Чанартай юм гээд Япон машинаа унацгаах уу, ирээдүйд гарч болох осол аваараас болгоомжилж баруун гар талдаа жолооны хүрдтэй машинаас татгалзах уу. Энэ асуудал өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг татлаа. Учир нь, Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхгүй байх заалт багтсан байсан юм.
Монгол Улс 1999 онд анх Авто тээврийн тухай хуультай болсон түүхтэй. Хууль анх батлагдаж байх үед манай улс 70 мянга хүрэхгүй тээврийн хэрэгсэлтэй байжээ. Ихэнх нь зүүн гар талдаа жолооны хүрдтэй байсан нь ойлгомжтой. Харин өнгөрсөн 2018 оны эцсийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 970.8 мянгад хүрэв. 20 жилийн дараа Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ихэнх нь баруун гар талдаа жолооны хүрдтэй болжээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчлийн тоо ч өсжээ. Тухайлбал, сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд жилд дунджаар 32 мянга 100 осол гарч, 10.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1289 хүн гэмтэж, 558 хүн нас барж байна. Ийнхүү 20 жилийн хугацаанд авто тээврийн салбарт асар их өөрчлөлт гарсан учраас Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн найруулан батлах шаардлагатай болжээ. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин энэ удаад шинэчлэн найруулсан төслөө батлуулахаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд төслөө өргөн барьсан. Товчхондоо, Засгийн газар баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүргэхийг хориглох саналаа УИХ-д өргөн барьсан гэсэн үг.
Эрх баригчид сошиалд хөтлөгдөж ажилладаг нь батлагдав
УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байрлуулсан хуулийн төслийн 23.7-д баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байхаар тусгажээ.
23.7. Дараахь авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно:
23.7.1. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын шаардлага хангаагүй;
23.7.2. Баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгсэл;
23.7.3. Зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэлт хийгээгүй, албан татвар төлөөгүй;
23.7.4. Тухайн авто тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт нь техникийн баримт бичгээс зөрсөн, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: “Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ийм заалт байхгүй”.
Баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох заалт Авто тээврийн тухай хуулийн шинэ төсөлд байхгүй. 2021 оноос эхлээд хориглоё гэсэн бодлого ч яамнаас гараагүй. Өөр мэдээлэл яваад байх шиг байна.
Энэ асуудлыг сайн судалж байж шийдэх ёстой. Баруун гар талдаа жолооны хүрдтэй машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осол гаргах тохиолдол өндөр. Манай улс зүүн гарын дүрэмтэй. Гэхдээ манай яам энэ өөрчлөлтийг хийх цаг нь биш гэж үзэж байгаа. Яг нарийндаа баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машин осол гарахад хамгийн их нөлөөлж байна гэсэн судалгаа байхгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд үзэгдэх орчин хүндрэлтэй байдаг. Тиймээс хориглох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Нөгөөтэйгүүр баруун гар талдаа жолооны хүрдтэй буюу Япон машин илүү чанартай гэсэн хэрэглэгчдийн судалгаа байдаг. Одоо иргэдийн унаж байгаа машины ихэнх нь Япон машин. Ялангуяа шатахуун бага зарцуулдаг Приус маркийн машин олон. Тиймээс энэ хэрэглээг хориглох санал санаачилга одоогоор Засгийн газарт байхгүй.
Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох заалт орсон тухай мэдээлэл гарч олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татсанаас хойш дөрөв хоногийн дараа ийнхүү Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэн будилсан тайлбар хийв. Засгийн газраар хэлэлцүүлээд өөрөө өргөн барьсан төсөлд нь дээрх заалт орсон байтал “Тийм зүйл байхгүй” гэж түгдрэхгүйгээр дуржигнуулах нь тэр. Олон нийтийн хандлага ийнхүү Б.Энх- Амгалан сайдыг худлаа ярихад нөлөөлсөн бололтой. Баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг хориглоно гэдэг эрх баригчдын хувьд яахын аргагүй болгоомжлох сэдэв.
2013 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машины импортыг хориглох бус зөвхөн долоо хоног бүрийн ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гаргаад шүүмжлэлийн бай болж байлаа.
Э.Бат-Үүл:
Сүүлийн үед нийслэлд гарч байгаа авто ослын тоо харьцангуй нэмэгдсэн. Мэдээж эдгээр ослын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, согтуу байх үедээ машин барьсантай холбоотой. Гэвч осол гаргаж байгаа шалтгаануудыг нь байр эзлүүлээд харахаар буруу талдаа рультэй авто машин дийлэнхийг нь эзэлдэг. Үүнтэй холбоотой хэдэн баримт дурдъя л даа. 2010 онд гарсан 50.2 хувь, 2011 онд 51.6, 2012 онд 59.2 гэх зэргээр буруу талдаа жолооны хүрдтэй машинаас үүдэлтэй зам тээврийн осол дандаа өссөн байх жишээтэй. Нэг ёсондоо буруу талдаа жолооны хүрдтэй авто машины тоо өсөх тусам зам тээврийн осол өсч байна. Ялангуяа нийслэлийн гаднахь хурдтай явдаг томоохон замууд дээр гарч байна. Нөгөө талаас манайх шиг зам муутай газар хамгийн тохиромжтой тээврийн хэрэгсэл нь Япон автомашин. Гэхдээ би долоо хоногт ганцхан өдөр шүү дээ гэж иргэдээсээ гуйгаад байгаа юм. Тэгж ярих юм бол дулааны улиралд авто машингүй өдөр ч зохион байгуулж байсан биз дээ.
Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны нэгдүгээр сарын 11-ний хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж байлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
Импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгдсэн. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатын танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй авто машины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газраас түүнд даалгаж байсан юм. Энэ тухай мэдээлэл гарч мөн олон нийтийн сүлжээнд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн учраас энэ ажил урагшлаагүй. Энэ удаад ч эрх баригчид олон нийтийн эсэргүүцлээс болгоомжлоод шийдвэр гаргаж чадахгүй бололтой. Дээрээс нь сонгууль дөхөж байгаа үед ийм шийдвэр гаргах нь эрсдэлтэй гэж үзнэ.
Эрх баригчид л болгоомжилж байгаа болохоос биш баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг хориглох саналыг олон нийт дэмжих магадлалтай. Eagle. mn сайт “Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглохыг та дэмжих үү” гэсэн асуулга явуулахад уг санал асуулгад оролцсон 1783 хүний 50.3 хуь буюу 896 нь дэмжсэн байна. Харин 2013 онд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг долоо хоног бүрийн ням гаригт хөдөлгөөнд оролцохыг хориглох асуудлаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санал асуулга явуулахад 100 мянган хүний 18.8 мянга нь л дэмжсэн юм. Энэхүү хоёр судалгааг харьцуулж үзвэл иргэдийн байр суурь өөрчлөгджээ. Үүнээс үзвэл зам тээврийн ослын шалтгаан иргэдийн үзэл бодолд нөлөөлж эхэлсэн бололтой. 2015 онд зам тээврийн ослын улмаас 429 хүн нас барсан болон 2016 онд энэ тоо 488 болж 59-өөр нэмэгджээ. Мөн осол гаргасан авто машины 50-иас дээш хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй авто машин байдаг нь ослын бүртгэлээр баталгаажжээ.
Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөг үнэлсэн “Сивко консалтинг” хуулийн фирм үнэлгээнийхээ тайланд “Монгол Улсад гарч байгаа зам тээврийн ослын судалгаанаас харахад 2014 онд гарсан 11630 ослын 59, 2015 онд гарсан 41064 ослын 26445 нь буюу 64.4 хувьд нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл осолд орсон байна. Иймд баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог нэмэгдүүлэхгүй байх зохицуулалтыг тусгах замаар замын хөдөлгөөний осол, зөрчлийн тоог бууруулах зорилгыг хангах боломжтой. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгайлан авч үзэх, ингэхдээ автомашин импортлогчдод хохирол учруулахгүй байх боломжит хугацааг тооцоолох, эсхүл хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тусад нь боловсруулж уг зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг тусгах, нөгөө талаас авто үйлчилгээ эрхлэгчдэд эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдлыг сайтар тооцоолох хэрэгтэй” гэжээ.
Чанартай юм гээд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машинаа унаж жил бүр хэдэн зуун иргэнээ орон нутгийн замд ослоор алдсаар байх уу, эсвэл ийм төрлийн машинуудыг хориглож зам тээврийн ослын тоог бууруулах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Уг нь хүний амьтай зүйрлэгдэх чанартай машин гэж хаана ч байхгүй баймаар. Гэвч энэ шийдвэрийг гаргахад эрх баригчдад эр зориг дутах бололтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна