ЭМЯ: 40 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,247 боллоо

Өчигдөр 11 цаг 03 минут

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.02.12) мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 30468  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 40 хүнээс халдвар илэрлээ. Бүртгэгдсэн тохиолдлуудаас нэг нь Токиогийн нислэгээр ирсэн хүн бол үлдсэн 39 нь өмнө нь бүртгэгдсэн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод батлагдсан тохиолдол 1409, улсын хэмжээнд 1735 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч, гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 2247. Үүнээс 1640 буюу 73 хувь нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 582 хүн байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 84, хөнгөн 494 хүн байна.

Анх батлагдсан тохиолдыг илрүүлэхдээ хамт байсан бүх хүмүүсээс шинжилгээ авдаг. Халдвар батлагдсан тохиолдолд ХӨСҮТ рүү шилжүүлдэг. Өчигдрийн байдлаар илэрсэн тохиолдол гараагүй. Хоёр дахь давтан шинжилгээг 6-7 дахь хоногт нийслэлийн эрүүл мэндийн газраас авна. Үүнээс гадна батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандах ёстой.

Өчигдөр 250 хавьталд шинжилгээ хийснээс 182 нь ойрын хавьтал байсан. Үүнээс гадна 68 ойрын хавьталд давтан шинжилгээ хийхэд 4-5 хүнд халдвар илэрсэн. Одоогоор дараах халдварын голомтууд идэвхтэй хэвээр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 116 дугаар сургууль, “Монгол шир” ХК, Цэцэрлэгт хүрээлэнгийн  Цахиур эмийн сан, гутлын цех, “Амгалан амаржих” газруудын халдварын цар хүрээ их байна.

"Монгол шир” ХК-ийн хувьд 36 ажилтан нь халдвар авсан байхад тэдний ар гэрийн 104 хүн халдварт өртсөн байх жишээтэй. Харин нийтийн байруудын голомт хяналтад орж, халдвар үргэлжлэх хугацаа нь багассан" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна