BBC тв-ийн шууд эфирээр цацагдсан хүүхдүүдийн бичлэгт Роберт Келли тайлбар хийжээ

2017/03/15
Өнгөрөгч баасан гарагт Америк болон дэлхий даяар нэгэн бичлэг асар хурдтай тархаж цахим ертөнцийг утгаар нь байлдан дагуулаад байсан юм. Уг бичлэгт Зүүн Ази судлаач профессор Роберт Кэлли Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хегийн асуудлаар BBC телевизийн шууд эфирт мэдээлэл өгч байх үед өрөөнд нь хүүхдүүд нь орж ирж байгаа нь бичлэгт үлдсэн юм. Тухайн үед шар цамцтай бяцхан охин өрөөнд орж, араас нь тэрэгтэй бяцхан жаал өрөөнд орж ирсэн юм. Удалгүй нэг эмэгтэй өрөөнд сандран орж ирж хүүхдүүдийг өрөөнөөс шуурхай авч гаран хаалгыг хаасан үйл явдал болж өнгөрсөн юм. Үүнийг үзсэн цахим хэрэглэгчдийн дунд хүүхдээ түлхэж унагасан эцэг, хүүхдүүдийг чирж гарсан эмэгтэй гэх мэт сөрөг хандлагууд их байсан ч дийлэнх хүмүүс хүүхдүүдийг өхөөрдөж эерэг сэтгэгдлүүдийг илэрхийлж байв. 



Тэгвэл Кэллигийн гэр бүлийн зүгээс уг бичлэгийн талаар тайлбар хийн Кэлли Марион, 8 сартай хүү Жэймс эхнэр Кимийгээ танилцуулсан юм. Роберт Кэлли “Би тухайн явдлын дараа юу хийхээ мэдэхгүй хэцүү байдалд орсон. Энэ асуудлаар тайлбар авахаар олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандаж эхэлсэн. Бүр зарим нь АНУ-ын Кливлэнд хотод амьдардаг аав ээжээс маань хүртэл тайлбар хүссэн байсан. Би энэ явдлын дараа BBC телевизид уучлалт хүссэн захидал илгээсэн. Бичлэгээс болж бидний хүүхдүүдийг шоолох вий гэж санаа зовинож байсан. Гэхдээ хүмүүс үүнийг төсөөлж байснаас эерэгээр хүлээн авсанд нь баярлаж байна” хэмээгээд “Хэрвээ анзаарсан бол шууд эфирийн үеэр алдаа гарсан хэдий ч би инээдээ барьж ядаж байсан. Тэр үед эхнэр маань цаг алдалгүй орж ирж хүүхдүүдийг авч гаран “аварсан”.  Хүмүүс бидний талаар ярьж хөгжилдөж байгаад нэг их эмзэглэхээ больсон. Энэ жирийн нэгэн гэр бүлийн амьдрал шүү дээ” хэмээжээ.
 

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна