Мисир, Грек, Ромын эртний булш дээрэм тонуулд нэг биш удаа өртөж байжээ. Мөн тэдгээр бунхнаас алт мөнгө, үнэт эрдэнэс, гоёл чимэглэлийн зүйлсийн зэрэгцээ анх оршуулсан үеэс нь эхлээд бунханд хэн нэгэн нэвтрэх хүртэл асаастай байсан гайхамшигт дэн олдсон гэсэн цуу яриа байдаг. Хүрззээтүүгээр зэвсэглэсэн хялбар олзонд дурлагсад булш ухаж төнхөхөд тэдгээр дэн өөрсдөө устах юмуу унтардаг байсан аж. Энэ мэт хачин жигтэй гэрэлтүүлэг олдсон тухай олон мэдээ баримт бий. Эрдэмтэд уг асуудлыг сонирхон судлаад эртний урчууд түлш болон голыг нь солилгүйгээр мянга мянган жил асдаг гэрэл чийдэн хийж чаддаг байсан гэсэн баталгаа үнэн зөв болохыг нотлох болон дундад зууны сэтгэгчдийн талаарх хангалттай үнэмшилтэй баримт олсон байна. Эрдэмтэд эдгээр дэн утаа униар, хиншүү хярвас гаргадаггүй байсан тэдгээрийг хагалах юмуу унтраахад хөнгөхөн утаан үүлэнцэр гардгийг эс тооцвол гэсэн санаа дэвшүүлжээ.
Дашрамд дурдахад мөнхийн гэрэлтэй холбогдуулан эртний пирамидийн үй олон нууцын нэг болох уран зураач хүн хана туурганы гэрэл гэгээ тусдаггүй хэсэгт тосон дэн, бамбарынхаа ис тортгоор хийж буй ажлаа баллаж сохолчихолгүй хэрхэн зурж чаддаг байсныг дурсах нь зүйтэй юм. Мөнх асдаг дэн байсан талаархи янз бүрийн нотолгоог нэг дор цуглуулан ерөнхийлөн дүгнэж, задлан шинжилжээ. 3-р Павлыг пап ламтнаар заларч байх үед Аппиевын замын ойролцоо орших Цицероны охин Туллиолагийн бунхнаас ийм дэн олдсон байна. Гайхалтай нь уг дэн 1600 жилийн турш хүчилтөрөгч нэвчин ороогүй бин битүү хаалттай байранд асаж байжээ. Тэрхүү дэн ялзруулж муудуулахгүйн тулд тунгалаг уусмалд хийсэн урт гэгчийн алтан шаргал үстэй, орь залуу бүсгүйн цогцсыг гэрэлтүүлж байв. Бунханд сэвшээ салхи нэвтрэн орж дөлийг нь бөхөөснөөр тэрхүү дэн унтарсан байна. Гэрэлтүүлгийг дахин асааж болохгүй байлаа. Оюун санааны өндөр хөгжил бүхий нэн эртний соёл иргэншилтэй байсан дэлхийн өнцөг булан бүрээс энэ мэт дэн илрүүлж болох байв.
Плутархын хэд хэдэн бүтээлээс мөнх гэрэлтдэг тийм дэнгийн тухай дүрслэн өгүүлснийг нь олж болно. Түүний нотолсноор бол тэр гэрэлтүүлэг Бархасбадийн Аммон сүмийн үүдэн дээр өлгөөтэй байжээ. Хутагт Августин зохиол бүтээлдээ ус ч салхи ч унтрааж чадаагүй, эртний Мисирийн буг чөтгөрийн дэнгийн тухай дурдсан нь дээрхи өгүүллийн агуулгыг баяжуулсан байна. 1401 онд Ром хотоос холгүй газар Эвандрын хүү Поллантын чулуун авсны дэрний дэргэдээс мөнх гэрэлтэгч дэн олдсон байна. Тэрхүү дэн 2000 гаруй жилийн турш асаастай байжээ. Харин зуугаад жилийн дараа Неаполитаны булан дахь Несида арал дээр байсан нэр усгүй гантиг авснаас түүнтэй адилхан дэн олсон аж.
Эзэн хаан Юстинианы хаанчлалын үеэр Эдесс-ээс бас нэг мөнх гэрэлтэгч дэн олсон байна. Уг гэрлийг хотын хаалган дээр байрлах байгалийн элдэв хүчин зүйлээс хамгаалагдсан хөндий цүнхэлд хүний нүднээс далд байрлуулсан байсан бөгөөд дэнг анх асаасан огноо дээр нь бичээстэй байснаас үзвэл цэргүүд түүнийг хагалтал 500 гаруй жил гэрэлтсэн байна. Английн нутгаас ч бас хэд хэдэн дэн олджээ. Тэдгээрийн нэг нь розенкрейцерүүдийн бүлэглэлийн үл мэдэгдэх санваартны бунхнаас олдсон байна. Харамсалтай нь гаднаас халдан довтлох үед тэрхүү дэнг хага цохих ёстой байсан нарийн ухаант төхөөрөмж буюу урт жадтай оньсон хөдөлгүүрт рыцариас болж хосгүй гэрэлтүүлгийг эрдэмтэд гартаа оруулж мөн л чадаагүй аж. Мөнх асдаг гэрэлтүүлэг зөвхөн Европын ба Газар дундын тэнгисийн өмнөд болно дорнод хэсгийн улс орон төдийгүй Энэтхэг, Хятадын дацан хийд, Мемфисийн сүм тэр байтугай Төв болон Өмнөд Америкийн сүм хийдээс ч илэрсэн байна. Эрдэмтэд тийм дэнгийн нэгийг нь болов бүрэн бүтнээр нь үзээгүй бөгөөд тэднээс өнөө хүртэл хадгалагдсан ирэн зүйл нь гэрэл чийдэнгийн хэлтэрхийн талаархи ердийн ойлголттой даанч нийцэхээргүй юм. Гэлээ ч гэсэн эрдэмтэд тэдгээр үлдэгдэлд тулгуурлан мөнхийн дэнгийн гоц сонин үзэгдлийг хагас хугас боловч тайлбарлах хэд хэдэн таамаглал дэвшүүлэхээр оролдсон байна. Хамгийн энгийн хувилбарыг иезуит эрдэмтэн Афанасий Кирхер дэвшүүлжээ. Түүний өгүүлснээр бол Мисирт фосфат болон нефтийн баялаг орд газрууд байсан аж.
Эртний лам хувраг нар шөрмөсөн чулуун гол ашиглан гэрэлтүүлэх хэрэгсэлд нефть гүйлгэж чаддаг байсан байна. Шатсантайгаа адилхан хурдтайгаар нөхөн сэргээгдэх боломжтой түлш байсан эсэх тухай магадлал дундаж зууны шинжлэх ухааны хүрээлэнгийнхний байр суурьтай маргааны бай болж байлаа. Эдгээр дэнгийн голыг тожмой лууны үс юмуу арьс хэмээн алхимичдын нэрлэдэг байсан галд тэсвэртэй шөрмөсөн чулуугаар хийсэн нь гарцаагүй гэдэг санаан дээр эрдэмтэд цөмөөрөө санал нэгдэж байв. Мөнөөх Крихер энэхүү дийлдэшгүй материаллаг мөн элэгдэж хорогддоггүй байх магадлалтай тос гарган авахыг хоёр жилийн турш оролджээ. Гэвч тэр бүх оролдлого нь талаар өнгөрсөн юм. Эрдэмтдийн тогтоосноор бол дэнгийн гэрэл галд ч цахилгаанд ч хамаагүй аж. Аль нэгэн үзэгдэл бидний мэдэх категориор тайлбарлагдахгүйгээр байвал оронд нь урам сэтгэмж урган гарч ирдэг нь ердийн зүйл. Мөнх асдаг тэдгээр гэрэлтүүлгийн хувьд үүнээс мөн л хазайсангүй.
Тийнхүү үлгэр домогт өгүүлснээр бо тэрхүү дэн дотор жин буюу хүний сүнсний сэтгэл зүрх оршин байдаг аж. Мөнх гэрэлтэгч дэнг дагалдах бүхий л тодорхойлолтыг чухамдаа ис тортог ялгарсны ямар ч шинж тэмдэггүйгээр мөнх асдаг, хүчилтөрөгчгүйгээр орчинд мэдрэг бус болон тэдгээр эдлэлийн хачин жигтэй байдал зэргийг анхааралдаа авах юм бол дэнгийн нууцыг галын болон бусад сүнс сүлдтэй холбон тайлбарладаг нь утга учиргүй зүйл бас ч биш ажээ. Чухамхүү талийгаачийн шарил хадгалагдаж буй газар онцгой ач холбогдолтой байсан учраас л эрдэмтэд оршуулгын эртний ёслол, ялангуяа цогцос занданшуулан хатаахтай холбоотой ёслолд анхаарсан бөгөөд мөнх асдаг гэрэлтүүлэг ч тэндээс олдсон байжээ. Занданшуулах үеэр бүрлээчийн дотоод эрхтнийг биеэс нь гарган авч чулуун авсных нь ойролцоо байрлуулсан тусгай саванд хийдэг байв. Гэхдээ гол нь үүнд байгаа бус. Харин эртний хүмүүс өнөөгийн бидний сайтар мэддэг дотоод эрхтэнд өөр нэг зүйлийг-хүний үхэшгүй мөнхийн сэтгэл санааг хамааруулдаг байсан нь илүү чухал баримт бөгөөд тэр нь “зүрхний сарнай”, “бадамлянхуа цэцгэн доторхи сувд”, “дотоод сүм”, “доторхи гал”, “бурхны гал”, “зүрхний гал” гэхчлэн янз бүрийн нэр томъёогоор илэрхийлэгддэг байна. Тиймээс чулуун авсны дэргэд байрлуулсан энэ мэт үнэт зүйлсийг хадгалж, хамгаалахын тулд булш ухагчдын халдлагын үеэр дэнг хага цохидог есөн шидийн төхөөрөмж суурилуулсан байна. Харин эртний хүмүүс ямар зорилгоор булш бунханд дэн гэрэл тавьдаг байсан юм бол оо?
Эрдэмтэд Египетийн “Үхэгсдийн ном”-ын “Гэрэл өөд мацахуй” хэмээх бүлгээс боломжийн тайлбар олжээ. Уг номонд өгүүлснээр бол Мисирийн хаан энэ номынэх бичвэрийг мэддэг байсан ба булшнаасаа гарч ирээд нөгөө ертөнцийн харуул манаа эргээд өөрийг нь оруулахгүй байх гэж айж эмээх юмгүйгээр гэдрэг буцдаг байсан аж. Тэгэхээр гэрэлтдэг учраас л дэн хэмээн ойлгоддог онцгой нэгэн саван доторхи занданшуулсан цогцосны дэргэд оршдог байсан амьдралын нэгээхэн эрч хүч Мисирийн хааныг материаллаг ертөнцөд дахин гарч ирэхэд нь зайлшгүй чухал байжээ гэсэн гол дүгнэлт эртний египетүүдийн энэхүү ариун судраас гарч байна. Мөнх гэрэлтэгч дэнгийн тухай сэдвийг ийнхүү, нилээд дур зоргоороо авч үзэх хандлагыг эрдэмтэд хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Тэглээ гээд оронд нь санал болгочихоор илүү үнэмшилтэй ямар нэгэн тайлбар одоогоор олдоогүй нь харамсалтай.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна