Ким Чен Нам дүүгээсээ тайван амьдруулахыг хүсч байжээ

2 цаг 36 минутын өмнө
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам Малайзын нисэх онгоцны буудал дээр хүнд алуулжээ. Түүн рүү үл таних хоёр эмэгтэй хортой зүү барин халдсаны улмаас амиа алдсан гэнэ. 
Хэрэгтнүүд халдлага үйлдсэн даруйдаа хэргийн газраас зугтжээ. Малайзын хууль сахиулах байгууллагынхан ч амиа алдсан хүнийг БНАСАУ-ын иргэн Ким Чен Нам мөн гэж баталж байна. Селангор мужийн цагдаагийн газрын дарга Фадзил Ахмат “Тэрээр орон нутгийн цагаар 10:00 цагт нисэх Макаогийн нислэгийг хүлээн хоёрдугаар терминалд байрлаж байсан. Тухайн хүн газар дээрх албаны ажилтнуудад толгой нь маш их эргэж байгаа тухай хэлж, танихгүй хүн нүүр рүү нь шингэн зүйл цацаад зугтсан гэж мэдээлсэн” хэмээн ярьжээ. 

Ким Чен Нам гэж хэн бэ

Ким Чен Нам нь БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү. Түүний эх нь Хойд Солонгосын алдарт жүжигчин Сон Хе Рим юм.
 
Тэрээр 1971 оны тавдугаар сарын 10-нд Пхеньянд төрсөн. Хэвлэлүүдэд мэдээлснээр Ким Ир Сен хүү Ким Чен Ирийнхээ жүжигчин бүсгүйтэй холбогдсоныг хүлээн зөвшөөрдөггүй байсан болохоор Ким Чен Намыг төрсөн тухай мэдээллийг 1975 он хүртэл нуусан гэдэг. Гэвч удалгүй Ким Чен Ир, Сон Хе Рим нар салсан юм. Зарим баримтаас үзэхэд Сон Хе Рим 1980-аад оноос Москвад амьдарч, сэтгэцийн өвчнөө эмчлүүлсээр 2002 онд өөд болсон гэлцдэг. 

Харин өнөөгийн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нь Ким Чен Ирийн хоёр дахь эхнэр Ко Ён Хигээс төрсөн бөгөөд Ким Чен Намтай эцэг нэгтэй ахан дүүс юм. Ким Чен Ун, Ким Чен Нам нар Швейцарьт боловсрол эзэмшсэн. 

2000-аад онд Ким Чен Ирийн биеийн байдал эрс муудах үед шинжээчид түүнийг ууган хүү Ким Чен Намдаа төрийн тэргүүний суудлаа шилжүүлэх байх гэж таамаглаж байлаа. Гэвч БНАСАУ-д удирдлагуудын дотор улс төрийн тэмцэл өрнөж, Ким Чен Нам эцгийнхээ суудлыг залгамжлах эрхгүй болсон юм. Магадгүй энэ нь 2001 оны зун болсон үйл явдалтай ч холбоотой байж мэднэ.

Тухайн үед Ким Чен Нам эхнэр, хүүхэдтэйгээ Токиогийн нисэх онгоцны буудалд баригдсан билээ. Японы засаг захиргаа түүнийг Доминиканы хуурамч паспортоор хил нэвтрэхийг оролдсон хэргээр буруутгасан. Гэтэл тэрээр Токиогийн Диснейлэнд л орох зорилготой явсан гэжээ. Энэ явдлаас болж тэрээр Хятад руу нутаг заагдсан билээ. 

Зарим хэвлэлд түүнийг 2003 оноос Макао, Шанхайд амьдарч эхэлсэн гэж мэдээлдэг. 2012 онд Японы сэтгүүлч Ёжи Гоми Ким Чен Намтай 2004 оноос хойш захидлаар харьцсанаа ном болгон хэвлүүлсэн. Уг захидлууддаа Ким Чен Нам эцгийнхээ бодлогыг байнга шүүмжилж байжээ. Тухайлбал, тэрээр Пхеньяны дэглэм Солонгосын эдийн засгийг хэтэрхий их цагдан хорьсон гээд БНАСАУ-ын энэ байдал тун удахгүй засарна гэж бодож явдаг гэжээ. 
2012 онд Британийн хэвлэлээр Ким Чен Намыг Макаогоос гарч, Сингапурт нүүж ирэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн. Учир нь тэрээр БНАСАУ-ын тусгай албаныхны халдлагаас эмээж байсан гэдэг. 

Ким Чен Унд бичсэн захидал

Ким Чен Нам 2012 онд эцэг нэгтэй дүү, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ундаа өөрийнх нь болон гэр бүлийнхнийг нь оролдохгүй байхыг хүссэн захидал илгээж байжээ. Энэ талаар БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал Ли Бён Хо парламентын гишүүдийн сонсголын үеэр мэдээлсэн байна. 

“Ким Чен Нам Хойд Солонгосын засгийн эрхэнд грсан дүүдээ хандаж, өөрөө ч, үр хүүхдүүд нь ч засгийн төлөө шунахгүй, БНАСАУ-аас гадуур зүгээр л тайван амьдармаар байна гэж мэдэгдсэн” хэмээжээ. Үүнээс гадна Ким Чен Намын салсан эхнэр Бээжинд хүүтэйгээ амьдардаг бол хоёр дахь эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ Макаод байдаг гэжээ. Тэднийг Хятадын талаас хамгаалж байгаа аж. Ким Чен Намын хувьд Өмнөд Солонгосоос орогнол огт хүсч байгаагүй, найз нөхдийнхөө ийм зөвлөгөөг авч үздэггүй байсан гэнэ. 

Өмнөд Солонгосын тагнуулын газрынхны мэдээлж буйгаар БНАСАУ-ын тусгай албаныхан сүүлийн таван жилийн турш буюу Ким Чен Уныг засгийн эрхэнд гарсан цагаас эхлэн Ким Чен Намыг ангуучилж байсан боловч Хятадын талын хамгаалалт энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж байсан гэнэ. Харин Малайзын нисэх онгоцны буудалд алуурчдад таатай боломж олдсон бололтой. 

Аллагад сэжиглэгдэж буй эмэгтэйн бичлэг камерт үлджээ

Куала-Лампурын нисэх онгоцны буудлын ажиглалтын камерт Ким Чен Намын үхэлд холбоотой байж болзошгүй эмэгтэйн бичлэг үлджээ. “The Star” сонинд “Бичлэгийг томруулбал дунд эргэм насны, ази царайтай эмэгтэй тод харагдана. Энэ эмэгтэй цагаан цамц, богино хөх банзал өмссөн бөгөөд мөрөндөө жижиг цүнх үүрсэн байсан” хэмээн бичжээ. 
Цагдаагийн газрынхан нисэх онгоцны буудал дээрх аллагатай холбогдуулан мөрдлөг шалгалт явуулж, ажиглалтын бүх камерын бичлэгийг хянаж байна. Хэвлэлүүдэд бичиж буйгаар Ким Чен Намыг БНАСАУ-аас гаралтай байж болзошгүй хоёр эмэгтэй хордуулсан байх магадлалтай гэнэ. 
Пхеньян, Куала-Лампурын хооронд визгүй зорчдог аж. 

Ким Чен Нам амиа алдсан тухай чанга яригчаар мэдээлнэ

БНАСАУ-ын хэвлэлүүд Ким Чен Уны ууган хүү Ким Чен Намыг амиа алдсан тухай нэг ч үг цухуйлгахгүй байна. Энэ талаар албан ёсны төлөөлөгчдөөс нэг нь ч ам нээгээгүй аж. Өдгөө Пхеньян болон Хойд Солонгос даяар өнөөдөр болдог үндэсний их баяр буюу Ким Чен Ирийн төрсөн өдөрт идэвхтэй бэлтгэсээр байв. Баярын ёслолын талаарх мэдээлэл л хэвлэлүүдэд нь илүүтэй цацагдаж байгаа аж. 

Ерөнхийдөө хилийн чанадад удаан хугацааны турш амьдарч байсан Ким Чен Намын тухай ард иргэд нь бараг мэддэггүй гэнэ. 

Гэхдээ Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын үхлийн талаар хил дээрх чанга яригчаараа БНАСАУ-д мэдээлэхээр болжээ. Энэхүү мэдээ нь хойд солонгосчуудад удирдагч Ким Чен Ун нь ямар харгис хүн болохыг ухааруулна гэж үзэж байгаа юм байна. 

Цэрэггүй бүсэд орших чанга яригч нь Өмнөд, Хойд хоёр Солонгосын суртал ухуулгын дайны нэг хэсэг юм. Салхигүй, тогтуун сайхан өдөр чанга яригчны дуу 20 км-ийн цаана ч сонсогддог бөгөөд дунджаар долоо хүртэлх км-т мэдээллийг тод хүргэдэг байна.

Эх сурвалж:Өглөөний сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна