​Кибер буюу цахим гэмт хэрэг гэж юу вэ? /Үүнд өртсөн бол ямар арга хэмжээ авах вэ?/

2017/04/21
НҮБ-ын мэдээгээр кибер гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамаарах бөгөөд дэлхийн эдийн засагт жил бүр нэг тэрбум ам.долларын хохирол учруулдаг ноцтой гэмт хэрэг юм.
 
Кибер гэмт хэрэг гэж юу вэ?

НҮБ-ын гаргасан мэдээгээр кибер гэмт хэрэг нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт хамаарах бөгөөд дэлхийн эдийн засагт жил бүр нэг тэрбум ам.долларын хохирол учруулдаг ноцтой гэмт хэрэг юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх этгээдийн тоо нэмэгдэх хандлагатай болов. Энэ нь бүх улсыг хамарсан шинжтэй болж, Монгол Улсын хувьд кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэргийг зохих ёсоор мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх шаардлага гарсаар байна.

1960-аад оны эхээр компьютерыг арилжааны зорилгоор ашиглаж эхэлсэн бөгөөд энэ үеэс компьютерын гэмт хэргийн эхний тохиолдол гарсан гэж үздэг. Тэгэхээр компьютерын гэмт хэрэг ба кибер гэмт хэрэг гэдэг нь нэг юмны өөр нэршил үү, тусдаа ойлголт уу гэх асуулт гарч байна.        

Кибер гэмт хэрэг гэдэгт юуг ойлгох тухай олон янзын байр суурь байдаг. Тухайлбал, судлаач Ц.Хүрэл-Очирын тэмдэглэснээр кибер гэмт хэрэг гэдэг нь товчхондоо компьютерын гэмт хэрэг болон интернетийн гэмт хэргийг нэрлэж буй нэр томьёо юм. Интернетийн гэмт хэрэг гэдгийг “компьютерын сүлжээгээр дамжин хийгдэж буй өөр өөр төрлийн гэмт хэргүүдийн нийлбэр” гэж томьёолж болох юм. Компьютерын мэдээллийн эргэлтийн хүрээ гэмт халдлагын зүйл болсон нь компьютерын гэмт хэргийн онцлог үр дагавар.

Үүнээс үндэслэн тэрхүү хүрээнд халдсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хуульчлан тогтоох шаардлага гарч ирсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлгийн “Компьютерын мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн зүйлээр технологийн үсрэнгүй хурдаар хөгжиж буй мэдээллийн технологийн орчин дахь нийгмийн харилцааг зохих төвшинд хамгаалан зохицуулахад учир дутагдалтай гэж судлаачид тэмдэглэсэн байдаг.

Үндсэн асуудал нь кибер гэмт хэрэгт компьютерын мэдээлэл, сүлжээний эсрэг гэмт хэрэг хамаарч байна уу? эсвэл компьютерын мэдээлэл, сүлжээний тусламжтай үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна уу? гэдэгт төвлөрдөг. Кибер гэмт хэргийн тухай конвенцыг боловсруулагчдын зүгээс дээрх хоёр шинжийг хамтатгасан байдлаар кибер гэмт хэргийг тодорхойлж, түүнийг дөрвөн төрөл болгосон байдаг. Үүнд:

- Компьютерын мэдээлэл, сүлжээний бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг
- Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг
- Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг
- Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг.

1.1. Компьютерын мэдээлэл, сүлжээний бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын эсрэг гэмт хэрэг

Энэ ангиллын гэмт хэрэгт хууль бус хандалт, хууль бусаар мэдээлэл дундаас нь олзлох, өгөгдөлд саад хийх, сүлжээнд саад хийх, тоног төхөөрөмжийг урвуулан ашиглах гэсэн хууль бус үйлдлийг хамруулдаг.

1.2. Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг

Энэ ангиллын гэмт хэрэгт компьютер ашиглан хуурамч баримт үйлдэх, компьютер ашиглан залилах хууль бус үйлдлийг хамруулдаг. Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл, хүмүүсийн хэрэглээтэй холбоотойгоор дараах төрлийн гэмт үйлдэл нэмэгдэх болсон. Үүнд:

- зээлийн картын залилан
- урьдчилгаа төлбөрийн залилан
- интернет маркетинг болон жижиглэн худалдааны луйвар
- үнэ хаялцуулах дуудлага худалдааны залилан болон хөрөнгийн зах зээлийн заль.

1.3. Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг

Энэ ангиллын гэмт хэрэгт хүүхдийн порнографтай холбоотой хууль бус үйлдлийг хамруулдаг. “Хүүхдийн порнограф” гэдэгт дараах зүйлийг үзүүлсэн байхыг ойлгоно:

- бэлгийн харилцаанд бага насны хүүхэд оролцож байгаа;
- бэлгийн харилцаанд бага насны хүүхэд шиг харагдах хүн оролцож байгаа;
- бэлгийн харилцаанд бага насны хүүхэд оролцож байгааг харуулах бодит зураг.

Энд дурдсан “бага насны хүүхэд” гэдэгт 18 нас хүрээгүй бүх хүнийг ойлгоно. Монгол Улсын мэдээллийн технологи, интернетийн хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүд цахим орчинд ихэнх цагаа зарцуулах болсонтой холбоотойгоор цахим орчинд хүүхдийг шууд болон шууд бусаар сэтгэл зүй болон хүмүүжлийн хувьд хүчирхийлэх, мөлжих явдал гарсаар байна.

1.4. Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг

Энэ ангиллын гэмт хэрэгт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн хууль бус үйлдлийг хамруулдаг. Дуу хөгжим, дүрс бичлэг, номын цахим хувилбар гарах болсноор зохиогчийн эрхийн зөрчлийн шинэ хэлбэрийг бий болгосон. Файл хуваалцах үйлчилгээ (File sharing systems) нь хэрэглэгчдийг бусдад файл түгээх, зохиогчийн эрхээр хамгаалагдсан олон мянган файлыг хэрэглэгчдэд хялбар аргаар олж авах нөхцөлийг бүрдүүлсэн. Товчоор хэлбэл, Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц болон Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд бататгасан эрхүүдийг интернетэд зөрчсөн үйлдлүүдийг интернет дэх зохиогчийн эрхийн зөрчил гэж үздэг.

Одоо хүүхдүүдийн мэдээллийн технологийн хэрэглээ сайжирсан бөгөөд түүнийгээ буруу зүйлд ашиглах, томчууд тийм хүүхдүүдээр гэмт хэрэг үйлдүүлэх явдал гарах болсон. Монгол Улсад 2016 оны Есдүгээр сарын 1-нээс шинээр үйлчлэх Эрүүгийн хуулийн “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг нь 2002 оны Эрүүгийн хуулиас бага зэрэг сайжирсан зохицуулалт болж чадсан. Учир нь тус хуулиар 14 настай хүүхэд цахим мэдээлэлд хууль бусаар халдах, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэмт хэрэг үйлдсэн бол түүнд ял оногдуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна