ФОТО: УОК-ыг огцрохыг шаардан иргэд жагсаж байна

2021/01/20

"Өргөө" амаржих газарт амаржсан эхээс өчигдөр PCR шинжилгээ авахад халдвар илэрсэнтэй  холбоотойгоор ХӨСҮТ рүү хүргэхээр авч явахдаа гадуур хувцасгүй гаргасан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. 


Үүнтэй холбоотойгоор өнөөдөр иргэд, олон нийт үзэл бодлоороо нэгдэн Сүхбаатарын талбайд жагсаж байна.  Жагсаалд оролцогчид  Улсын Онцгой комисс огцрох цаг болсныг илэрхийлж, хүний эрхийг дээдлэхийг уриалж байгаа юм. Төв талбай дээр амаржсан эмэгтэйн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр бие давхар бүсгүй ч ирсэн байна. Жагсагчдын зарим нь унтлагын хувцас, гэрийн углааш өмсөн иржээ. 

Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "“Өргөө” амаржих газар болон ХӨСҮТ  тухай эхийг шилжүүлж өгөхдөө, авахдаа бүх дүрэм, журмыг зөрчсөн. Халдвар гарсан үед өвчтөнийг тусгаарлах өрөө бүх эмнэлэгт  байгаа. Тусгаарлах өрөөнд тэр эхийг байлгаж байгаад дулаан хувцас өмсгөсний дараа шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байсан ч эмнэлгүүд хариуцлага алдсан байна.

 Нийслэлийн “Өргөө” амаржих газар нийслэлийн харьяа байгууллага. Тиймээс НЭМГ болон “Өргөө” амаржих газарт хариуцлага тооцох асуудлыг Эрүүл мэндийн сайд  Хотын даргад хүргүүлсэн” гэж мэдэгдсэн юм.


 Харин иргэд УОК-ын удаа дараагийн хариуцлагагүй үйлдлийн золиос нь иргэдийн амь нас, эрүүл мэнд болж байгаа учраас УОК огцрох ёстой гэж үзэн Сүхбаатарын талбайд зайгаа барин жагсаж байна. Энэхүү жагсаалд иргэд сайн дураараа нэмэгдэн ирсээр байна. 

Цар тахлын үед жагсаал хийхийг хориглосон ч иргэд өөр хоорондоо зайтайгаар, ямар нэгэн зохион байгуулалтгүйгээр зогсож байгаа учраас цагдаагийнхан шаардлага хэн хүргэж, ямар хүнтэй хариуцлага тооцох эсэх нь ойлгомжгүй байна.  

Г.Сар
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна