Кимийн үхэл ба Умард Солонгосын худалдаа

2017/02/23
Малайзын нийслэлд Умард Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах алагдсан явдал хоёр улсын хооронд ширүүхэн дипломат зөрчил үүсгэлээ. Үүнээс гадна Пхеньяны Зүүн Өмнөд Азийн орнуудтай хийдэг худалдааны түвшнийг тодотгож өгөв.

Бүс нутгийн орнууддад “Пхеньян” хэмээх нэртэй сүлжээ ресторан ажиллаж, зочдыг кимчи, хүйтэн гоймонгоор дайлах завсар Умард Солонгос бүсгүйчүүд Кимийг магтсан ая дуу өргөдөг. Камбожид Ангкор музейг засварлан нээх төслийг Пхеньян хариуцсан зэрэг нь тусгаарлагдсан дэглэм найз нөхдийнхөө хүрээг өргөтгөж, хатуу валют олох оролдлогын илрэл юм.

Умард Солонгос Зүүн Өмнөд Азийн бүс рүү хандсан нь олон улсын хоригийг зөөллөх аргын нэг. Сингапурт байрладаг далайн тээврийн компаниудыг Умард Солонгос руу зэвсэг хүргэсэн гэж буруутгажээ. Тэдгээрийн нэг болох Chinpo Shipping компани өнгөрсөн онд Сингапурын шүүхээс шийтгэл хүлээж, Умард Солонгосын зэвсэглэлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлсэн байж болох санхүүгийн шилжүүлэг хийсэн хэргээр 127000 ам.долларын торгуульд унажээ.

Даваа гарагт Малайзын тал Пхеньянаас Элчин сайдаа татсаны дээр Умард Солонгосын Элчин сайдыг дуудан ирүүлж, анхааруулга өгсөн байна. Умард Солонгосын удирдагчийн ах Ким Жон Намын алагдсан хэрэг ийнхүү хоёр орны харилцааг нэн хурцатгав. Пхеньян түүний цогцост задлан шинжилгээ хийхийг саатуулах оролдлого хийж, шарилыг тус улсад шилжүүлэн өгөхийг шаарджээ. Малайзын албаныхан мөрдөн байцаалт явуулна гэдгээ нотолсон авч Кимийн шарилыг хамгийн ойрын хамаатанд нь шилжүүлэн өгөх нь зүйтэй гэж мэдэгдсэн байна.

Өнөөг хүртэл Умард Солонгос Малайзтай найрсаг харилцаатай явж ирсэн. Малайз тус улстай визгүй зорчих гэрээ байгуулсан дэлхийн цорын ганц орон. Сингапур бас визгүй байсан авч өнгөрсөн онд цөмийн туршилтын улмаас Умард Солонгосын эсрэг авсан НҮБ- ын хориг арга хэмжээний дараа харилцан зорчих нөхцөлөө чангатгажээ. Умардынхан орлогоо нэмэгдүүлж, гадаад дүр төрхөө сайжруулахын тулд Малайзын нийслэл Куала Лумпурыг сонгон Зүүн Өмнөд Ази, Энэтхэгээс жуулчин татах үүд хаалга болох оффисоо нээсэн юм.

Малайзын Борнео аралд байрлах Саравакийн уурхайг барихад Умард Солонгосын туршлагыг ашиглаж буйн зэрэгцээ ажиллагсдынх нь 80 хувийг солонгосчууд бүрдүүлж байна. Түүнчлэн бартерын гэрээний дагуу Малайз улс Умард Солонгосоос импортолсон бордоог ашиглаж, Азид ихээхэн түгээмэл наргилын тос үйлдвэрлэдэг. Хоёр талын худалдаа түргэн өсөж байгаа боловч нийт хэмжээ багавтар, 2015 оны байдлаар таван сая орчим ам.доллар байв.
Шинжээчдийн дүгнэснээр Малайз худалдааны боломж хийгээд уламжлалт эвсэлд үл нэгдэх бодлогоо түшин Пхеньянтай харилцаагаа хөгжүүлдэг аж. Сөүл дэх Асаны хүрээлэнгийн Зүүн Өмнөд Азийн асуудлаар шинжээч Ли Жаехион “1960-70 онд Хойд Солонгос бүс нутгийн коммунист дэглэмүүд болон эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнтэй ойр харилцаатай байсан. Пхеньян нээлттэй бодлого хэрэгжүүлбэл Малайз эдийн засгийн үр ашиг харан харилцахад бэлэн” гэж ярьсан байна. Хоёр Солонгосын хооронд гүүр болохыг эрмэлзэж буй Малайз, Индонезээс өөр улс Пхеньянтай ойртохыг нэг их хичээхгүй байгаа бололтой.

Камбожийн хаан агсан Сианук Хойд Солонгосоос бие хамгаалагчдаа авч, тус улсын анхны удирдагч Ким Ир Сентэй сайн харилцаатай байв. Шинжээчдийн хэлснээр Сианук агсан гадаадаас бие хамгаалагч ирүүлж байсан нь дотоодын улс төрийн зөрчилтэй үед өөрийн хүмүүст үл итгэсний нотолгоо гэдэг. Тэдгээр бие хамгаалагчдын талаар Пном Пений нэг оршин суугч ярихдаа “Тэд киноноос гараад ирсэн мэт хар хүрэм, цагаан цамц, хар зангиатай хүмүүс байсан” хэмээн дурсчээ. Камбожид байрладаг Хойд Солонгосын Мансуда хэмээх урлан болон Ангкор сүмийг сэргээн засварлаж байгаа.

Үүний дотор сүмийн түүхийг харуулсан 123 метр өргөн тосон будгийн зургийг Умардын зураачид бүтээжээ. Энэ урлангийн уран бүтээлчид дэлхий даяар хөшөө, музей барих ажилд оролцдог. Хэвлэлд бичсэнээс үзвэл Пхеньян 2011 онд татан буугдсан Мьянмарын цэргийн дэглэмийн үед тийш зэвсэг нийлүүлж байсан гэж бичсэн байдаг.

Гэхдээ АНУ- ын албадын үзэж буйгаар одоо уг харилцаа Мьянмарын цөөн офицерийн хувьд хэвээр үлдсэн авч цэргийн дээд тушаалынхан болон иргэний Засгийн газар оролцдоггүй юм байна. Ийм харилцаа хэвээр байгааг нотлох нэг баримт бол 2015 онд Мьянмарын засаг захиргаа Sony Pictures-ийн бүтээсэн Ким Жон Уны аминд халдах оролдлогын тухай инээдмийн киноны хууль бус хуулбаруудыг хураан авсан явдал юм. Умард Солонгосын албаныхан уг кино зах зээлд чөлөөтэй зарагдаж байгааг хараад эсэргүүцэл илэрхийлсний дараа дээрх арга хэмжээг авчээ.

Эх сурвалж:Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна