Сентерра гоулд компанийг эрхийг цуцлуулах шүүх хурал хойшилжээ

2017/01/26
 "Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл шүүхийн шатанд очоод байгаа. Тодруулбал "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулахаар шүүхэд хандсан.

Эл асуудал хэрхсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга н.Батмагнайгаас тодруулахад “Хэргийн шүүх хурал энэ сарын 23-ны өдөр товлогдсон ч Сентерра гоулд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг ирэх хоёрдугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар дахин хойшилсон байгаа. Өмнө нь ч мөн нэхэмжлэгч тал, хариуцагч тал ээлжилж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьж байсан. Үүнээс болоод асуудал удааширч байгаа” гэх хариулт өглөө.

Өнгөрсөн оны зургадугаар сарын 6-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаас нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засгийн газрыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай хэмээн үзсэн байдаг.

Уг асуудалд УИХ-ын гишүүн асан Г.Уянга нэлээд анхаарал хандуулж байгаа бол өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас Сентерра гоулд компанитай хэлэлцээ хийх Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл эл асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна