ТӨСӨВ 2026: Эдийн засгаа сэргээх үү, элгээр нь хэвтүүлэх үү

С.Гандэлгэр
3 цаг 4 минутын өмнө

Г.Занданшатарын Засгийн газар хуулийн хугацаандаа буюу 9-р сарын 1-нд ирэх оны улсын төсвийн төслийг өргөн барьж, өчигдөр /2025.09.02/ мэдээлэл хийлээ. 

Ирэх оны төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 33 их наяд буюу 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна. 

Макро эдийн засгийн нөхцөл байдлын хувьд худалдааны дайн намжсан, БНХАУ-ын эдийн засаг тооцоолсноос өндөр дүнгээр өссөн зэрэг нь эерэг тал болж буйг тэрбээр онцолсон юм. 

Хамгийн том мега төсөл

Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлдээд хүний хөгжил бол хамгийн том мега төсөл байх болно хэмээн мэдэгдсээр байгаа. Үүнийгээ ч ирэх оны төсөвт суулгасан хэмээн хэлж буй. 

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 211.6 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 89.5 тэрбум төгрөг буюу 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн байна. 

Мөн боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум, гадаадын зээл тусламжаар 593.6 тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөгийг ирэх оны төсвийн төсөлд тусгажээ. 

НӨАТ

Удтал яригдсан татварын шинэчлэлийн эхлэл болгож НӨАТ-ыг бууруулах тодорхой заалтууд хуулийн төсөлд суужээ. Тодруулбал, 

  • 2026 оноос сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад ногдох НӨАТ-ын 50 хувийг,  1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгох,
  • 2027 оноос эхлэн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь, 500 мянгаас нэг сая бол 50 хувь, 1 саяас дээш бол 20 хувийг буцаан олгож байхаар тусгасан байна.

Гэсэн ч ААНОАТ, ХХОАТ-т өөрчлөлт оруулаагүй нь бизнес эрхлэгчдэд хүнд туссаар байгаа юм. 

Эрчим хүч

Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд уг салбарт 2026 онд нийт 3.9 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнд, 

  • улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 347.4 тэрбум төгрөг, 
  • гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар 522.1 тэрбум төгрөг, 
  • төр хувийн хэвшлийн түншлэлээр 351.8 тэрбум төгрөг, 
  • бондын санхүүжилтээр 150 тэрбум төгрөг, 
  • хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2,566.3 тэрбум төгрөг буюу нийт 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр болсон байна. 

Үүний үр дүнд, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг 3,515 мянган МВт.ц-аар, төвлөрсөн дулаан хангамжийн хүчин чадлыг 112 МВт-аар тус тус нэмэгдүүлнэ. Ингэснээр цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн амын хувь 99.7 хувьд хүрч нэмэгдэх ба импортын цахилгаан эрчим хүчийг 663.4 мянган МВт.ц- аар бууруулна.

Засаглал

  • Алдагдалтай ажилладаг 22 төрийн өмчийн компанийг татан буулгах,
  • Чиг үүргийн давхардлыг арилгах, 
  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон нийтийн статустай болгож, бүтцийн өөрчлөлт хийх зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөн байна. 

2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 3,267.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Үүний 78 хувь нь барилга байгууламж, 22 хувь нь их засвар, тоног төхөөрөмж, ТЭЗҮ, зураг төсөв зэрэгт зориулагдах юм байна. 

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 

27.6 хувь нь зам тээврийн салбарт буюу 902.8 тэрбум төгрөг, 

13.7 хувь нь боловсролын салбарт буюу 448.0 тэрбум төгрөг, 

9.8 хувь нь эрчим хүчний салбарт буюу 322.4 тэрбум төгрөг, 

6.5 хувь нь эрүүл мэндийн салбарт буюу 211.6 тэрбум төгрөг, 

5.2 хувь нь соёл, спорт, аялал жуулчлалын салбарт буюу 169.4 тэрбум төгрөг санхүүжихээр байгаа аж. 

 Харин гадаад зээл, тусламжийн ашиглалтыг гадаад зээлийн 74 төслийн 1,542.4 тэрбум төгрөг, тусламжийн 24 төслийн 365.0 тэрбум төгрөг, нийт 1,907.4 тэрбум төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг тусгасан байна. 

Зээл, тусламжаар санхүүжиж байгаа төслүүдийн хувьд ихэнх нь эрчим хүч, авто зам, орон сууцны төслүүд байна.  

Үүнээс Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд  207.7 тэрбум төгрөг, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд 99.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дээрх төслүүд гадаад зээлээр санхүүжиж байгаа чтөсвийн хязгаарлалт болон эдийн засгийн ач холбогдол багатай төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд байгаа учраас зээлийн ашиглалт тун бага байна. 

Жишээ нь газрын тос боловсруулах үйлдвэр 1.7 сая ам.долларын төсөвт өртөгтэй бөгөөд ашиглагдаагүй зээлийн үлдэгдэл 4 их наяд 983 тэрбум байна. Үүнээс харвал өндөр дүнгээр зээл асван ч зээлийн ашиглалтгүй учраас хүү төлөөд л, төслийн ашиглалтад орох хугацаа хойшилсоор л байна гэсэн үг. 

Эндээс харвал олон салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа ч эдийн засаг, стратегийн чухал ач холбогдолтой төслүүддээ хангалттай хөрөнгө оруулалт тавихгүй байгаа юм. 

Газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд дотоодын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой гэж байгаа. Гадагшаа чиглэж байгаа их наядаар хэмжигдэх мөнгөн дүнг дотооддоо үлдээнэ гэсэн үг. 

Эрдэнэбүрэн болон бусад эрчим хүчний төслүүд ч эдийн засаг болон стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм. 

Харин нөгөө талд ирэх оны төсвийн төсөл дээр спортын төв, заал, соёлын төв, театрын барилгын төслүүд олон бий. Бүр 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй "Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/-ыг дурдаж болно. Анхны төсөвт өртөг нь 10.5 тэрбум төгрөг байсан бол одоо 32.9 тэрбум төгрөг болтлоо нэмэгджээ. 

Эрсдэл 

Манай улсын эдийн засаг уул уурхайн цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай бөгөөд энэ салбарын дам нөлөө ч үлэмж их байна. Мөн сүүлийн таван жилийн дунджаар нийт экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаар бүрдүүлж байна. Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ямар байгаагаас манай улсын эдийн засаг хамаардаг гэсэн үг. Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, экспорт тасалдах эрсдлийг тооцоолоогүйн горыг энэ онд бид амсаж байна. 

Энэ онд нүүрсний үнэ огцом уналтад орж сүүлийн 15 жилийн доод түвшинд хүрсэн бөгөөд биетээр гаргах нүүрсний хэмжээ буурсан нь төсвийн орлого тасалдах эрсдэлд хүргэсэн цаг саяхан. Мэдээж сүүлийн саруудад худалдан авалт нэмэгдэж, нүүрсний үнэ нэмэгдсэн нь эдийн засагт маш том нөлөө үзүүлсэн юм. 

Ирэх оны төсөвт нүүрсний үнийг 70 ам.доллар байхаар төсөөлсөн бөгөөд 90 сая тонныг экспортолно гэж тооцоолсон байна. Ирэх онд нүүрсний үнэ тогтвортой байна гэж байгаа ч энэ эрсдлийг тооцож, нүүрсний үнийг 70 ам.долларт барьсан нь энэ удаагийн улсын төсвийн ололт байлаа. 

3.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа нь ч нэлээд өндөр бөгөөд дийлэнх нь эдийн засгийн эргэлтэд орохгүй хатуу дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт ихээр хийж байгаа нь сөрөг тал нь болж буй. 

Хэт тэлсэн төсөв эдийн засагт халтай гэдгийг сүүлийн жилүүдэд судлаачид, эдийн засагчид хэлсээр байгаа. Түүнчлэн эдийн засгаа солонгоруулах, орлого олох төслүүдэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.