Дэлхийн жишигт нийцсэн цахим номын сангийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, МУИС-ийн төв номын сангийн барилгын ажил дуусч, сургуулийн удирдлагууд хүлээн авсан байна. Тус номын сан нь зургаан давхар бөгөөд МУИС-ийн хичээлийн I байрны зүүн талд, Монгол-Японы төвийн урд барьжээ.Энэхүү номын сан 24 цагийн уншлагын танхимтай гэдгээрээ онцлогтой байна.
-Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн номын сан үүд хаалгаа нээх гэж байна. Энэ номын сангийн онцлог, давуу тал нь юу вэ?
-Бид бүрэн автомат үйлдэлтэй, дэлхийн жишигт нийцсэн номын сангийн системийг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд МУИС-ийн зургаан давхар номын сангийн барилгыг саяхан хүлээж авсан. Номын сангийн I-IV давхрын баруун жигүүрт уншлагын танхим, зүүн жигүүрт хичээлийн танхим бий. Харин V, VI давхрыг лабораторийн зориулалтаар барьсан. Номын сангийн онцлог нь уншигчид 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой.
-Номын сангийн бүх танхим нь 24 цагаар үйлчлэх үү?
-Зарим оюутны хувьд номын санд хонож хичээлээ хийх, шалгалтад бэлтгэх шаардлага гардаг. Тиймээс номын сангийнхаа нэг танхимыг 24 цагийн үйлчилгээтэй болгохоор төлөвлөж байгаа.
-Өмнө нь МУИС-ийн номын сан зөвхөн сургуулийнхаа оюутнуудад үйлчилдэг байсан. Одоо шинэ номын сангаар бусад сургуулийн оюутан болон иргэд, олон нийт үйлчлүүлэх боломжтой юу?
-Тийм. Номын санг зорьж ирсэн хүн бүрт үйлчлэх боломжтой.
-Номын сангаар үйлчлүүлэхийн тулд иргэд карт нээлгэх үү. Төлбөртэй юү?
-МУИС-ийн оюутнууд оюутны үнэмлэхээрээ үйлчлүүлэх боломжтой. Харин бусад хүн тодорхой хэмжээний төлбөр төлж, карт нээлгэх шаардлагатай. Одоогоор төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байгаа.
-МУИС-ийн салбар сургуулийн номын сангууд үйл ажиллагаагаа явуулах уу. Эсвэл энэ байранд төвлөрч, нэг номын сантай болж байгаа юу?
-МУИС-ийн I, II, III, VII байранд номын сантай байсан. Эдгээр номын сангийн номыг энэ байр руу зөөж байгаа. Хуучин номын сангуудыг хичээлийн танхим болгоно.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна