Халдварт саагийн эсрэг вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлнэ

2019/03/25
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, ажлын чиглэл болон зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэлээ. 

Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өгч, халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхтэй холбогдуулан дүүрэг бүрт сургалт зохион байгуулж эхэлжээ. 

Энэ удаагийн хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд цаашид эмч, мэргэжилтнүүдийн харьцаа хандлага, цаг ашиглалт болон сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг санууллаа.

Түүнчлэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-нд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяны бэлтгэл ажлыг хангах, эмнэлгүүдийн орны фонд ашиглалтын судалгааг гарган төлөвлөгөө боловсруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: НЭМГ 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна