Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг дахин шалгуулахаар боллоо

2021/01/16

Сэлэнгэ аймгаас хууль тогтоох дээд байгууллагад нэг бус удаа  сонгогдсон, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэхээр товлосон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээс хойшлуулсан билээ. Харин энэ удаа өмгөөлөгч нар ямар нэг хүсэлт гаргаагүй учраас 17.00 цагийн үед хэлэлцэж эхлэн 19.30 цагийн үед зөвлөлдөх тасалгаанд орж 23.45 цагийн үед тогтоолоо танилцуулсан юм.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм. Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатар, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал нарт Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Ховд аймагт найман тусгай зөвшөөрөл олгосон буруутай гэж анхан шатны шүүх үзсэн юм. Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэсэн билээ. Улмаар С.Мандахбатыг цагаатгаж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жил, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт гурван жил хорих ял шийтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5-6 жилийн хугацаагаар хассан билээ.
Давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээж, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарынхыг багасгасан юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан нар шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэн хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Харин  Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна