Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна. Нийт тохижилтын ажил 60 хувьтай үргэлжилж байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд Хайлааст, Бэлх, Сэлх, Шаргаморьт, Гүнт зэрэг амуудаас орж ирж байгаа үерийн ус дамжин өнгөрдөг уулын гол учир өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.






ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна