Дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөсөн сэжигтэн Өргөнтал гэж хэн бэ?

2017/01/06
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн сарын 30-31-нд шилжих шөнө эхнэр болон гэрт нь байсан дөрвөн настай хүүг заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошууны иргэн Өргөнтал гэгч энэ ноцтой хэргийг үйлдсэн юм.

Сэжигтэн Өргөнтал хэрэг гардаг шөнө эхнэр Х-тай хамт архи ууж маргалдаж, эцэстээ заазуур барьж дайран тэднийд хонуулахаар үлдээсэн байсан дөрвөн настай хүүг эхнэрийнхээ хамт хөнөөгөөд дагавар хүүгээ мөн бүрэлгэхээр дайрах үед нь 13 настай Б зугтан хөршийндөө очиж тусламж хүссэн гэдгийг хэргийг шалгаж буй Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн мэдээлсэн юм.

Өргөнталын эхнэр Х нь Баянхонгор аймагт 1976 онд төрсөн бөгөөд 1999, 2004 онд төрсөн хоёр ч хүүтэй аж. Тэрбээр “Хархорин” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа хийж амьдардаг, цэцэрлэгийн багш мэргэжилтэй нэгэн байжээ. Тэд 2008 онд танилцаж, 2014 оны зургадугаар сард гэрлэлтээ батлуулсан агаад түүнээс ч өмнө хамтран амьдарч байсан гэнэ.

СЭЖИГТЭН ӨРГӨНТАЛ ГЭЖ ХЭН БЭ

1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг аж. Манай улсад анх 2007 онд орж ирсэн бөгөөд “Жигүүр гранд”, “Бэрэн” зэрэг компанийн хятад ажилчдын орчуулагчаар ажиллаж байж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлийн “Хуа Ди” гэх компанид орчуулагч байсан гэнэ. Тус улсын хууль сахиулах байгууллагаас манайд ирүүлсэн мэдээллээр Өргөнтал гэгч өвөрлөгч эр нутагтаа ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй аж.

Хэрэг гарсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны байрыг тэд түрээслэн амьдарч байсан бөгөөд сард хоёр сая гаруй төгрөгийн орлого олдог гэдгээ найз нөхөд, хөршүүддээ ярьдаг байжээ.

Манай улсын хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болоход нэлээд чанга шалгууртай байдаг учраас гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр жил орчмын дараа буюу 2016 оны тавдугаар сард Монгол Улсад нэг жилийн хугацаагаар оршин суух зөвшөөрөл авсан байж. Түүнээс өмнө өөр ангиллын виз авч манай улсад орж ирдэг байсан гэнэ.

Сэжигтэн Өргөнталыг яллагдагчаар татан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг хөнөөсөн, 96 дугаар зүйлд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан хэмээн буруутгаж буй юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна