг зурах ажлыг Засгийн газар хийсэн шүү дээ. Одоо яах вэ гэхээр бид зүгээр чимээгүй байж байгаад төмөр замаа бариулаад авчих хэрэгтэй.
Энэ гэрээгээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрс худалдаалагдана. Тавантолгойн бүлэг ордын 98 хувийг эзэмшиж байгаа Эрдэнэс Тавантолгой ч, 2 хувийг нь эзэмшиж байгаа "Energy resource" компанийн аль нь байх нь хамаагүй энэ холбогдох төмөр замаар нүүрсээ тээвэрлэнэ. Энэ бүхний ард хэн хожих вэ гэвэл Монгол Улс л хожно шүү дээ. Яагаад гэвэл бид борлуулалтын сувгаа бариулж байгаа юм. Өчнөөн жил яригдаад л, танк орж ирэх дээрээ хүртэл тулсаар байгаад төмөр замын төсөл маань нурсан. Энэ бүхнийхээ дараа арай гэж төмөр замын хил холболтын ажлаа эхлүүлж байхад дахиж гаргаж ирээд л нураах гээд байна. Тиймээс би дэд хороо байгуулах саналыг дэмжээгүй. Мэдээж шалгах цаг нь ирнэ. Гэхдээ одоо болоогүй.
-Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн хүн. Сая байгуулагдсан Засгийн газар данс, нээлээ хаалаа гээд ярьж байна. Төр бизнесийг дэмжинэ гэж яриад олон жил боллоо шүү дээ ?
-Төр ААН-үүдтэйгээ нийлээд бизнес хийгээд байгааг хүн болгон мэдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээ бол Сэлбэ хотхон байна. Энэ Сэлбэ хотхоныг заавал Нийслэл барих шаардлага байхгүй. Барилгын маш олон компаниуд байгаа. Тэдгээр компаниуд өөрсдөө барьчих бүрэн боломжтой.
Одоо яригдаж байгаа Ашигт малтмалын тухай хууль, Татварын багц хууль. Эдгээр хуулийн төслүүдэд ААН-үүдийг дэмжиж, дарамтаас нь чөлөөлье гэх бодлого байхгүй. Би татварын хуулийн ажлын хэсэгт байсан, ашигт малтмалын хуулийн төсөлтэй нь танилцсан. Зүгээр бага зэрэг өөрчлөлт оруулж байгаа. Сангийн яам маш хатуу байрь суурьтай байгаа. Татварын бааз сууриа өсгөх ажил ерөөсөө хийхгүй байна. Татвараа ерөнхий дүнгээр багасгасан тохиолдолд татварын бааз нэмэгдэнэ шүү дээ. Нефтийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн асуудал маш төвөгтэй. Санхүүжилт нь шийдэгдчихсэн хангалттай зарцуулж чадахгүй төсвийн хязгаараас болоод зарлага нь бага багаар гараад байгаа. Үүнийг хувийн ААН хийсэн бол улсын төсөвт суух шаардлагагүй шүү дээ. Гэтэл энэ хоёр төслийг төсвөөс суллаад өгчихье гэхээр баахан орон сууцны төсөл оруулаад ирж байгаа юм. Ингэхээр дэмжиж ч болохгүй дэмжихгүй ч байж болохгүй байна. Төр өөрсдөө барилга бариад байхаар чинь ААН-үүд чинь яаж өндийх юм бэ.
--Улсын төсвийн эхний улирлын гүйцэтгэл нэг их наяд давчихсан байна. Урьд өмнө нь хэзээ ч ийм хэмжээний алдагдалтай байгаагүй. Таны хувьд Зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан учраас яг ямар алдаа гарсныг мэдэх байх ?
-Нүүрсний үнэ, гаргаж байгаа хэмжээ болон хэрэглээнээс манай эдийн засаг, төсвийн алдагдал хамаарч байгаа. Гадаад дотоодын нөхцөл байдлаас хамаараад хэрэглээ байнга өсдөг. Хоёрдугаарт, нүүрс экспортлох хэмжээ. Түрүүний миний ярьдаг Харбины гэрээгээр төмөр зам барьсан тохиолдолд экспортлох нүүрсний хэмжээ үлэмж хэмжээгээр өснө гэсэн үг.
Асуудал яг юундаа байна вэ гэвэл, нүүрсний үнэ бага байна. Ийм учраас маш олон ААН-үүд татвараа төлөхгүй дансаа хаалгаж байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэхээр ААН-үүдээ дэмжсэн бодлого явуулахгүй бол болохгүй нь. Төсөв бүрдэхгүй байгаа учраас дунд болон анхан шатандаа цалингийн зардлыг л нээчихсэн байна. Үйл ажиллагааны урсгал зарцуулалтыг бүгдийг нь хаачихсан. Сангийн яаманд мөнгө байхгүй. Ингээд харахад бодлогын томоохон өөрчлөлт хийхгүй бол болохоо байчихсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна