Олон жил хоолны чиглэлээр төрөл бүрийн нийтлэл бичиж ирсэн сэтгүүлч Сиерра Тишгарт нь өөрийн хар багаасаа найзалсан хамгийн сайн найз Мэдди Моелистойгоо хооллож суухдаа анх бизнесийн санаагаа гаргажээ. 20 жилийн өмнө хүүхдийн зусланд анх танилцсанаасаа хойш үй зайгүй найзалсан 2 найз гал тогооны шинэ брэнд бий болгохоор шийдсэн нь ийнхүү амжилтанд хүрсэн байна.
Сиеррагийн хэлснээр түүний гал тогоондоо ашиглаж буй хайруулын таваг, хоолны сав зэрэг нь нэг л үзэмж муутай, өнгө дорой, ашиглахад ч эв хавгүй санагдсан байна. Ингээд эзэгтэй нарт хамгийн эвтэйхэн, гол нь ашиглахад амар, мөн гял цал өнгөлөг, сонирхолтой, загварлаг сав суулганы брэнд бий болгохоор сэтгэл шулууджээ. Энэ жил 28 настай Тишгарт, Моелис нар нь алдарт Forbes сэтгүүлийн “30 Under 30” буюу “30 нас хүрээгүй шилдэг 30” жагсаалтын хоол, хүнсний төрөлд шалгараад байна.
Тэд эхний ээлжийн хөрөнгө оруулалт болох 600,000 ам.долларыг найзууд, гэр бүлийнхнээсээ цуглуулсан бөгөөд анхны бүтээгдэхүүнүүдээ дээрхи санхүүжилтээр үйлдвэрлэсэн байна. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж, зах зээлээ тэлэхийн тулд “том хөдлөх” нь зайлшгүйг ойлгосон бүсгүйчүүд хөрөнгө оруулалт татах аян зохион байгуулжээ. 2 бүсгүйн санаа инновацилаг, шинэлэг, хэрэгжиж болохоор байсан тул хөрөнгө оруулагчдаас 3.35 сая ам.долларын санхүүжилтыг татаж чадсан байна. Гол хөрөнгө оруулагч нь төслүүдэд санхүүжилт хийдэг General Catalyst байжээ.
Ямартай ч, Тишгарт Моелис хоёр Great Jones нэртэй стартап компанийхаа дийлэнх хувийг өөрсдөө эзэмшиж байна. Бүтээгдэхүүнийхээ концептыг гаргахын тулд сэтгүүлч бүсгүй маш олон тогоочтой уулзаж, хоолны чиглэлээр бичсэн нийтлэлүүд, шүүмж зэргийг сайтар судалжээ. Ингээд “гоё ганган боловч барихад хамгийн эвтэйхэн, өнцөг нэг бүрийг бодож тунгаасан шинж чанартай” хоолны сав суулга хийх ажлаа эхлүүлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна