Хөлбөмбөгийн хамгийн том бурхан гэвэл би Роналдиньог хэлнэ ээ

2017/07/02
Энэ бөмбөрцөг дээрх хамгийн гайхамшигтай спорт бол маргаангүй хөлбөмбөг юм. Ширэн бөмбөг өөрийнхөө түүхэнд хэдэн арван баатруудыг бүтээсээр ирсэн. 20-р зууны эхээр Артур Фрийдэнрайх хэмээх герман аавтай бразил залуу улс орон даяар гайхагдаж байлаа. 1329 гоолоор бүх үеийн хамгийн шилдэг мэргэн буудагч гэгддэг. Маш их хүн байдаг тул нэрлэвэл хэдэн өдрийн юм болно. 

Тактикийн гайхамшиг гэдэг цаг үедээ алдар суугаа харуулсаар ирсэн. Сүүлийн жилүүдийн байдлаас харахад Барса тики такагаараа босоо явсаар ирлээ. Англид Сер Алекс өрсөлдөгчдөө тааруулж тактикаа боловсруулдаг байсан тул босоо байсан. Түүнд 25 хөлбөмбөгчөөр 25 янзын тактик турших чадвар байсан тулдаа тэгж онцгойрсон. Челси яагаад одоо тэгж цойлж байна гэхээр урьд өмнө Англид 3 хамгаалагчтай ийм тактикийг хэрэглэж байгаагүй юм. Ирэх жилээс судлагдаад байдал өөр болно. Энэ тактикуудын эцэг нь гэж болох Хонвед тактик гэж бий. Унгарын армийн багийн амжилтын амин сүнс нь Пушкаш бсан юм. Тэр л энэ тактикийг амжилттай хэрэгжүүлж чадсанаар Хонвед болон Унгарын шигшээ 50-иад онд дийлдэшгүй мэт л байлаа. Пушкаш дараа нь Реалд очоод нэр алдар нь улам ч мандсан.

Реалын өөр нэг том нэр бол Алфредо ди Стефано. 3 өөр улсын иргэншилтэй энэ аргентин эр багийнхаа олон ч рекордыг тогтоосон доо.

Дараагийн заавал нэрлэх ёстой хүн бол Бэнфика болон Португалын Эусебио. Ноднин өнгөрсөн дөө чааваас. Хар ирвэс хочит гайхалтай тоглогч. Энэ үеийн бас нэг тоглогч бол МанЮтд-ын Бобби Чарьлтон. Энэ англи эр онгоцны ослоос амьд үлдээд шинэ баг босгоод аваргуудын лиг авч байсан гайхамшигтай түүхтэй.

Далаад он болов. Аякс, Барсагийн Круифф хэмээх холланд залуу болон Байерны Бэкэнбауэр гэдэг герман залуугийн хооронд дуэл болоод дууссан даа. Хэн хэн нь 3 удаа Аваргуудын лигт түрүүлж, дэлхийн аваргын финалд үзэлцэж байсан 2. Зууны дасгалжуулагч, домогт Ринус Михелсийн үндэслэсэн "Нийтийн хөлбөмбөг"-ийг Аврагч хочит Круифф чадварлаг хэрэгжүүлж Европт босоо байх үед нь Кайзер буюу Эзэн хаан Бэкэнбауэр либеро гээч тактикийг гаргаж ирээд хэргэмийг нь булааж байлаа. Энэ үеийн топ бомбардир Мюллерын рекорд саяхныг болтол амь бөхтэй оршиж ирлээ.

50-иад оны сүүлээс 70-аад оны эх хүртэл дэлхийд хамгийн их шагшигдаж байсан тоглогч бол гэхдээ домогт Пеле. Юу ч ярихав дээ. Одоо түүний 1000 гоолыг л ярьдаг. Хэдий Фрийденрайх түүнээс хагас зуу шахам илүү гоол хийсэн ч хэн ч түүнийг дурсдаггүй.

Пелетэй мөчөөрхөлцөх учиртай байсан хүн нь Бяцхан шувуу Гарринча. Даанч буруу замаар явчихсан л даа. 80-аад он гэвэл бүх одод нь ганцхан Марадонагийн сүрэнд дарагдаад өнгөрдөг. Энэ бүхэн бол түүх.

Ингээд миний мэдэх 90-ээд он эхэллээ. 90 оны дэлхийн аваргыг анх удаа зурагтаар үзэж мөнөөх Марадонагаа харав. 94 оныхоор Бажо гэх итали эрийг харлаа. Миний бүх үеийн шилдэг баатруудын нэг. Энэ үед яригдах ёстой нэг гурвал бий. Мэдээж Миланы холланд гурвал.

Бүх үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн тоглолтууд чухам 90-ээд онд болдог байсан гэхэд буруудахгүй байх аа. Гэхдээ үе үеэрээ байх л даа. Надаас өмнөх нь 80-аад он гэвэл тэрний өмнөх нь 70-аад он гэнэ байх. Сүүлийн үеийн хүүхдүүд нь өнөөгийн Месси Роналдогоо хэлэх байх. Гэхдээ өнөө цагт хэт их тактикийн тоглолт хийж үзэгчдийг унтуулах шахам болгодог болсон. Олон гоолтой, нээлттэй тоглолт л фэнүүдийг баясгадаг.

90-ээд он хөлбөмбөгт мөн ч олон баатруудыг бэлэглэсэн дээ. Хамгийн алдартай нь Роналдо Зидан 2. Гэхдээ Ромарио, Бэбэто, Бажо, Зола, Клиннсманн, Стоичков, Маттеус, ах дүү Лаудруп, Батистута... гээд л аймаар аймаар.

Ингээд 21-р зуун гарав. Айлын хөргөгчин дээрх бохины зурагнуудаас ван Нистелрой гэдэг нөхрийг хамгийн их харж авав. Удалгүй өнөөх чинь тв-ээр нээрээ алж өгч бнаа. Хаанаас ч хамаагүй гоолдоод л. Шууд л түүний фэн боллоо. Марадона, Бажо нараас ч илүү түүнийг биширч эхлэв.

Энэ үеийн багууд ч тасархай л даа. Ювед гэхэд Ибра, Недвед, Буффон, Дел Пиеро, Трэзэге... супер. Реалыг ЧЛ-ээс мултлаад л. Миланы бүрэлдэхүүнтэй ярих ч юм биш. Ливерпүүлийн тэр аймшигтай комбак хийдэг баг бол зэвүүн. Юнайтедыг САФ мангас баг байлгасаар ирсэн. Арсеналын анбийтн 49-ийн дараа Челси гэж нэг том баг өндийж ирсэн.

Реал Галактикосыг бүрдүүлээд ээлж дараалан ЧЛ авч байх үед Барса бүр дамартаж явсан үе ч бий. Тэд харин 2004 оны зун багтаа эрс шинэчлэл хийсэн юм. Олон ч гоё тоглогч ирсэн дээ. ЧЛ-ийн финалын 2 баг болох Порто Монако багуудаас гол моторууд нь болох Дэко Жиули нарыг, Мальоркагийн супер довтлогч Это, Арсеналаас ван Бронкхорстыг бүрмөсөн өөрийн болгож, Селтикээс Ларссоныг авчирсан. Эдмилсон, Макси, Бэллетти, Силвиньо гээд л үнэхээр чансаатай наймаануудыг хийсэн. Баг ч хурдан сэхэж лигээ ч, ЧЛ-ээ ч авав.

Энэ гоё наймаануудыг хийдгийн өмнөх жил нь тэд ПСЖ-ээс Роналдиньо гэж диамондыг сугалчихаад байлаа. Чухам тэр л одоогийн Барса өсөж өндийх суурийг тавьсан юм. Үнэхээр л гайхалтай. Би хэзээ ч тийм уран гоё тоглогчийг харж байгаагүй ээ. Бүх л эрхтэнээрээ бөмбөгийг удирдана. Хараагүй байж л ардаа нүдтэй юм шиг пасс хаяна. Тухайн үеийн шилдэг хамгаалагчид болох Мальдини, Нэста, Терри гээд л бүгд л түүнийг бардаггүй байв. Залуухан Рамосыг нэг тоглолтод бүр утгаар нь элэглэж орхиж билээ. Галзуу нохой хочит Гаттузо бас нэг удаа түүн дээр мэн марк хийгээд бүтэн тоглолтын турш тун ичгэвтэр байдалд орж байлаа. Ер нь хэн ч түүнийг бардаггүй байлаа.

Тэр үед Барсагийн дотоодын дайсан нь Реал байсан бол гадаадын дайсан нь Челси байв. Цэнхрүүд ямар сайндаа түүнийг бариулах гэж Хамбургаас Ханнибал хочит Буларузыг авчирч байхав. Барса Челси 2 ч хэд хэд сайн гөвөлцсөн дөө. Яг энэ үеэс л тэр балай сугалаа тааруулдаг юмаа УЕФА хийгээд эхэлсий шд.

Роналдиньог бөмбөг авах үед зөвхөн залбирахаас өөр юм хийж чадахгүй гэж Гюнтер Нэтцер ярьж байхыг чихээрээ сонсож байлаа. Тэр үед Бундэслигийн стадионуудаар хэсдэг үе байсан ч Барса харин Германд ирээгүй юм. Гэхдээ түүнийг 2005 оны Тив хоорондын цомын финалд яг хажуугаас нь үзэж билээ. Миний суудал 1-р эгнээний 1-р суудал. Яг буланд таарсан. Энэ зургийг яг хажуугаас нь би ингээд авч байв, даанч тэр үед дижитал аппарат гарч дөнгөж эхэлж байсан үе, мань мэтэд нь дийлдэхгүй үнэтэй бсан цаг. Бразилаас тэр, Аргентинаас бас л нэг том од Рикэлме цохино. Дээврээс нээх их ус гоожоод тэд булангаас бөмбөгөө жаахан гадагшлуулж байгаад л цохьдог. Адриано ч солиормоор их буу байсан шүү. Цөм цохьсон гоол хийж билээ. Шилдэг тоглогчийг нь Риеэлме авсан ч баг нь хожигдсон болохоор их л толгой гудгар цомоо газраар чирэх шахуу л аваад алхаж бсан даг.

Дараа нь Роналдиньог 2006 оны дэлхийн аваргаар харж билээ. Франкфуртаас холгүй жижигхэн тосгоны цэнгэлдэхэд Бразилын шигшээ бэлтгэлээ нээлттэй хийсэн юм. Нөгөө зургийг нь би бэлтгэл тарахыг хүлээж байгаад их ойрхноос дарсийн, уг нь хамт авахуулна гэж оролдсон ч секюрити оруулаагүй. Нэрийг нь дуудаад л өнгөрч билээ. Мань эр нөгөө л инээдээрээ инээгээд гараа даллаад хажуугаар өнгөрөөд явсаан. Роналдо тэр 2, Роберто Карлос, Кафу, Кака, Адриано, Жуниньо, Зе Роберто, Робиньо... Үнэхээр л аймшигтай. Гэхдээ тэднийг Зидан зогсоочихсон.

Тоглолтын өмнөх шөнө Роналдиньо плэйстэйшн тоглоод нойр багатай хоносон гэдэг. Энэ дэлхийн аваргаас эхлээд мань эр уруудаад эхэлсэн. Архинд ч орж үзэв. Нэг л сэхсэнгүй явсаар нутаг буцсан даа.

Түүний орыг Месси залгав. Роналдо гэж нэг том өрсөлдөгч гарч ирлээ. Бүх үеийн бүх л рекордыг шинэчилж яваа энэ дуэл үеийн үед дандаа яригдах болно. Тоглолт нь үнэхээр харахгүй байхын аргагүй. Дэлхийн шилдэг гэвэл өмнөх үеийнх нь Пеле эсвэл Мара, одоо үеийнх нь энэ 2-ыг л хэлнэ.

Харин миний хувьд 2004/05, 2005/06 улирлын Барсагийн Роналдиньог бүх үеийн шилдэгээр нэрлэнээ. Тэр үнэхээр түүний тоглолтыг үзсэн хүн бүхэнд хөлбөмбөгийн шидэт үлгэрийг ярьж өгдөг байсан юм шүү. Ямар сайндаа Сантьяго Бэрнабэуд бүгд түүний төлөө босоод алгаа ташиж байхав. Ийм дүр зургийг Эль Класикод бараг л харахгүй дээ.

Хөлбөмбөг маш амархан. Гүнээс бөмбөг урагшууллаа. Скоулз шиг шидтэн 2 жигүүр лүү алсын пасс явууллаа. Сайн вингерүүд хөөж аваачаад төв рүү хаялаа. Топ довтлогчид мөргөлөө эсвэл өшиглөлөө, ГООЛ. Харин Роналдиньо хүн төрөлхтөнд өмнө нь хэзээ ч харж байгаагүй скилл, дрибблийг танилцуулсан юм. Жога бонитаг бид түүний тоглолтоос л хардаг байлаа.

Би хэдийгээр Юнайтедын фэн хэдий ч Роналдог Мессигээс илүү гэж хэлж чадахгүй. Месси бол хөлөндөө соронзтой, богино зайн маневрын мангас. Түүний ур чадвар зүгээр л өөр гариг ертөнцийнх.

Гэхдээ л Роналдиньо арай л содон. Дэлхий ертөнц даяараа түүнийг л шагшдаг байлаа. Миний хамгийн хайртай тоглогч бол Рүүд ван дэ мэн. Харин хамгийн шилдэг тоглогч бол миний хувьд яах аргагүй Барсагийн тэр л Роналдиньо. Тэр тоглолтоороо ч биш, ааш зангаараа бүхний хайрыг татсан нэгэн байлаа. 5 онд Барса лигийн аварга авчаад бүгд баярлаад кабин луугаа алга болчихсон чинь тэр л цор ганцаар талбайд үлдэж үзэгчдийг баяр хөөрт умбуулж байлаа. Удалгүй бусад нь гэнэт сэхээ орснуу яасан, гарч ирээд баяраа талбай дээгүүр хамт тэмдэглэж билээ.

Реалтай, Челситэй тоглож байсан тэр тоглолтуудыг нь цаг сунгаад л, сунгаад л.. хэзээ ч дуусгахгүйгээр тоглуулаад баймаар. Тэр хөлбөмбөгийг нүүрэндээ инээмсэглэлтэйгээр тоглодог цорын ганц хөлбөмбөгч. Эвгүй шүд нь өөрт нь зохисон гэж жигтэйхэн.Дэлхийн энэ л шилдэг гэсэн томчуудыг бүгдийг нь нугасласан даа. Ганцаараа гэж болноо. Хэн ч түүнээс бөмбөг булааж авч чаддаггүй байлаа, хэн ч түүний гоолыг хорьж бардаггүй байлаа. Тэр алга ташдаг тоглолтод Галактикосыг бүр онигоо болгосон доо. Ямар сайндаа Раул нүд нь орой дээрээ гарчихсан талбайд алхаж байхав дээ.

Хөлбөмбөгийн бурхад олон бий. Галактикосын тэр хэд бол бүгд бурхад. Саяхан Роналдо тэр бурхдыг жагсааж байгаад цом гардаж байсан. Харин Роналдиньо тэр бурхдыг тоглолтоороо унтуулж явсан билээ. Хөлбөмбөгийн хамгийн том бурхан гэвэл би тэр л Роналдиньог хэлнээ.

Л.Олонбаяр

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна