Ардчилсан Үндсэн хууль баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 25 жилийн хугацаанд нэг удаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин сүүлийн гурван парламент дамжин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярьж, УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Өдгөө ид хүчтэй яригдаж буй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаарх эрдэмтдийн байр суурийг хүргэж байна.
Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав: Үндсэн хуульдаа гар хүрэх хэрэггүй
АИХ-ын депутатуудын ихэнх нь АИХ, Улсын бага хурал гэсэн хоёр танхимтай байсан 1990-1992 оны тэр засаглал руу орох хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхгүй бол өнөөдөр Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ, зарим тохиолдолд шүүх эрх мэдэл бие биенийхээ ажлыг хольж хутгаад байна. Үүний улмаас тодорхой асуудлууд хариуцах эзэнгүй үлдэж байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын эрх мэдлийг хольж тусгасан. Холимог тогтолцоотой ийм Үндсэн хууль баталсан. Үүрэг хариуцлагыг нь тодорхой болгохын тулд зарим өөрчлөлт хийх шаардлагатай. Тухайлбал Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг буюу Төрийн байгуулалт гэсэн хэсэг дээр өөрчлөлт хийж болно. Гэхдээ Үндсэн хуульдаа гар хүрэх гэж яарсны хэрэггүй. Үндсэн хуулиараа оролдвол улс орон гүн хямралд орж мэднэ.
Доктор, профессор Д.Баярсайхан: Үндсэн хуульд болгоомжтой хандахгүй бол дэглэм өөрчлөгдөж мэднэ
Үндсэн хууль маань түүхэн үүргээ гүйцэтгэсэн, чанартай сайн хууль юм. Олон улсын хэмжээнд харьцуулахад орчин цагийн нийтлэг жишгээ дагасан, биелэгдэх боломжтой хууль гэж хардаг. Одоо бол зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Үндсэн хуулиар бий болсон үнэт зүйл, амьдралаас шалгарсан суурь зарчмаа хөндөхгүйгээр өөрчлөх хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтөд маш их судалгаатай хандах ёстой. Хууль зүйн шинжлэх ухаан гэж байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаан гэсэн сэдвээр маш олон удаа мэтгэлцээн явуулах хэрэгтэй Үндсэн хуулиар бий болгосон хүний эрхийн үнэт зүйлс, Монгол төрийн бүрэн эрхт байдлын эрх зүйн баталгаа, орон нутгийн засаг захиргааны нарийн хуваарилагдсан эрх зүйн орчныг хөндөхгүй. Зөвхөн төрийн байгуулалтын өнөөгийн шаардлагад тохирсон өөрчлөлт хийж болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэхийг би дэмжихгүй. Ингэвэл нэг л өдөр дэглэм өөрчлөгдөж мэднэ. Тухайлбал, Герман, Ойрх Дорнодын жишээ байна. Бүх нийтийн санал асуулгыг хавтгайруулж тавих юм бол нэг л өдөр цэргийн дэглэм тогтох ч юм уу янз бүрийн ардчилсан дэглэм тогтохыг үгүйсгэхгүй. Үүнд болгоомжтой хандах ёстой. Үндсэн хуулийн эрх зүйн өөрчлөлтийг Үндсэн хуулийн реформоор хийх ёстой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна