Шударга хүн гэж хэнийг хэлэх вэ. Энэ асуултад мэдээж олон янзын хариулт өгч болно. Хамгийн шударга бусыг хийдэг атлаа хамгийн их шударга ёсыг ярьдаг улстөрч, улс төрийн намууд өнөө цагт дэндүү олширсноос энэ үгний үнэ цэнэ тун их унасан. Гэвч шударга ёс, шударга хүн гэдэг нь миний ойлголтоор хэзээд нэг л зангаараа байх эрхэм чанарыг хэлдэг юм шиг. Хүчтэний өмнө бөхийж, хүчгүйд нь сүр үзүүлж, эс бөгөөс наашаа харж шударга ёс ярьчихаад цаашаа явахдаа шударга бусыг хийдэг улстөрчид манайд тун олон шүү. Тэгвэл Д.Эрдэнэбат улстөрчийн хэзээд нэг л зангаараа байдаг нь өнөөдрийн нийгэм, цаашлаад “худал” улстөрчдийн дундаас олж чадахгүй ховорхон зан чанар шүү. Адалсан зарим нь үүнийг ааш муутайнх хэмээн шүүмжлэх нь вий. АН-ын бүлгийн дарга, дүүргийн Засаг дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч шударга бүхний түүчээ байсныг би биш жирийн гишүүд нь хэлдэг юм билээ.
Үнэнээс нүүр буруулахгүй, худалтай эвлэрч чадахгүй нэг л зангаараа явсаар өнөөдрийг хүрчээ. Хэтэрхий дардан замаар урагшилж ирсэн үү гэвэл тийм биш. Идсэн хоолондоо сав, хэлсэн үгэндээ эзэн болж явбал амьдрал хүнийг харамгүй шагнадаг гэдгийг энэ эрхэм өөрийнхөө амьдрал, зам мөрөөр залуустаа үлгэрлэж явна. Д.Эрдэнэбат бүлгийн даргаар ажиллаж байсан хоёр жилд АН-д шударга бус зүйл гарч байсан удаагүй. Олон толгойтой юм шиг болсон АН-ын фракциудын улстөржилтийг хүртэл зөв үлгэр дууриал, зөв бодлогоор эерүүлж явлаа. Тэр хоёр жилд АН-ын нэр хүнд хамгийн дээд цэгтээ хүртэл өсч байсан сонины шарласан хуудаснаа одоо ч тодхон.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан дөрвөн жилдээ ч залуустаа зөвөөр үлгэрлэж, үнэт зүйл, үзэл бодол ямар үнэ цэнэтэйг Д.Эрдэнэбат их ялалтаар харуулж чадсан юм. Түүнийг олон нийт, намын гишүүд нь олон янзаар үнэлж дүгнэдэг. Өмнө хэлсэнчлэн, Д.Эрдэнэбатад дургүй нэгэнд тэр хэтэрхий муухай ааштай “халзан” нөхөр. Харин тулаад харьцвал тэр хэзээ ч хэлснээсээ буцдаггүй, ядарсан, ялагдсан ч хамт л явдаг жинхэнэ эр хүн. Журмын нөхдөөсөө урваж, ар өврөөс нь хутгалж байсан удаа түүнд үгүй. Шударга бусыг нь ил шулуунаар хэлчихээд адлуулдаг ч хэзээ хойно нь түүний ярьсан, хэлсэн бүхэн ямагт зөв байдаг хэмээн намын гишүүд нь үнэлдэг юм билээ.
Д.Эрдэнэбатын тойрон хүрээлэл яагаад эрүүл, эерэг байдгийг энэ мэт жишээнээс харж болохоор. Ах дүү нь авлига авч, идэж уусангүй. Үр хүүхэд нь өнөөгийн нийгэмд зөвөөр амьдарч, зөв зүйлийг түгээж явна. Дарга даамал болгох гэж эхнэр хүүхдээ албан тушаалд шахаж явсан жишээ ганцыг ч би мэдэхгүй. Төрийн тендер идэж, амраар хөлжихийг тэр хүсээгүй. Бусдын л адил зах зээлийн цөвүүн цагт ганзагын наймаанд явж, өөрийнхөө мөнчгөрөөр өнөөдрийн энэ амжилтад хүрсэн шударга улстөрч. Тиймдээ ч Д.Эрдэнэбат гэж халдан нөхөрт намынх нь жирийн гишүүд, монголын жирийн иргэд хайртай байдаг юм билээ. Тэр төрийн хүн яаж ажиллах ёстой вэ гэсэн стандартыг тогтоож өгсөн гэдэгтээ хэн ч маргахгүй.
Улс төрийн хоёр том намын түүхэнд хамгийн шударга, зарчимч хэмээн үнэлүүлж байсан хоёр л генсек байдаг нь У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбат нар. Тэд нэгэн цаг үед хоёр том намыг толгойлж сонгуульд оролцож байлаа. Д.Эрдэнэбат энэ тулаанд илүүрхэж чадсан нь энэ хүний зарчим, үнэт зүйл, итгэл үнэмшилд Монголчууд итгэснийх биз ээ.
М.Эрхэс
Сэтгэгдэл бичигдээгүй байна