Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулсны дараах дөрвөн асуулт
Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх авлигын хэрэгт орооцолдоод байсан Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулав. Ийнхүү ардчилсан зарчмаар сонгогдсон анхны эмэгтэй лидер авлигын хэргээр шүүгдэж магадгүй болжээ. Хойд Солонгос, Хятадтай харилцаа хурцдаж, өмнөдүүд АНУ-тай хамтран цэргийн хээрийн сургууль хийсэн шуугиантай үед тэрээр огцорч байна. Өмнөд Солонгост юу болж байна вэ? Пак Гын Хэгийн огцролтын дараа улс орон, бүс нутагт юу болж болох вэ?
-Яагаад ийм юм болов?
-Ерөнхийлөгчийг авлигын хэргээр улс төрийн хариуцлагад татах парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх баталлаа. Энэ хэрэгт түүний дотны найз эмэгтэй Чой Сун Сил бас холбогджээ. Пак Гын Хэ Өмнөд Солонгосын том компаниудыг дарамталж, Засгийн газарт хандив өргүүлэхийн тулд найз эмэгтэйтэйгээ зөвлөлдөж шийдвэр гаргадаг байсан гэж байна. Хоёр эмэгтэй ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлж байгаа аж. Чой Сун Сил Сөүлийн төрд ямар нэг албан тушаал хашдаггүй ч албаны, нууц баримт бичигтэй чөлөөтэй танилцдаг байжээ. Парламент дээрх санал хураалтын дараа Пак Ерөнхийлөгчийн эрх мэдлээ алдсан бол одоо халдашгүй дархан эрхээ алдаж шүүхэд дуудагдаж магадгүй боллоо. Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт “Экс Ерөнхийлөгч ард түмний итгэл найдвараас урвасан. Хуулийг ноцтой зөрчсөн” хэмээн мэдэгджээ.
-Одоо юу болох вэ?
-Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгчийг 60 хоногийн дотор сонгох ёстой. Нэр дэвшигчид ч бараг бэлэн болоод байна. Пак Гын Хэгийн консерватив намынхан түүнийг дэмжигчид болон түүнээс зайгаа баригчид гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
Сүүлийн судалгаагаар, 2012 онд Пактай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан Ардчилсан намын дарга Мун Жае Ин дараагийн төрийн тэргүүнээр сонгогдох магадлалтай болж ирэв. Пак Гын Хэ авлигын хэрэгт орооцолдохын хэрээр Мун Жаегийн нэр хүнд дээшилсээр байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Хван Ко Ан өмнөх Ерөнхийлөгчийн засаг захиргаанд хэтэрхий ойрхон хүн гэдгээрээ Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал багатай байна. Консерватив намынхан энэ хугацаанд эргэн сэргэж Ардчилсан намын эсрэг дорвитой эсэргүүцэл үзүүлж чадна гэдэгт тоймчид эргэлзэж байна.
-Экс Ерөнхийлөгч шүүхэд дуудагдах уу?
-Магадгүй. Өмгөөлж хамгаалж байсан халдашгүй дархан эрх нь байхгүй болсон тул одоо түүнийг нягт мөрдөн шалгахаар болж байна. Түүний найз Чой Сун Силийг авлигын хэргээр шалгаад эхэлсэн. Samsung-ийн өв залгамжлагч Ли Жае Ён мөн улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор Пак Гын Хэгийн дарамт шахалтаар Чой Сун Силийн буяны санд ихээхэн мөнгө хандивласан хэргээр шалгагдаж байна. Экс Ерөнхийлөгчийг ихээхэн хэмжээний авлига авсан хэмээн үзэж байгаа аж. Samsung корпорац Чойн санд 36 сая доллар хандивласан гэж байна. Өмнөд Солонгосын томоохон компаниудын захирлууд мөн хандивыг сая саяаар нь өгч байсан бололтой. Ийнхүү Өмнөд Солонгос дуулиан, шуугианаар дүүрэн байгаа ч тус улсын ардчилал тогтвортой, эдийн засаг нь хүчтэй хэвээр байна.
-Бүс нутагт ямар өөрчлөлт гарах вэ?
-Хүйтэн дайны үеийн Өмнөд Солонгосын цэргийн дарангуйлагч Пак Гын Хэгийн охин Пак хойд хөршийнхөө өдөөн хатгалгыг хатуу сөрөн зогсч, Вашингтонтой илүү ойртон нөхөрлөж байлаа. Өмнөд Солонгосыг Пхеньяны довтолгооноос хамгаалахын тулд АНУ энэ долоо хоногт пуужингийн хамгаалалтын нүсэр системийг Өмнөд Солонгос руу илгээж эхэлснээ мэдэгдэв. Хятад улс үүнд дургүйцэж буйгаа мэдэгдсэн бол, АНУ аюулгүй байдлаа хамгаалахын тулд Ази дахь цэргийн нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгтэй болсон гэв. Одоо Пак Гын Хэ огцорсон тул эрх мэдэлд гарч ирэх магадлалтай Ардчилсан намынхан хойд хөршийнхөө зүг илүү аядуу, зөөлөн бодлого баримтлах нь тодорхой.
Ардчилсан намын лидер Мун Жае Ин Сөүлийн лидерээр сонгогдвол Хойд Солонгостой улс төрийн харилцааг түлхүү сэргээж байсан “Нарны бодлого”-ыг сэргээх магадлалтай байна. Пак Гын Хэ огцорсны дараа Хойд Солонгос тэр даруй мэдэгдэл хийж, экс Ерөнхийлөгчийг “Ердийн гэмт хэрэгтэн” хэмээн нэрлэжээ. Өмнөд Солонгосын шинэ Засгийн газрын бодлогоос хойд хөршийн ааш авир ихээхэн хамаарна хэмээн ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж:Зууны мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна