Саяхан даа саяхан, Монгол Улс жилд сая жуулчин хүлээж авах нөхцлийг бүрдүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж байсан. Ингэж чадаж байгаа бол сайн хэрэг. Эх орны минь онгон дагшин үзэсгэлэнт байгаль, сүрлэг алтайн уулс, нүүдэлчин түмний өнө эртний соёлтой танилцах аяллыг сонгосон гадны эрхэм зочид Монгол Улсад дахин хөл тавих хүсэл тээсээр нутаг буцах сэтгэгдлийг төрүүлэх явдал юу юунаас чухал билээ.
Түүнээс ирсэн хэдээ пургон машинд суулгаж аваад л хэдэн зуун км сэгсчүүлсний эцэст хогонд дарагдсан Эрдэнэзуу хийдээ үзүүлсэн болж, хэдэн долоо хоног ч солиогүй байж мэдэх тосонд хайрсан хуушуур амтлуулсаныгаа “Монголчуудын үндэсний хоол” хэмээн гудийх ч үгүй залчихаад Хөвсгөл далайг эрэгт дэрдэгнэсэн майханд хонуулж аваад тэндээсээ урагшлан өмнийн говь руу довтголгон мөс нь хайлсан Ёл хадны амыг үзүүлснийгээ аялал жуулчлал хэмээвэл инээдтэй хэрэг.
Гэвч бодит амьдрал дээр Монголд хөл тавьсан гадны жуулчдын 10 хүрэхгүй хувь нь үзэж харсан зүйлдээ сэтгэл хангалуун байж, үлдсэн 90 хувь нь ярвайсаар онгоцонд суудгийг нь холбогдох албаныхан мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлдэг юм уу. Хөтөч, тайлбарлагч, ариун цэврийн байгууламжийн асуудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдийн ур чадварын тухайд манай улс аялал жуулчлал хөгжсөн орнуудын адагт нь явааг хэлүүлэх юун.
Жилд аялал жуулчлалын мэргэжлээр хэдэн зуун хүн их, дээд сургууль төгсч байгаа ч тэднээс шалгуур хангасан, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь тун цөөн. Музей руу газарчилна уу гэхээс ямар музейд очих гэж байгаа юм, үүх түүхийг нь мэддэг ч үгүй, мэдэхийг ч хүсдэггүй хөтөчтэй таарч л байлаа. Нөгөөтэйгүүр, хэн хүнд анхны сэтгэгдэл гэж нэг юм бий. Сайхан бүсгүйтэй танилцаж болох ч анхны сэтгэгдлээс үерхэл нөхөрлөлийн хувь заяа шийдэгддэгтэй яг адил эх оронд хөл тавьсан харийн хүнд төрсөн анхны сэтгэгдэл Азийн цээжинд орших Монгол Улсын нэрийн хуудас болох ёстойг цаг ямарт санах ёстой байх.
Одоо миний жишээ татах зүйл маань ч бидний урилгаар Улаанбаатарт хөл тавьсан найзад маань төрсөн анхны сэтгэгдэл. АНУ-аас анх удаа хилийн дээс алхсан найз маань Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд хөл тавьтал өөдөөс нь цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд онгоцны хоолойн аман дээр угтаж. Ийм байдалтай тулгарч үзээгүй тэрбээр шууд ухарч онгоц руугаа орох гэж зүтгэсэн гэж байгаа юм. Найз маань гэрт ирсэн хойно оо, би андуураад өөр онгоцонд суугаад лалын шашинтай улсад буучихсан юм биш байгаа. Эсвэл шувууны ханиад гарсныг нь монгол найз маань нуучихсан юм болов уу гэж бодсон гэсэн.
Монгол Улсын нүүр царай олон улсын Чингис хаан зочид буудлын угтан авах үйлчилгээнээс эхлэх байх. Жуулчид хийгээд хурал, зөвлөгөөнд ирсэн зочид төлөөлөгчид онгоцны хоолойгоор гараад ирэхэд л цэргийн дүрэмт хувцастай нөхдүүд угтдаг нь тухайн улсад цэргийн онц дэглэм тогтоосон мэт сэтгэгдлийг шууд төрүүлэхээс гадна дайн дажин эс бөгөөс хүн, малын гоц халдвартай өвчин тухайлбал шувууны ханиад энэ улсад гарсан юм биш байгаа, ямар оронд хөл тавих нь энэ вэ, эндээс амьд мэнд буцдаг байгаа гэх айдаст автуулдаг юм байна. Үнэн хэрэгтээ тэрхүү цэргийн хувцастай нөхдүүд нь хилийн шалган нэвтрүүлэх болон гааль, хамгаалалтын алба, хорио цээрийн ажилтнууд байдаг аж.
Аль ч улсын хилээр нэвтрэхэд эдгээр албаар дамжин өнгөрч, визээ баталгаажуулах ёстой ч чухамдаа тэд онгоцны хоолойн аман дээр бус онгоцны буудлаас гарах хаалган дээр байдаг тул жуулчид онгоцноос буусан даруйд нэг нэгнээс айж эмээлгүйгээр үйлчилгээний байгууллагуудаар чөлөөтэй үйлчлүүлэн, олон цаг ниссэн алжаалаа тайлан амсхийж аваад буудлаас гарахад бэлддэг. Хил гаалийнхан ч зорчигчидтой тулж ажиллахаас бусад нь алсын зайнаас харьцан, шаардлагатай тохиолдолд л хүрч ирдэг шүү дээ.
Сүүлийн жилүүдэд бүхий л хяналт шалгалт цахимжиж, нүдний өмнүүр цэргийн эрээн хувцастнууд бараг л харагдахаа больсон байна лээ. Эдүгээ ашиглаж буй олон улсын “Чингис хаан” нисэх буудлын зай талбайн хэмжээнээс хамаардаг байж болох ч Шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудаа арай өөр газар байршуулж яагаад болохгүй гэж. Эцэст нь хэлэхэд, тун удахгүй ашиглалтад орох шинэ нисэх онгоцны буудлын дотоод зохион байгуулалтдаа жижиг мэт санагдаж болох ч эрхэм дарга нарын бодох ёстой зүйлийн нэг байж мэдэх угтах үйлчилгээ, цэрэгжүүлсэн албатай холбоотой асуудалд анхаарал тавих нь хожмын үйлд хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин, Ч.Чулуунцэцэг
Сэтгэгдэл бичигдээгүй байна