​Bentley компани анхны цахилгаан автомашинаа танилцууллаа

2017/03/15
Geneva Motor Show 2017 үзэсгэлэн дээр Bentley компани шинэ төрлийн EXP 12 Speed 6E Concept хэмээх 2 хүний суудалтай цахилгаан автомашинаа танилцууллаа. Тус компаний захирлуудын зөвлөлийн дарга Вольфганг Дюрхаймер цахилгаан автомашин гэдэг заавал дугуйтай хөргөгч шиг харагдах шаардлагагүй харин ч илүү сэтгэл хөдөлгөм, тачаангуй эмэгтэй шиг л харагдах ёстой гэжээ.  Мөн тэрээр цахилгаан автомашины үйлдвэрлэлийг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул Bentley EXP 12 Speed 6E Concept загварын дизайны тал дээр аливаа шүүмжлэлийг анхааралтай сонсох болно хэмээн тайлбарлажээ.


 
Уг машины төв консол нь нумарсан том OLED мэдрэгчтэй дэлгэцээр тоноглогдсон бөгөөд үүн дээр жолоодлогын систем, цаг агаарын хяналтын систем болон мультимедиа системийн виртуал товчлууруудыг харж болох ажээ.  Зорчигчийн хувьд тусдаа дэлгэцтэй байх ба үүнийг олон нийтийн сүлжээн дэх бичлэг үзэх, шуудангаа шалгах зэрэгт ашиглах боломжтой. 



Техникийн үзүүлэлт буюу зай хураагуурын багтаамж, хүч болон нэг удаагийн цэнэглэлтээр хэдэн км зам туулах зэрэг мэдээллүүд одоогоор тодорхойгүй байгаа ч Bentley компаний зүгээс тус автомашиныг нэг удаа цэнэглээд Лондон хотоос Парис хүртэл, эсвэл Миланаас Монако хүртэл явж чадна хэмээн баталж байгаа ажээ. Хэрэв энэхүү загварыг олноор үйлдвэрлэж эхэлбэл хамгийн түрүүнд Хятадын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

А.Хатангоо  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна