Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.
Вьетнам улсад аялах хүсэлтэй иргэд www.immigration.gov.vn хаягаар цахим мэдүүлгийг үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр паспортын хувь хүний мэдээлэлтэй хуудсыг хуулбарлан оруулах бөгөөд визний 25 ам.долларын хураамжийг шилжүүлснээр тухайн виз мэдүүлэгч иргэн мэдүүлгийн нууц дугаар хүлээн авах юм байна.
Вьетнамын Цагаачлалын алба гурван хоногийн дотор мэдүүлгийг хянан үзэж, цахим виз олгоно. Харин виз олгоогүй тохиолдолд мэдүүлгийн 25 ам.долларыг буцаан олгохгүй аж.
Цахим визтэй иргэд тус улсын агаарын найман боомт, хуурай замын 13, усан замын долоон, нийт 28 хилийн боомтоор нэвтрэх гэнэ.
С.Гэрэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна