Хуульч Д.Миеэгомботой ярилцлаа.
-Шууд асууя. 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?
-Эрхтэй. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж байгаа шүү дээ. Одоогийн Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн өмнөх өөрчлөгдсөн заалтаар сонгогдсон Ерөнхийлөгч. Түүнийг улируулан сонгох тухай заалт байсан нь хүчингүй болсон. Хамгийн товчхондоо бол одоо “50 нас хүрсэн хүнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг анх удаа хэрэглэж 2021 онд сонгууль явуулна. Тэгэхээр парламентад суудалтай нам, намууд эвсч энэ болзлыг хангасан хэнийг ч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, дэвших эрхтэй. Х.Баттулга гэж хүн нэр дэвшиж, сонгогдох эрхтэй.
-Сүүлийн үед энэ асуудлаар улстөрчид төдийгүй учир мэдэх хуульчид янз бүрээр ярьж маргалдах боллоо?
-Үүний учир шалтгаан эрх зүйн онолын хувьд маш ойлгомжтой юм. Аливаа эрх зүйн хэм хэмжээний дотоод бүтэц гэж байдаг. Үүнд Гипотез буюу нөхцөл заасан хэсэг. Диспозиц буюу зан үйлийг журамласан хэсэг, санкц буюу хариуцлага тогтоосон хэсэг. Ийм бүтэцтэй. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь заалтыг үүгээр задалбал, “таван жил оршин суусан, 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн” гэдэг нь гипотез, харин түүнийг “Зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь диспозиц болно. Энэ хэм хэмжээний дотоод бүтцээс “нэг удаа сонгоно” гэдгийг тасдаж аваад өмнөх өөрчлөгдсөн хэм хэмжээ буюу “45 настай, уугуул Монгол иргэнийг сонгоно” гэсэн заалттай харшуулж уншаад, үүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгогдох эрхийг хязгаарлана гэж байхгүй. Учир нь энэ бүтэц нэгдмэл юм. Тэгэхээр гуйвуулж яриад байгаа улстөрч, хуульчид бол улс төрийн өөр зорилготой байна. Түүнээс биш онолын үүднээс энэ тайлбарыг хуульч хүн бүр, тэр байтугай хуулийн мэргэжлийн нэгдүгээр анги дүүргэсэн оюутан ч ойлгоно.
-МАН, УИХ-д олонхийн суудалтай байхдаа, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үүгээр 1992 оны Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгуулал буюу төрийн эрх мэдлийг хуваарилсан хэсэгт зарим өөрчлөлт орсон. Тухайлбал, Ерөнхий сайд, сайд нарын томилгоо, Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудад зарчмын өөрчлөлт хийж чадсан уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ихэнх нь хэрэгжиж эхэллээ. Энэ цаг үед хуулийн үйлчлэлийн тухай ярилцаж, олон нийтэд оносон ойлголт өгөх нь зөв. Нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн төрийн байгуулалтай холбоотой хэсэгт, Ерөнхий сайдын эрх мэдлийг шууд болон дам шинжтэй нэмэгдүүлсэн. Энэ нь парламентын оролцоо, эрх мэдлийг бууруулсан нэмэлт, өөрчлөлт боллоо.
Дараагийн нэг асуудал нь шүүх эрх мэдлийг хараат бус болгоход чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан өөрчлөлт хийлээ.
-Агуулгын хувьд тодруулж, тайлбарлахгүй юу?
-Нэгдүгээрт, Ерөнхий сайд өөрийн танхимыг парламент болон Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр бие даан томилж, чөлөөлөх эрхтэй болсон. Ерөнхий сайдыг огцруулах боломжийг хумьж, УИХ-ын тогтоол батлах хувийг илүү их болгосон. Нийт 76 гишүүний олонхиор шийдвэрлэхээр заасан. Ийм өөрчлөлтүүдийг хийснээр Ерөнхий сайдад илүү их эрх, түүнийг дагасан хариуцлага оногдож байгаа. Сонгуулиар нийт сонгогчийн хүсч дэмжсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж, үүрэг парламентаас хамаарахгүйгээр Ерөнхий сайдад ирж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Улсын нэгдсэн төсвийн зардал болон алдагдлын хэмжээг парламент нэмэгдүүлэхгүй байх тухай өөрчлөлтийг мөн Үндсэн хуульд оруулсныг тэмдэглэн хэлье. Шүүх эрх мэдлийн хувьд, өмнө нь УИХ-аас баталсан Шүүхийн захиргааны хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч дангаараа байгуулж байсан гажуудлыг засч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 байхаар Үндсэн хуульд хуульчилж, түүний тавыг шүүхээс бүрдүүлэхээр заасан. Түүнчлэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах эрх бүхий шүүхийн сахилгын хороотой байхаар мөн заасан. Одоо энэ хороог байгуулах талаар Шүүхийн тухай хуульд ид маргаж байна. Ерөнхийлөгчийн хувьд түүнд органик болон ердийн хуулиар олгох бүрэн эрхийг Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хүрээнд хумьсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бүрэн эрх зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдаж байгаа. Бусад хууль тогтоомжоор эрх нэмж авах боломжгүй болгосон.
-Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт бидний хүсч хүлээж, олон жил ярьж байсан асуудлыг шийдвэрлэхгүй гэж үү?
-Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэдгээрийг тэнцвэржүүлсэн 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал гажуудаж алдагдлаа. Гүйцэтгэх эрх мэдэл, түүний тэргүүн болох Ерөнхий сайдад хэт их эрх мэдлийг төвлөрүүлж УИХ-д олонхийн суудал авсан намын дарга Ерөнхий сайд парламентыг удирдаж, Засгийн газарт тавих парламентын хяналт үгүй болох жишиг тогтлоо. Шүүх эрх мэдлийг парламентын хяналтад үнэн хэрэг дээрээ Ерөнхий сайдын хяналтад авахаар оролдож байна. Энэ сонгогчдын, Монголын ард түмний хүсэн хүлээсэн өөрчлөлт биш. “Нэг толгойтой болох хэрэгтэй” гэдэг бол ихээ хариуцлагагүй, мэдлэггүй үг. Гэтэл парламент бол Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага. Одоо парламентын олонхи намын бүлгийнхээ хяналтад орчихлоо. Бүлэг дээр гаргасан шийдвэр төрийн эрх дээд байгууллагын шийдвэр болсон. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд “УИХ-ын гишүүн ард түмний элч нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж зааснаас бус намын элч байна гэж заагаагүй.
-Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн байр, суурь бас яваад байна?
-Нам нь төрийн дээр, намын дарга-Ерөнхий сайд нь тэр бүхний дээр сууж байна. Энэ нь улс төрийн намын эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг зориуд орхиж сүүлийн 30 жил “хаяж”, нам гэдэг нь төрийн эрхийг авч төсвийн хөрөнгө, тусгай зөвшөөрөл, түүгээр дамжуулж газар, газрын баялгийг тонон мөлжиж хувь хүмүүс хөрөнгөжих аппарат болж биежсэнд байна. Энэ аппарат төрийн эрхээр тэтгүүлж хууль, журмаас, шүүхийн хяналтаас гадуур оршиж байгаагийнх юм. Цаашид ч байх нь л дээ. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөс түрүүнд дурдсан, “Засгийн газрын өргөн мэдүүлсэн улсын Төсвийн төслийн зардлыг УИХ нэмэгдүүлэхгүй” гэдэг заалт парламентын хяналтыг төгсгөл болгох юм гэж хэн санах билээ. Энэ заалт хууль журам тогтсон, улс төрийн соёлын түвшин өндөр улс оронд бол төрийн тогтолцооны тэнцвэрийг алдуулах хэмжээний заалт биш юмсан.
Гэтэл манайд байгаа сонгуулийн мажоритар тогтолцооны гайгаар мөнөөх л жалгандаа таалагдах гэсэн, улирч сонгогдох нь амьдралын зорилго болсон парламентчдын хувьд өөрийг нь сонгосон тойрогт төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийлгэхүйц төсвийг Засгийн газраар өргөн бариулав. Үүний төлөө Ерөнхий сайдад “нэгэнтээ сөгдөх”, түүний тендерийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас шалгаруулж өөрийг нь давхар санхүүжүүлэх “өөрийн тал”-ын хүнд өгүүлэх гэж хоёронтоо “сөгдөх”, эцэст нь дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ олж авах гэж намын дарга-Ерөнхий сайддаа дөрвөн жил “сөхрөөтэй” байгаа нь ил харагдахгүй байна гэж үү.
-Үндсэн хуульд зааснаар Төрийн тэргүүн энэ мэт гажуудлыг сануулах, зохицуулах үүрэгтэй биз дээ?
-Би Үндсэн хуулийн өөрчлөлт, түүнийг дагуулж парламентаас хийж байгаа тодорхой хууль тогтоомжийн өөрчлөлт, хандлага, улс төрийн соёл, ухамсарын түвшинтэй харьцуулаад байдал ямар байгааг зураглаж хэлж байна. Ерөнхийлөгч үү, дээр дурдсанчлан Ерөнхийлөгчийн бүрэн эрх маш хязгаарлагдмал болж үлдсэн. Харин ч одоогийн Ерөнхийлөгч байгаа тулдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хоорондоо ойлголцож байгаа тулдаа асуудал энэ зэрэгтэй удсан байж болох юм. Дараагийн удаа ийм байна гэсэн баталгаа байхгүй. Одоогийнхоос сул дорой хүн Ерөнхийлөгч болбол эсвэл увайгүй муу хүн Ерөнхий сайд болбол хууль эрх зүйн ийм боломж дээр ямар үйлдэл хийж, түүнээс ямар үр дагавар гаргах бол доо. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчөөс хурааж байгаа эрхүүдийг парламент, шууд Ерөнхий сайдад нэмээд байна шүү дээ. Тухайлбал АТГ-ын даргад томилуулахаар нэр дэвшүүлэх эрхийг, түрүүн дурдсан шүүхийн сахилгын хороог байгуулах эрхийг ч эцэст нь Ерөнхий сайд-намын дарга эдэлнэ. Ингэх гэж Үндсэн хуулийг өөрчлөөгүй шүү дээ. Илүү хараат бус болгоё гэснээс бус, зүйрлэбэл чонын амнаас гараад барын аманд гэдэг шиг байж таарахгүй. Өнөөдөртөө Ерөнхий сайдын нам, төрийн хууль тогтоох эрх мэдэлд нөлөөлж байгаа нөлөөллийг шууд хязгаарлах, залах боломж байхгүй. Ерөнхийлөгч улс төрийн нөлөө үзүүлж л болох юм. УИХ-д, ард түмэндээ илгээлт бичих, Засгийн газарт чиглэл өгөх зэргээр л эрх нь хязгаарлагдах болов.
-Тэгээд одоо бид яах ёстой вэ. Дахин Үндсэн хуулиа өөрчлөх үү?
-Би баахан эсэргүүцэж шүүмжлэхийг л зорьсон мэт харагдаж болно. Гэхдээ болохгүй зүйлийг уудалж хэлэхээс өөр яалтай. Шийдэл байгаа юу гэвэл байж таарна. Бидний 1992 онд сонгож авсан парламентын төрийн тогтолцоо бол нэгдүгээрт, “төлөвшсөн улс төрийн нам”, хоёрдугаарт, “мэргэшсэн төрийн алба” гэсэн хоёр тулгуур баганатай. Нэн тэргүүнд хийх ажил бол улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлэх юм. Улс төрийн үзэл санаа, үнэт зүйл, зарчимд суурилсан, тэдгээрийг тойрч нэгдсэн, санхүүжилт ил тод, гишүүд гэхээсээ илүү дээрх үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлд нэгдсэн цөөхөн ч хамаагүй гишүүн, тэдний үзэл санаа хөгжлийн хөтөлбөрийг дэмжих дэмжигчдэд суурилсан улс төрийн намтай болох хэрэгтэй. Ийм намыг шинэтгэн төлөвшүүлэх, эрх зүйн орчинг бий болгох нь чухал. Төрийн албыг улс төрийн намын хавсарга болгож буйг нэн даруй зогсоож, мэргэших, чадавхижих боломжийг нь нээж удирдлагыг нь гарт нь өгөх, улс төрийн намын халаа сэлгээ, дарамтаас үтэр түргэн салгах хэрэгтэй. Мөн төсвийн хулгайг таслан зогсоох, үүний тулд төсвийн хөрөнгө оруулалтын нийгмийн болон эдийн засгийн үр өгөөжийг урьдчилан тооцож эрэмбэлэх, эдгээрийг төсвийн төсөл боловсруулахад мөрдөх, хожим үүгээр боловсруулсан, хянасан алба, албан тушаалтанд хариуцлага тооцох шинэтгэлийг даруй хийх шаардлагатай байна. Одоо байгаа Үндсэн хуулийн хүрээнд, төрийн байгууллын хүрээнд нэн тэргүүн хийх ажил шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна