Монгол баялгийн сантай орны нэг. Энэ бол маргашгүй үнэн. Харин энэ сангийн дансанд хурааж хумьсан хэдэн төгрөг байдаг эсэх нь тодорхойгүй. Жил бүрийн улсын төсөв хэлэлцэх үеэр хууль тогтоогчдын хамгийн олон давтдаг үгийн нэг нь энэ “Баялгийн сан” гэх үг хэллэг болохоор ямартай ч энэ сан оршин тогтносоор байгаа юм байна гэдэгт итгэдэг.
Бурханы хуваарилалтаар буян хүртсэн азтай ард түмний нэг нь монголчууд. Тийм болохоор байгалийн баялагтай орнуудын жишгээр энэ санг байгуулсан нь олон жилийн өмнөх биш ч гэлээ бас нэн шинэ зүйл биш. Цаг хугацааны хүчин зүйлээр нь тооцож харвал энэ санд одоо боломжийн хуримтлал үүсчихсэн байх учиртай.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн тайлангийн үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Норвегийн сангийн жишиг туршлагаар Баялгийн сангийнхаа менежмент удирдлагыг хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хэрэв ингэж чадвал ура хашгираад дэмжихээс яах билээ. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том баялгийн сангийн нэг нь Норвегийнх юм. Бас хамгийн шилдэг менежменттэй нь. Энэ сангийн нийт хуримтлал өнгөрсөн оны сүүлээр нэг их наяд ам доллараас давсаныг тухайн үед Reuters дамжуулж байв.
2016 оны байдлаар
Тус улсын Баялгийн сангийн захирал Ингве Слингстад “1996 оны тавдугаар сард нефтийн орлогыг анх энэ сан руу шилжүүлж байлаа. Энэ сангийн хөрөнгийн хэмжээг 1 их наяд долларт хүрнэ гэж тухайн үед хэн ч төсөөлж байгаагүй. Баялгийн сангийн хөрөнгө 1 их наяд долларт хүрсэн нь манай улсын хувьд түүхэн чухал үйл явдал юм” гэжээ.
Их наядаар тоологдох хэмжээний хуримтлалын санг бүрдүүлж чадсан улс хүссэн хөрөнгө оруулалтаа хийж чадна, санхүүгийн ямар ч хямралын үед төсвийн хүндрэлээ даваад гарна, ирээдүй үеийнхэндээ энэ хэмжээний мөнгө санхүүгийн нөөц үлдээнэ.
Ийм их хэмжээний хуримтлал үүсгэсэн гэхээр олон жилийн үүх түүхтэй сан байх гэж эндүүрэв. Тийм биш. Норвегийн санг анх 1998 онд буюу 20 жилийн өмнө нефть, хийн ашгийг ирээдүйн үеийнхэнд хадгалах зорилгоор байгуулжээ. Одоо сангийн үнэлгээ нь Норвегийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 2,5 дахин их болоод байна. Анх сангийн хөрөнгийн хэмжээг 2020 он гэхэд ДНБ-ний хэмжээнээс 14,3 хувиар их байлгахаар төлөвлөсөн байжээ. Гэтэл 2,5 дахин их болжээ. 20 жилд ийм хуримтлал үүсгэж чадна гэдэг гайхамшиг. Бас хатуу чанд сахилга хариуцлага, шударга ёс, зөв оновчтой менежментийн ур чадвар харагдана.
Баялгийн сангийн 1 их наяд ам.долларыг хэр их мөнгө вэ гэдгийг багцаалж үзье. Норвегийн сангийн 1 их наяд ам долларыг тус улсын бүх хүүхдэд хуваарилбал хүүхэд тус бүрт 190 мянган доллар ногдоно. Товчхондоо хүүхэд нэг бүр нь 465 сая төгрөгтэй гэсэн үг. Түүнчлэн 1 их наяд доллар гэдэг бол 121 сая хүн амтай Мексик улсын ДНБ-тэй тэнцэхүйц хэмжээний мөнгө гэнэ.
Сангийн мөнгө ингэж халгиж цалгиж байгаа нь төр зардлаа тус санд даатгах гэсэн сөрөг хандлагыг бас өдөөчихжээ. Ийм учир саяхан шинэ журам гаргаж Засгийн газар нь сангийн хөрөнгийн 3%-ийг жилдээ ашиглах боломжтой болгож бууруулсан шинэ журам гаргажээ. Өмнө нь 4% буюу 235 тэрбум кроныг авч ашиглаж болох заалттай байсныг ингэж чангатгажээ. Тэгэхээр хуримтлалын хэмжээ ихсэх тусам төрийн хуруу хумсыг чандлан хязгаарладаг гэсэн үг. Мөнгөтэй байлаа гээд гарын салаагаар урсгахгүй, хямгадаж хэмнэхийн жишээ энэ болой.
Өнгөрсөн оны эхний хагаст тус сан 499 тэрбум кроны ашиг олсон бөгөөд 2017 оны зургадугаар сарын 30-ны байдлаар сангийн хөрөнгийн 65,1 хувийг хувьцаанд, 32,4 хувийг тогтмол ханштай үнэт цаасанд, 2,5 хувийг үл хөдлөх хөрөнгөнд оруулсан байв. Хоёрдугаар улирлын сүүлчээр сан дэлхийн зах зээл дэх бүх хувьцааны 1,3 хувийг атгасан байв. Харин Норвегийн хүн ам нь 5,3 сая бөгөөд дэлхийн хүн амын 0,1 хувьтай тэнцдэг гэдгийг жишиж бодож үзээрэй. Эндээс хуримтлалын мөнгөн дээрээ менежмент хийдэг нь харагдаж байна.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ийм л нэг жишиг сангийн менежментийг Монголдоо нутагшуулахаар зорьж байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид Норвегийн Вант Улсад ажиллах үеэрээ тус улсын төв банк болох Норгес банкны дэд дарга Егил Мацен тэргүүтэй удирдлагуудтай уулзжээ. Энэхүү Норгес банк нь /Norges Bank Investment Management/ нь Норвегийн “Тэтгэврийн сан-Глобал”-ын үйл ажиллагааг хариуцдаг аж.
Уулзалтын хүрээнд Норвегийн Вант Улсын газрын тос, хийн салбараас хуримтлуулсан хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын стратеги болон сайн засаглалтай нь танилцаж, тус улсын амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцжээ.
Монгол улс байгалийн баялгаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Гэвч иргэд нь ядуу, баялгийн хуваарилалт нь тэгш бус. Тиймээс баялгаа эдийн засагт өгөөжтэй, иргэдэд тустай, ирээдүй хойч үеийнхэндээ үлдэцтэйгээр ашиглах боломж нь энэхүү санг бүрдүүлэх явдал юм.
Баялгийн сан нь дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш хэлбэлзэхэд төсвийн тогтвортой байдлыг хангахын дээр төлбөрийн тэнцлийг бий болгож, эдийн засгийг халалтаас хамгаалах хэрэгсэл болдог. Тиймээс энэ сангаа байгуулсан шиг байгуулаад, бусдын сайн туршлагыг авч хэрэглэвэл ирээдүй хойч үедээ үлдээх өв тэр болно.
П.Булган
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна