(Хэлхээ эсээ)
Өглөөний бодол...
Зохиолч Т. Бум-Эрдэнэ ахын "...автобус нэг муухай чахран тоормослож, бүсгүйчүүд хуйд автсан аргалын бүтээлэг шиг юмнууд тэр урагшаа хашгичсаар арилж өгөв" гэсэн үгүүлбэрийг бодсоор өглөө сэрлээ. Өчигдөрийн англи хэлээ яаж сайжруулна даа" гэсэн зовлонт бодол ор тас мартагджээ. Хэрэв мартаж чаддаггүй бол энэ амьдралд яаж энэ давгүй хэдэн жилийг тэсэх байснаа бодоод олсонгүй. Төдхөн С.Уууганбаярын "Хм. Чандмань хавьд навтас чирсэн ч наалдах юм алга. Хонь төхөөрвөл гэдэснээс нь шороо гарах байлгүй." гэсэн үгүүлбэр гантай говийн зуныг үзээгүй хүнд бол ойлгоход жаахан бэрх. Хэцүү шүү гэх удаах бодлыг угсруулан түлхэж орхив. Тийм улаан халцгай говь надад ертөнцийн сүйрлийн дараах "ЕРТӨНЦ"-ийг харуулах шиг санагдаж байж билээ. Хангалттай энд тэндхийн нэр томьёо чээжилжээ. Монголоосоо даанч юу ч чээжилсэнгүй гэх арга барагдсан бодол араас нь залган авав. Харин Дуурлиг нарсны Хүннү булшнаас олдсон шувууны дүрстэй алтан сувс, хэдхэн хормын дараа Богд уулын тэндээс өөрийгөө түлхэн мандах нарны тухай бишрэлтэйгээр бодоход хүргэв. Аяа, нарны илч гэрэлд юутай ихээр сүслэн амь зуух билээ, бид. Цаглашгүй чухам түүнд л агуулагдаж буйг мэдрэх үнэхээр төгс.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ зохиолчийн "Түнтүүлэй" үгүүллэгийн Түнтүүлэй хүү шиг нүдтэй жаалууд одоо үлгэрийн нойрондоо ихэнх нь жаргалтайгаар умбаж байгаа. Сайхан бодлыг минь таслах гэсэн шиг цонхны цаана халамцуу хүмүүсийн хашгирч ярилцах сонсогдоно. хэсэг намжаад цагдаагийн машины дуут дохио чарлав. Санзайгалсангийн Ууганбаярын "Эрэлхэг" л энэ машинд ачигдаад явлаа даа хэмээх хар бодлыг төрүүлэв. Сонин юм шүү, Т.Бум-эрдэнийг би ийм нарийн дүр дүрслэл, хачин ажигч гэдгийг анзаараагүй явжээ. Эсвэл "Дотроосоо" түүврээс өмнөх номнууд нь тийм "нарийн нандин" байсангүй. Анх Америкт очсон настай хүний тухай үгүүлдэг номыг нь Б.Наминчимэд ах бэлэглэсэн юм. Уншаад л сэтгэл дундуур хаасан. Харин энэ ном тэртусмаа "Мянга мянган жилээр.." бодрол бол бидний хэлдэгээр "аргагүй" л бичигджээ. Тэгвэл дух магнай нь гэрэлтэж явдаг С.Угганбаярыг оюутан байхын л мэднэ. Шүлгүүд нь таалагддаг ч үгүй, таалагддаггүй ч үгүй. Харин "Алаг толгодын хууч" бараг л монгол ном юм, аа. Тэнэг ч гэмээр тодорхойлолт бодолд орж ирнэ. Санаандгүй л "Монгол ном" гэчихлээ, би. Санаа ч зовох шиг болов. Сүүлийн үед хүний амьдралыг би хоёрхон үед хувааж үзэх болов. Олон зохиолчоос ажигласан нэг зүйл байна. Хүн ер нь 40 нас хүртлээ "МӨРӨӨДӨЖ" амьдардаг бололтой юм билээ. Түүнээс цааш Т.Бум-эрдэнэ зохиолчийн бичснээр" иргэний үнэмлэхний арын солих хугацаа нь 0000 он" болохоор "ДУРСАЖ" амьдардаг ажээ. Саяхан өөртөө нээж олсноор амьдрал ердөө атгах тэнийх хоёрын завсар өнгөрдөг. Эхийн хэвлээс төрсөн хүүхэд 2 сар болтлоо гарын алгаа атгана. Амьдарч эхлэхэд атгах зайлшгүй чухал учраас, ажжмаар гарын алга тэнийсээр бид бүгдийг хүлээн авахад бэлэн болдог. Тосож авах бэлэн болно. Сайн муу, хорт бодлууд тэгээд өглөөнөөс эхлээд үхэхийг хүртэл биеийг эзэмдэнэ. Үгүй, ээ тархийг эзэмдэнэ. Хөөрхий, цаг хугацааны дараа жам ёсоор нүд анина. Монголчууд талийгаачийнхаа гарыг тэнийлгэж мөнхийн цаг руу шилжүүлдэг заншилтай. Үхлийг алгаа тосож угтахын сэтгэлгээ тэр байх.
Нэг мэдсэн Т.Бум-эрдэнэ, С.Ууганбаяр, Дуурлиг нарсны Хүннү булш гурваасаа холдоод, огт өөрийн тухай бодоод эхэлсэн мэт санагдав. Гэтэл тийм биш байлаа. Өглөө эрт аялагдсан дуу өдөржин дотор эгшиглэдэг биз дээ. Түүн шиг Т.Бум-эрдэнэ, С.Ууганбаяр, Дуурлиг нарс гурвуулаа бидний мартсаныг сануулах хүслээр бичигдсэн ном юм. Хүннүчүүд бид юу хайдаг вэ? Бид ямар байсан, одоо ямар болж байна гэдгээ харахыг хүсдэг. Түүнтэй адил Т.Бум-эрдэнэ, С.Ууганбаяр хоёроос одоо ямар байна, харин өмнө нь ямар байсан бэ" гэдгээ олж харахыг хүснэ. Энэ хүрээд нэгдүгээр хэлхээг өндөрлөе. Хэлхэгдсэн цаг хугацааны дотор бид амьсгалж , амьдарч явна. Өөр юу хэрэгтэй юм. Англи хэлээ сайжруулаад нисэхийн шидийг олох уу? Өнөө муу" шаналант" бодол дахиад л эргэн ирэв.
To be contenued . Дахиад Англи хэл...
Өдрийн бодлууд...
Бүх зүйл цаг хугацаандаа төгөлдөр. Энэ үгүүлбэрийг Англиар юу гэх бол. Англиар шүү дээ. Дахиад “өнөөх гайхал Балган чинь өөдөөс гараад ирлээ” гэдэг шиг Англи хэл. Өрөөний цонхоор идэр есийн хүйтний илч муутайхан нар гунигтайхан тусна. Нар яагаад гуниглах гэж. Ловон ловон гэхээр эсгий олбог нимгэднэ гэгчээр заримдаа хэтрүүлэх гээд байдаг гэм зан зохиолчдод бий. Хэтрүүлэл гэж уран сайхны арга ч бий. Харин Т.Бум-эрдэнэ зохиолчийн дүрүүд ялимгүй “чалчаа” талдаа юм. Харин С.Ууганбаярын дүрүүд хэтэрхий “үглээ “талдаа юм. “Дотроосоо”/2016/ түүврийг гүйлгээд харахад л ” Хемингуэй дэндүү нуршуу харилцан яриатай, хэлэлцээр шиг юм бичдэг, “тийм, ээ гэж би хэллээ, үгүй гэж би хэллээ” гээд сунжирч өгнө гэж хэн нэгэн, хэзээ ч билээ хэлсэн юм” гэсэн Андрей Эфросын үг санаанд орно. Хүүрнэх шинж багадахаар л хүүрнэл зохиол”диалогоор” дүүрдэг тал байна. Ажиглавал Т.Бум-эрдэнэ зохиолчийн үгүүллэгүүд тийм хэв шинж рүү шилжиж байна. Сайн уу гэвэл сайн, муу юу гэвэл мэдээж муу. Учир нь хүүрнэл бол жүжгийн зохиол биш. Тэнд хөндлөнгийн үгүүлэгч л “дэглэлт” хийдэг бол хүүрнэл зохиолд хоёрдугаар биенээс “үйлийн эзний хамаарал” чухал шүү дээ. Тэр л ялгааг эс мэдэх аваас хүүрнэл ч биш, жүжиг ч биш эгнүүлээд өрсөн “харилцан яриа” хэтрэх вий. Тийм тал Т.Бум-эрдэнэ зохиолчоос анзаарлаа. Хайран сайхан гэж санахаар “хэсгүүд”-ийг хачин дэмий “чалчаа” яриагаар сулруулна. Харин С.Уууганбаяр одоохондоо “Би” дотроо эргэлдэж байна. Өөрт тохиолдсон, өөрийгөө тойрсон явдлыг л нийтлэлийн хэлбэрээр, яруу найргийн хэлээр илэрхийлэх гэж хичээжээ. “Алаг толгодын хууч/2016/ номонд нэг айдас байна. Хүн гэдэг үзэх, мэдэх, танихын тал хязгаартай амьтан. Номонд нь С.Ууганбаяр зохиолчийн үзсэн бүхэн нь барагдаад хаачихаа мэдэхгүй “эргэлзсэн” мухар булангууд олон байна. Ямар сайндаа сонгууль энэ тэрхэнд бичсэн захиалгат хөргүүдээ багтаахав дээ. Сайхан хүүхнийг муухай ааш гутаах гэгчээр сайхан эхэлсэн номыг араар нь чихсэн хэдэн сул бичлэгүүд үнэндээ “гутаав”.
Дуурлиг нарсны Хүннү булшнаас олдсон морин тэрэгний төмөр бул шиг амьдрал хийгээд цаг хугацааг эргүүлж явсан гэж биднийг хожим дурсах болно. Тэр цагт” “МАН-аас зайгаа барьсан Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулаад авсан. Нам хэмээх бүлэглэл, Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаа... гээд цааш “балайрах” С.Ууганбаярын улс төрийн сэтгэгдлүүд “Алаг толгодын хууч” л лав биш. Анги нийгмийн солиорол байх. Өдрийн нарны илчтэй хавсараад Т.Бум-эрдэнэ зохиолчийн зарим үгүүллэг нозооруулна. “Хэрээний нүдэнд хэн нэгэн буй” харахад хэлбэрийн хувьд үгүүллэг мөн. Харин барихад гарт юу үлдэхгүй агаар шиг л “хоосон” юм. “Гүйгч“ байна. Олоон жилийн өмнө багш нэг удаа хэлсэн юм. Цаг үедээ баригдсан хүн л цаг үетэйгээ дуусдаг. Т.Бум-эрдэнэ зохиолч энэ үгийг бага балчир Батхуяг хэллээ гэж саналгүй эргэн нэг бодно байгаа.
To be continuyd... Буруу зөв бичснийг минь зөвхөн бурхан л шүүг. Бусад нь бурханы тааллаар болно.
Үдшийн бодол...
Би юу анзаарав. Т.Бум-эрдэнэ “кино зохиол” бичээд, С.Ууганбаяр ”сэтгүүлч” нэртэй сэвээд ” хүүрнэл”-д хүнийрхүү хандсан гэж үү? Үгүй, ээ. Нэг л сайхан “сэтгэлийн уянга” дотроос эгшиглэнэ. Ийм сайхан монгол хэл, тийм сайхан монгол хэлтэй зохиолчид байсаар байна. Үүнээс өөр сайхан зүйл үгүй мэт санагдахад чээж нэг л саруулсаад явахыг мэдэрнэ. Т.Бум-эрдэнэ зохиолчийн “Амралт” үгүүллэгт “ Хүн ч биш юу ч биш хов хоосон, таг харанхуй дунд нэг нарийхан утас шиг юмнаас бариад авах юм. Тэгсэн тэр өөрийгөө хөлтэй, гартай бас нүдтэйг мэдэж байна” хэмээх хэсэг байдаг. Түүнтэй адил Монголын уран зохиол “хов хоосон, таг харанхуй дунд орчихсон” мэт үздэг, ярьдагуудтай би хэзээ ч санал нийлэхгүй. Нийлэх шалтгаан ч алга. Алтангэрэл агсны “Англи-Монгол толь бичиг” гараас алдууран орны өмнүүр уналаа. Өндийн аваад ширээн дээр тавихыг ч хүссэнгүй. Харин С.Ууганбаярын “Сая сумын холбооны үүдэнд өнөөх Нордовын хөл хүнд охин бүдрээд сүйд хийх шахлаа. Хэвлий рүү л шархираад явчихлаа. Одоо ч хөндүүр нь гарахгүй л байна хэмээн монийсон гараараа хэвлийгээ тэмтрэн, - Нялх амьтны заяа их юм хойно доо. Энэ сайхан тэнгэр нь дээш татаж, нутгийнх нь өв ногоо өлмийг нь түшлээ , хөөрхий” гэж хуучлах МОНГОЛ ХЭЛЭЭ л гэх бодлыг татсаар морин өртөө шиг цаг хугацаанаас нойрны хэсгээ таслан авч өмчлөв. Дуурлиг нарсны Хүннү булшнаас олдсон хаш таваг шиг ялимгүй цэхэр өнгөтэй сар тэнгэрт мэлэрнэ. Хүннүчүүдээс бидэнд юу үлдэв. Хөх тэнгэр, тэр сар, хөрс шороо, газар нутаг, эх хэл минь түүнээс өөр хэрэгтэй гэж. Үүнээс илүү хувь тавилан үгүй.
THE END... Энэхүү эсээг Англи хэлэнд зориуллаа.
Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг
2017-01-26
Сэтгэгдэл бичигдээгүй байна