Н.Алтаншагай: Хавдрын эмнэлэг баруун бүсэд байх нь хамгийн тохиромжтой

Zuv.mn
3 цаг 2 минутын өмнө

Зураг төсөл бэлэн болоогүй гэдэг үндэслэлээр 2025 оны төсвөөс хасагдсан, дэд бүтэцгүй газар төлөвлөснөөс бүтээн байгуулалт нь удаашрах нөхцөл байдалтай байсан Хавдрын хоёрдугаар эмнэлгийн барилгын асуудалд сүүлийн хоёр сард маш нааштай өөрчлөлтүүд гарсан билээ.

Эхлээд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Алтаншагай дүүргийнхээ 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэд бүтэц бүхий 12 га газрыг Хавдрын эмнэлгийн зориулалтаар олгож, ашиглалтад орох хугацааг багадаа нэг жилээр наашлуулж, дэд бүтцэд зарцуулагдах олон тэрбумын зардлыг хэмнэсэн. Дараа нь Ерөнхийлөгч Төсөвт хориг тавьж, дахин боловсруулахад зураг төсөл хийлгэх гурван тэрбум, дэд бүтэц байгуулахад шаардагдах 10 тэрбум төгрөгийн талыг нь төсөвт суулгаж, Хавдрын эмнэлэг баригдах нь тодорхой болсон.

Улмаар Ерөнхийлөгч мөн энэ асуудалд анхаарч, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ахлах зөвлөх Н.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЭЗХ-ийн төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нарыг оруулсан юм. 

Тэгвэл газрын асуудлыг шийдэж, энэ төслийг ирэх жилдээ багтаад яаралтай эхлүүлэх шийдэл гаргахад хамгийн том нөлөө үзүүлсэн Н.Алтаншагай гишүүн шинэ эмнэлгийн хажуу талд цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар дахин гурван га газар олгожээ. 

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа энэ талаар “Уг эмнэлгийг барихаар 34-р хорооны нутаг дэвсгэрт 12 га газрыг гаргахаар хөөцөлдөн шийдээд байсан бол нэмээд 3 га газар гарган цэцэрлэгт хүрээлэнтэй цогцолбор болгохоор болж, газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байгааг дуулгахад таатай байна. Улаанбаатар хотын баруун бүс, хамгийн их хүн амтай дүүргийнхээ зовлонг мэдэхийн хувьд эмнэлгийн үйлчилгээг иргэдэд маань ойртох, тэгш хүртээмж талаасаа нэг алхам урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Хот төлөвлөлтийнхөө тухайд хотын баруун бүсэд байгаа гэдгээрээ иргэдэд эмнэлгийн хүртээмж талаасаа хамгийн зөв шийдэл хэмээн төлөвлөлтийнхөн үзэж байгаа” хэмээн бичжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна