Д.Загджав дэд сайд болохын төлөө улайран тэмцэж байна

2017/01/19
Уул уурхайн дэд сайдын суудалд хэн суух вэ гэдэг албан тушаалын марафон МАН дотор өрнөж байна. Уул уурхайн дэд сайдад Н.Төмөрхүү, Д.Загджав нарын нэр яригдаж байгаа бөгөөд тэд дэд сайдын суудалд суухын тулд юу ч хийхээс буцахгүй  болжээ. Үүний нэг жишээ бол Д.Загджав өчигдөр Төрийн ордонд гишүүдийн өрөөгөөр хөлөө эцтэл явж өөрийгөө албан тушаалд дэмжүүлэх гарын үсэг цуглуулжээ.

Тодруулбал, Д.Загджавыг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлж, дэмжих ёстой гэдэг албан бичгийг нэр бүхий 10 гишүүн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн аж. Уг бичгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн албан бланк дээр гаргасан байх бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Ө.Энхтүвшин нар гарын үсэг зуржээ.

Хууль бус мөрийтэй тоглоомын хэрэгт өмнө нь хэдэнтэй нэр холбогдож байсан Д.Загджавын тухайд өмнө УБТЗ-ын даргын сунгаанд хүч үзсэн ч албан тушаалын бялуу хүртэж чадалгүй хоосон хоцорч байсан юм.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна