Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг даваа гарагаас эхлүүлнэ

2021/02/07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021.02.06-нд Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

“Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 228.6 мянган иргэн 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсныг төрөөс нэг удаа төлсөн байдаг.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.59
    2021/02/08

    Энэ засаг гуай тэтгэврийн зээлгүй хөгшчүүлд 1 сая ₮ өгнө гэж удаа дараа ярьсаар 2 жил боллоо доо. Ингэж хуурдагаа болимоор юм. Аль эсвэл өгөх гэсэн мөнгөө угаагаад бна уу? Тэгвэл ч 1 биш 2 сая₮ өгөх юм биш үү??? Төрд гарахаараа худлаа амладгаа боль.

    Хариулах