Ник Жонас, Приянка Чопра нар хуримаа хийлээ

2018/12/04
АНУ-ын нэрт дуучин Ник Жонас, Энэтхэгийн мисс, жүжигчин Приянка Чопра нарын хурим маш сонирхолтой зохион байгуулагдлаа. Энэтхэг ёслолоор эхэлсэн боловч, барууны маягаар явагдсан хурим нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Энэтхэг улсын Жодпур хотод байдаг Бхаван нэртэй эртний тансаг харшид Приянка, Ник нар амьдралаа холбожээ. Хосууд хуримын өдрөө алдарт Ralph Lauren-ы хувцсыг өмссөн бөгөөд хуримд дуучин Ник Жонасын том ах Кевин Жонас, ах Жой Жонас нь сүйт бүсгүй Софи Тюрнерийн (Game of Thrones-ын Санза Старк) хамтаар оролцсон байна.


 
Хоорондоо 10 насны зөрүүтэй хосууд маань өмнө нь хоёр биенээ зүс таньдаг байсан ч, 2018 оны эхээр албан ёсоор болзож эхэлсэн юм. Улмаар энэ оны 8 дугаар сард сүй тавьж, 12 сарын 2-нд ийнхүү хуримаа хийлээ. Энэ жил 26 настай Ник Жонас нь 2 ахынхаа хамтаар Jonas Brothers хамтлагт олон жил дуулж байгаад, 2015 оноос хойш соло карьераа хөөх болсон нь зөв алхам байсан. Түүний сүүлийн жилүүдэд гаргасан цомгууд нь сайн борлогдсоны зэрэгцээ, дэлгэцийн хэд хэдэн бүтээлд хүч үзээд амжсан.


 
Тэгвэл Дэлхийн Мисс тэмцээний 2000 оны ялагч, нэрт жүжигчин, продюсер, дуучин Приянка Чопра (36 настай) нь 2013 он хүртэл Болливудын кинонуудад, харин 2014 оноос хойш Холливудын томоохон бүтээлүүдэд тоглох болсон юм. Тэрбээр шилдэг жүжигчин, гоо бүсгүйн имиджээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн элч төлөөлөгчөөр 2006 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Приянка нь хүрээлэн буй орчин, эрүүл мэнд ба боловсрол, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлын төлөө хүчтэй дуу хоолой болсон эмэгтэй билээ.


 
Ник, Приянка нар өнгөрсөн бямба гарагт хуримаа Христийн ёс заншлын дагуу, ням гарагт нь Хиндү шашны ёслол үйлдсэн нь ихээхэн онцлогтой байлаа. Бхаван харшид хурим маш сүрлэг болж, хуримын зоогийн дараа бүтэн 1 цаг баярын салютын буудлага хийжээ. Тэдний хурим Жодпур хотоос Дели рүү шилжиж, тэнд ч гэсэн томоохон ёслол, найр болно хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна