Монголын геологи, хайгуул-2017 чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулга уулзалтын зорилго нь Монголын геологичдын хөдөлмөрийн үр шимийг олон нийтэд таниулах, эрдэс баялгийн салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад оршиж байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Баатарцогт онцолж байлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ журмын дагуу олгохоор бэлтгэж байгаа нь хайгуулын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч тусгай зөвшөөрөл олгох, гадаад, дотоодын компаниуд бүгд өргөдөл өгөх боломжтой болгохоор ажиллаж байгаа аж. Салбарын ажилтнууд ийнхүү хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хийх төлөвлөгөө, зорилгынхоо талаар ярилцсан юм..
Д.Алтанхуяг: Орон нутагтай харилцах харилцааг сайжруулах шаардлага бий
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтсийн дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.
-Геологи хайгуулын үйл ажиллагаа өнөөдөр ямар түвшинд явж байна вэ?
-Монгол Улсад хайгуул болон ашиглалтын 3000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. Энэ нь ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг. Үүнээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь манай хэлтэс дээр 2000 гаруй байдаг юм.
Үүнээс гадна улсын төсвийн, сайдын багцад багтсан суурь судалгааны ажил гэж бий. Энэ нь 2017 онд 9.3 тэрбум төгрөгөөр батлагдсан. Одоогоор Монгол орны нийт хэсгийг хамарсан метал ашигт малтмалын тархалтын зүй тогтлын судалгаа хийж байна. Мөн эх орны нийт нутаг дэвсгэрийн нарийвчлалтай судлах, дараа дараагийн хэтийн төлөвтэй талбайнуудыг ялгах болон бусад янз бүрийн сэдэвчилсэн судалгааны ажлууд явагдаж байна.
-Судалгааны ажилд хэдий хэр хэмжээний мөнгө төсөвлөдөг вэ?
-Улсын төсвөөс сүүлийн жилүүдэд ойролцоогоор 9 тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа. Хувийн хэвшлийнхэн жилдээ 300 орчим тэрбум төгрөг төсөвлөөд 100 гаруй тэрбумаар гүйцэтгэл нь ирсэн мэдээ тайлангуудтай байна.
-Геологи хайгуулын ажил хийхэд хүндрэлтэй асуудал нь юу байх шиг байна. Хувийн хэвшлийн зүгээс ямар шаардлагыг тавьдаг вэ?
-Сүүлийн үед орон нутагтай харилцах харилцаа нэлээд хүндрэлтэй байна. Уул уурхай олборлолтын ажил биш учир байгаль орчны асуудал нь харьцангуй гайгүй. Гол асуудал нь орон нутагт хийх судалгааны ажлын явцад ажил хийгдэхгүй. Хуулиар хүлээсэн нэгж талбайд хийх судалгааны ажлын зардал нь баталгаажихгүй. Үүнээс болоод зөвшөөрөл эзэмшигч нар хуулиа биелүүлэхгүй байгаа мэтээр харагдах байдлууд гарч байгаа.
-Орон нутагтай харилцаагаа сайжруулахын тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Хатуу ашигт малтмал ч биш газрын тосны асуудал ч байдаг. Ер нь орон нутагтай хийх уулзалт, өөрсдийнхөө хийх гэж байгаа ажлыг танилцуулах, ач холбогдлыг нь мэдүүлэх, орон нутгийг дэмжиж ажмллах ийм чиг үүргээ илүү сайн биелүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Ер нь бол хэрэгжүүлэгч агентлаг ч гэсэн цэгцтэй, орон нутагт хийх уулзалтуудыг дэс дараатай хийх хэрэгтэй байгаа юм.
-Хайгуулын явцад ямар ямар ашигт малтмалын олдоц их байдаг вэ?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг ямар нэгэн ашигт малтмалын чиглэлээр өгдөггүй. Харин хайгуул хийж байгаа компани тусгай зөвшөөрөл авсан нутаг дэвсгэр дээрээ тухайн лицензийнхээ хүрээнд бүх төрлийн ашигт малтмалыг судлах үүрэгтэй.
Тиймээс алтны эсвэл зэсийн гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй. Жилийн ажлын тайлан ирүүлж байгаа байдлыг тандаж үзвэл, тэр чиглэл нь давамгай байна гэсэн хандлага харагддаг. Одоо бол бид алт болон метал ашигт малтмал талаас нь үзэхэд дийлэнх нь энэ чиглэл рүүгээ хазайсан байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Алт хөтөлбөрийг гаргасантай холбоотой энэ талынх нь илүү их дэмжигдэж зарлагдаж байгаа. Үүнд 1000 гаруй тусгай зөвшөөрөл байдаг.
Д.Мөнхтамир: Манай улсыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамиртай тусгай зөвшөөрлийн олголт, ажлын явцын талаар ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Ашиглалтын 1574 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, хайгуулын 1962 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.8 хувийг, хайгуулын тусгай зөвшөөрөл 7.3 хувийг эзэлж байна.
-Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орсон уу?
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын, өргөдлийн журмаар олгож байгаа. Сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох ажил хэвийн явагдаж байна. Энэ жилийн тухайд 12 дахь сонгон шалгаруулалтаа хийсэн, 13 дахь шалгаруулалтаа зарлаад явж байгаа юм. Өргөдлөөр олгохдоо цахим хэлбэрээр авч байгаа.
Гэхдээ үүнийг сайжруулах зүйл бий. Өргөдлөөр авахад зурагзүйн шүүлтэд давхцалтай гардаг асуудал байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд өргөдөл өгөхөөс тусгай зөвшөөрөл авах хүртэлх бүх дамжлагийг цахим хэлбэр рүү шилжүүлэх шаардлага байгаа юм. Энэ ажлыг хийгээд явж байна. Ингэснээр зурагзүйн шүүлтээр давхцах асуудал үүсэхгүй. Хоёрдугаарт орон нутгийн асуудал байдаг.
Ашигт малтмалын хуулийн дагуу өргөдөл өгсөн хүн орон нутгаас санал авдаг. Орон нутгаас дэмжихгүй санал ч ирдэг. Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас орон нутгийн удирдлага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй бүсчилсэн уулзалт хийж, хууль, Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулж байгаа. Уг ажлыг явуулснаар орон нутгийн удирдлагуудтай нэлээд ойлголцод хүрч байна.
-Танай газрын хувьд тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд цуцалж байна вэ?
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хянах үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар байдаг. Ашигт малтмалын хуулиар тусгай зөвшөөрөл цуцлагдах таван заалт бий. Юу гэвэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй, уг аж ахуйн нэгж татан буугдсан, хайгуулын нэгж талбайд оногдох төлбөрт зардал нь хүрээгүй гэх мэт заалтаар цуцлагдана.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны үүргээ биелүүлээгүй бол орон нутгийн саналаар байгаль орчны асуудал эрхэлсэн төв байгууллагын дүгнэлт ирсэн тохиолдолд манай газар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хуулийн заалттай.
-Ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг хэр сонирхож байх шиг байна?
-Канадын Торонто хотод болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад манай улс амжилттай оролцоод ирлээ. Өмнөх жилүүдэд 70 орчим л хөрөнгө оруулагч төлөөлөгч нар манай улсыг сонирхож, хуралд суудаг байсан бол энэ удаа 200 орчим төлөөлөгч манай улсыг сонирхлоо. Мөн 30 орчим уулзалтыг хийгээд ирсэн. Үүнээс харахад гадаадын хөрөнгө оруулагчид манай улсыг сонирхох нь нэмэгдэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна