​ Р.Эмүжин: Хүрэлсүх ээ, хүрлийхгүй шүү, хүний олонд бариулахгүй шүү!


Ерөнхий сайд Хүрэлсүх танхимаараа огцрох санал оруулж, МАН-ын удирдах зөвлөл дэмжлээ. Энэ бол түүний өгч буй томоос том дохио. Өөрчлөх гэж зүтгэсэн зүтгэл болгон нь ямар олон саад бэрхшээл, улс төрийн хор, урдаас нь тасхийтэл савдаг хаалгыг гатлан өнөөг хүрснийг ер нь бид мэдэх бил үү? 

Энэ хүн Ерөнхий сайд, МАН-ын дарга болмогцоо Н.Энхбаяр, ЦЭлбэгдорж нарын үед Ерөнхийлөгчийн суудлын дор ивээс болгож авсан Төрийн албаны зөвлөлийг бие даалгасан. Анхнаасаа л Элбэгээ, Энхбаяр нарын нохойд барьдаг мод болж байгуулагдсан АТГ-ыг гүйцэтгэх засаглалд авчирсан. Шүүхийн сахилгын хороо гэж авлига, алуурын багийг шинэчлэх гэж ширүүхэн үзэлцэж байгаа. 

Засгийн газраа байгуулахдаа мэргэжлийн, залуу сайд нарыг залаад оруулаад ирсэн...энэ бүхэн тийм амар гэж бодож байна уу, тэр болгон эрх мэдэлтнүүдэд таалагдана гэж санаж байна уу? Үгүй. Таалагдахгүй байх тусмаа тарааж хаях гээд тамшаалж байгаад хэдэн сар хэмлэлээ.

 Шинэ Засгийн газрыг байгуулагдсанаас нь хойш балбалаа. Зөв байсан ч дайрна, буруу байсан ч дайрна. Оносон ч дайрна, алдсан ч арчина. Энэ бүхэнд өөр зорилго, өөр нөлөө, өөр ашиг сонирхол байгаа гэж бодож үзэв үү? Төр барих удирдагчгүй Монгол, төр түших түшээгүй Монголыг хүссэн хэд хэдэн бүлэглэл гаднаас чинь өнгөлзөж байхад хүрэн зүрхт хүний үр нэгтгээд босоод ирсэн нь хэнд таалагдсангүй вэ, хэний эрх ашгийг зөрчив? Эцэстээ хамгийн их түшиг тулгуур нь болж байсан сайд нарыг нь эмч эмнэлгийн ажилтны алдаанаас болоод огцруулж байна. 

Сайн, хүчтэй, зоригтой сайдгүйгээр энэ хүн чинь яаж урагшлах юм, яаж төр барих юм, яаж өөрчлөх юм? Боломжгүй. Тийм ч учраас " Хамгийн их ачаа үүрч байгаа сайд нараа явуулчихаад яаж ажиллах юм, галын шугамаас нөхдөө хаяад хэрхэн урагшлах юм?" хэмээн ард түмнээсээ асууж байна. Энэ асуултаараа, эл огцролтоороо тэр "Өөрчлөлтийг бид хамтдаа хийнэ, би энд зүтгээд, бид энд зүлгээд, олон нийт өөрчлөгдөхгүй бол, алба ажил эрхлэгчид хүн чанартай, сэтгэлтэй байж чадахгүй бол Монгол Улс урагшаа алхахгүй" гэж шуудхан хэлж байна. Энэ ч бас үнэн. Эл шийдвэрт нь түүний хувийн зан чанар ч бас нөлөөлж байгаа, угаасаа албан тушаал гэж үхээд байдаггүй, хаяад явдаг, эрх мэдэл гэж зууралдаад байдаггүй эргээд алхчихдаг шулуухан нөхөр шүү дээ. Эгэл иргэд тээр дээр байгаа төрөө саравчлан, өөрчлөх хэрэгтэй байна, өөрчлөөд өгөөч дээ гэж хэчнээн хашгираад ч тэнд сонсох хүн үгүй хэдэн аравныг туулсан. Гэтэл одоо төр төлөөлсөн удирдагч нь өөрчилмөөр байна, өөрчлөе гээд зүтгэхэд хүлээж авах хөрс нь үгүй болсонтой адил болжээ. Бид дээрээсээ дороо хүртэл ялзарсан байна, үнэр орсон байна, үлбийсэн байна. Шүүмжилж, шүлсээ үсчүүлэхээс өөр шүүрээд авах юм хийхээ больсон байна. Гэхдээ юу гээч? Хүрэлсүх ээ, хүрлийхгүй шүү, хүний олонд бариулахгүй шүү. Энэ эхэлсэн өөрчлөлтүүдээ үргэлжлүүлэх чин зориг цээжинд чинь байвал дэмжье. Зүрхний галаа дахин асаана уу, зүглүүлж өрдөөд учир мэдэх ард түмэн чинь түшнэ. Монгол барагдах болоогүй шүү, мохошгүй, мөхөшгүй энэ ард түмний оюунт үр сад одоо л цэлмэж байна!

Нийтлэлч Р.Эмүжин



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.5.206.6
    2021/01/21

    Зөв шүү. Монголын төр засаг эмх цэгцэнд орж шударга ёс хариуцлага сайжирч байгааг нэг нүдээрээ үзэж чаддаггүй хүний өөрийн ноход бөөрлөж хуцалдсаар ийм байдалд хүргэсэнд түмэн олон бид л хохирно. Үр хүүхдүүдтэйгээ хамт хохирно. Ерөнхийлөгч яагаад эв нэгдлийн бэлэг тэмдэг байж чадахгүй байгаа юм бэ? Яагаад эвтэй найртай ажиллаж нэг зорилготой байж чадахгүй байгаа юм бэ? Албан тушаал алдар нэр тийм чухал юмуу? Түмэн олондоо үнэлэгдэж хүндлэгдэхээс өөр эрхмэ юм хүний амьдралд байхгүйш дээ.

    Хариулах
    • 202.9.40.35
      2021/01/22

      Ерөнхийлөгч Баттулга ажлаа авангуутаа Их хурал тар Засгийн газрыг тараана гэж хэлдэг үг нь энэ .энэ үг үйлдлээ хэрэгжүүлэхийн тулд жагсаал цуглааныг турхирч онц аюултай халдварт өвчний үед түгжилдэхээ болио. Ард түмэн мэдэж байгаа шүү

  • 59.153.112.198
    2021/01/21

    залуу сайдыг үргэлжлүүлж ажилуулах хэрэгтэй дээ ийм их ажлын үед явуулж болохгүй

    Хариулах
  • 203.91.115.40
    2021/01/21

    Үнэнг хэлжээ. Баттулгыг улс төрөөс ЗАЙЛУУЛ хүн хог

    Хариулах
  • 64.119.17.32
    2021/01/21

    Тийм шүү . Зөв дэмжиж байна.

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/01/21

    Залуу сайд Мөнхсайхан үнэхээр залуу хүн шиг сайхан өөрчлөлт хийж байсан юмсан, хайран

    Хариулах
  • 192.82.72.237
    2021/01/21

    Дунд шатанд ураг төрөл, нутаг усныхаа татаасаар гарч ирсэн хурган дарга нар бол арай л бгаа шүү. Ялангуяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа агентлагууд. Үнэндээ л ажил хийхгүй самарч байна даа. Дээгүүрээ зүтгээд бдаг дундаас доош давхрагын дарга нар төрийн нэрээр тоглож байгаа шүү. Хүнээ зөв сонгомоор байна. Даргын суудлыг цөөлмөөр байна.

    Хариулах
  • 64.119.26.125
    2021/01/21

    Зөв Эмүжинг дэмжиж бна. Хүүкийг ерөгхийлөгч болгомоор байна. Ураа

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/01/21

    Маш зев унэн бичжээ дэмжиж бна

    Хариулах