Жил бүр 10 минж нэмж нутагшуулна

2017/03/24
БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, нийслэлийн ЗДТГ, Минж нутагшуулах, үржүүлэх төвтэй хамтран “Минжтэй танилцъя” өдөрлөгийг лхагва гарагт зохион байгуулав. Байгальд тавьсан минжнүүд амжилттай нутагшиж байгаа гэсэн сайхан мэдээг албаны хүмүүс энэ үеэр дуулгалаа. 

Монголд минж нутагшуулж, үржүүлэх төсөл эхлүүлж, Баянзүрх дүүргийн нутаг Гачуурт тосгонд үржүүлгийн газар байгуулсан нь таван жилийн өмнөх явдал. Энэхүү төсөл үр дүнгээ өгсөн нь өдгөө Монголд 170 гаруй бүл минж бий гэсэн тооноос харагдаж байна. “Минж нутагшуулах, үржүүлгийн газар”-т одоогоор 30 гаруй бүл минж байгаа бөгөөд өнгөрсөн жил байгальд 12 хосыг нутагшуулжээ.

Минж үржүүлгийн газар 30 гаруй бүл минж бий 

Манай улс минжийг ХБНГУ болон ОХУ-аас авчирч, тоо толгой нь нэмэгдэхэд Булган, Туул зэрэг хэд хэдэн голд нутагшуулдаг аж. Гол усны инженер гэгдэх тус амьтныг гадаадаас авчрахад үнэ хөлс төлдөггүй бөгөөд зөвхөн тээврийн зардал гардаг байна. Одоогийн байдлаар Ховд, Тэс, Туул голд “усны инженер”-ийг нутагшуулжээ.

Дэлхийд Хойд Америкийн болон Евразийн гэсэн хоёр зүйл минж байдаг. Хойд Америкийн минж 60 сая хүрч байсан ч 1988 он гэхэд 6-12 сая болж хорогдсон харамсалтай мэдээ бий. Энэхүү амьтны үнэрт булчирхайнаас нь ялгарах шингэнийг сүрчиг хийхэд, арьс, үсийг хувцас, эдлэл хийхэд ашигладаг нь тоо толгой хорогдох гол шалтгаан болжээ.

Минж голын эрэг тохой газар суваг татах, далан барих зэргээр амьдарч буй газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.
Минж манай оронд хэр нутагшиж буй талаар МУИС- ийн багш, биологийн ухааны доктор С.Шар хэлэхдээ “Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд минж нутагших, эсэхийг нь мониторингийн судалгаа хийж байж мэддэг. Судалгааг өвөл хийнэ. Ингэхдээ нутагшуулсан газраа яг байна уу гэдгийг гурван жилийн турш шалгана гэсэн үг. Одоогийн байдлаар Туул голын эрэг орчмын дөрвөн хэсэгт нутагшуулаад байна.

Энэхүү амьтныг нутагшуулах болсон шалтгаан нь Туул голын усны хэмжээ багассан, зарим газраараа урсац нь тасарсан. Үүнээс болоод эко-инженерийг нутагшуулахаар болсон юм. Өнгөрсөн жилийн хувьд тоо толгой нь хоёроор хорогдсон. Өнөөдөр үржүүлгийн газар 30 гаруй бүл минж бий. Үүнээс тав нь хээлтэй, ирэх сарын дундуур зулзагална. Ирэх жилээс эхлээд жил бүр 10 орчим минж нутагшуулахаар төлөвлөөд байна.

Тоо толгой нэмэгдэх тусам үр дүнгээ хурдан өгдөг. Тиймээс урт хугацаа шаардана. Ганц жишээ татахад, 50 гаруй жилийн өмнө Ховд голд энэ амьтныг нутагшуулж байсан. Ашиг тус нь өнөөдөр голын урсац нэмэгдэж, өргөн болсноор харагдаж байна. Минж жижиг голыг ухаж цүнхээл үүсгээд их талбайг чийглэдэг. Ингэснээр ургамал ногоо ургах, бусад усны амьтдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулж өгдөг, голын усны урсацыг нэмэгдүүлдэг гээд олон талын ашиг тустай” гэв.
Өнгөрсөн жил минжний тоо толгой хоёроор хорогджээ

Минж нь ургамал идэштэй, сүүгээр бойжигч, бутлаг ургамлын навч, мөчир, холтос, газар доорх үндэслэг иш, хулс, зэгс зэргээр хооллодог бөгөөд өдрийн ихэнх цагийг овоохойдоо өнгөрүүлж, сэрүүн байх үедээ 30 минутын зайтай хооллодог аж. Эрийг нь борхин, эмийг минжүүхэй, төлийг нь дүдэр хэмээн нэрлэдэг. Биеийн урт 74-130, сүүл нь 22-30 см бөгөөд 30 орчим кг жинтэй.

Гадаад төрхөөрөө эр, эм гэж ялгагддаггүй учир заавал хойд хөлний хэсгээс нь тэмтэрч үзэж байж мэддэг. Мөн төрөл зүйлээс нь шалтгаалан цайвар бор, шаргал, улаан хүрэн, бор хүрэн, харавтар гэх мэт өнгийн арьс үстэй байдаг. Дүдэр нь эхээс төрөхдөө ихэвчлэн 700 грамм орчим жинтэй байдаг бөгөөд эх нь гурван долоо хоногийн турш сүүгээрээ хооллодог аж.

Минжүүхэй жилд нэг удаа төллөхдөө 3-5 дүдэр гаргах бөгөөд өвсөн хоолонд ортол нь овоохойгоос гаргадаггүй даалгавартай шөнийн амьдралтай, томхон биет, хагас усны мэрэгч юм. Харин монгол оронд нутагшуулсан минжүүхэй жилд хоёр удаа төллөхдөө 2-3 дүдэр гаргадаг ажээ. Байгальд буй минжний тоо толгой хэчнээн болж нэмэгдсэн, эсэхийг одоогоор мэдэх боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. 

Эх сурвалж:Засгийн газрын мэдээ сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна