“Арева” /"Орано"/-гаас авлига авсан албан тушаалтнууд хэн бэ

Х.Батсайхан
3 цаг 32 минутын өмнө

               -“Орано” Монголын албан тушаалтнуудад авлига өгсөн хэргээ нууцалж үлдлээ-

Францын төрийн өмчит AREVA, “Orano Mining” SAS компаниуд Монголын албан тушаалтнуудад авлига өгч байсан асуудлаар улсынхаа Прокурорын газартай тохиролцоонд хүрч, 4.8 сая еврогийн торгууль төлөхөөр болсон гэсэн мэдээлэл өчигдөр цацагдаж олон нийтийн анхаарлын татлаа.  

Мэдээлэлд өгүүлснээр, Францын Прокурорын газар “Арева” группын 2013-2017 онд Монголд явуулсан үйл ажиллагааны санхүүгийн баримтыг шалгах явцдаа манай улсын төрийн өндөр албан тушаалтнуудад хахууль өгсөн байж болзошгүй сэжигтэй гүйлгээнүүдийг илрүүлсэн аж. 

Энэ нь цааш лавшруулан шалгавал зохих ноцтой хэрэг байсан ч талууд тохиролцоонд хүрч, группын зүгээс Францын төрийн санд 4.8 сая евро төлөх, гурван жил үргэлжлэх харилцах хөтөлбөр хэрэгжүүлж, зардал болох 1.5 сая еврог мөн компани төлөхөөр болсон аж. Мэдээлэлд талууд энэ тохиролцоог “Хуулийн дагуу хийсэн” гэж тодотгожээ.

Монголчуудын хувьд хамгийн чухал нь чухам хэн гэдэг албан тушаалтан Францын компаниас авлига авсан бэ гэдэг асуудал. Гэвч энэ талаар таамаглахаас аргагүй бөгөөд талуудын гаргасан мэдэгдэлд нэр ус огт дурдаагүй байв. Гэхдээ сэжигтэй гүйлгээний мөнгөн дүнг, өөрөөр хэлбэл авлигадсан байж болзошгүй мөнгөний хэмжээг тодорхой бичсэн байгаа юм.

Үүнд, Монголд хайгуулын чиглэлээр тусгай зөвшөөрөл олж өгнө гэж амалсан бизнесмэнд Eurotradia International компаниар дамжуулан 1,275,000 ам.доллар шилжүүлсэн. Энэхүү монгол бизнесмэн нь зөвшөөрөл авах ажилд биечлэн оролцоогүй ч хүлээн авсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг Монголын төрийн өндөр албан тушаалтантай холбоотой үл хөдлөх хөрөнгийн төсөлд шилжүүлсэн нь тодорхой болсон байна.

Мөн өөр нэг албан тушаалтанд 251.6 мянган евро төлсөн гэжээ.

Хайгуулын талбайн хувьд, мөн л ямар нэгэн нэр дурдаагүй ч Зөөвч Овоо ордын талбай байж магадгүй гэсэн таамгийг хэвлэлүүд дэвшүүлээд байгаа юм.

Францад болоод өнгөрсөн энэ явдлаас харахад, Монголын албан тушаалтнууд хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхдөө гадны компаниас авлига авдаг аж.

Ашигт малтмалын хайгуулын ажил нь хөрөнгө мөнгө их шаарддаг, хөрөнгө оруулагч тал эрсдлээ даадаг гэлдэг утгаараа манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой. Учир нь хайгуул хийсэн компани ажлын үр дүнгээ Үндэсний геологийн албанд хүлээлгэж өгдөг ёстой юм. 

Гэтэл улс оронд ач холбогдолтой ийм чухал ажилд амин хувийн эрх ашгаа харж, хөрөнгө оруулалтыг авлига авах хэрэгсэл болгон хайгуулын салбарын ажлыг гацааж  байдаг албан тушаалтнууд байна гэдэг үнэхээр харамсалтай. 

Төрийн албанд шударга алба хаагчид олон ч дунд нь тоглолт хийсэн, авлига санал болгодог, зуучилдаг этгээдүүд байдаг гэдгийг энэ явдал харуулж байгаа бөгөөд хуулийн мөрдөн шалгаж илрүүлэн хариуцлага тооцох нь хөрөнгө оруулалтад нэмэртэй болов уу.  

Дашрамд, Францын төрийн  өмчит "Арева" групп нь 2016 онд бүтцийн өөрчлөлт хийж нэрээ "Орано" болгон сольсон бөгөөд Монгол дахь төслийн компани ч мөн нэрээ өөрчилсөн юм.   



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.72
    1 цагийн өмнө

    Эрдэнэбулган гэж хэн бэ

    Хариулах
    • 202.9.46.72
      1 цагийн өмнө

      Болд