Даргад бялдуучлагчдад ээлтэй, багшдаа халгаатай гүйцэтгэлийн үр дүн тооцох журмаа эргэж хар, Боловсролын сайд аа

Х.Батсайхан
2023/09/27

Боловсрол бол аливаа тэгш бус байдлыг арилгах хамгийн гол гарц гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа хөгжингүй улс орнууд тэртэй тэргүй өдрөөс өдөрт илт болж буй баян хоосны ялгааг бага ч  атугай сааруулахын тулд боловсролын салбартаа хөрөнгө оруулж, тэгш хүртээмжтэй түгээхийг эрмэлздэг юм. Гэтэл манай улс зөвхөн боловсрол ч бус олон салбарт  баян хоосны ялгааг улам дэвэргэх зүгт явж байгаа нь харамсалтай.

Авто замын хөдөлгөөний ачаалал дийлдэхээ болилоо гээд хэдэн жилийн өмнөөс дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцдог болсон. Энэ бол үнэндээ дахиад нэг машин аваад уначих бэлтэй хэсгийг дэмжсэн шийдвэр болсон. Одоо дахиад түгжрэл нь дийлдэхээ болиод дугаарын тэгш сондгойгоор зорчуулах асуудал яригдаж буй. Хоёр машин сэлгэж унах чадвартай нөхдүүд энэ хуулийг хүлээж байхад хөл дүүжлэх ганц унаагаа тордож яваа хэсэг бүлгийн эрх ашиг хохирч байгааг хэн ч ярихгүй л байгаа шүү дээ.

Багш нарын 50 хувийг тусгайлан дэмжих нь үүнтэй л ижил. Ялгарлыг л дэвэргэнэ. Монголын боловсролын салбарт бодит үнэлгээ гэж байхгүй. Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг. Гэтэл дэлхийн шилдэг сургуулийн нэг Оксфордын Их сургуулийн жилийн төлбөр 53 сая төгрөг байгаа юм. Тэгсэн хэр нь олгож байгаа боловсролын хувьд, англи хэлний хувьд л давуу болохоос бусдаараа энгийн ЕБС-иас ялгаа бага гэдгийг багш нар хэлдэг.

Түүн шиг, "Гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулал" нь багш нарыг идэвхжүүлэх нэг арга мөн ч тэдэнд хэн нэгэн өгөх, өгөхгүйг шийддэг, олдох эсэх нь тодорхойгүй үр дүнгийн урамшуулал биш, бодит дэмжлэг хэрэгтэй байна. Өнгөрсөн жил гүйцэтгэлийн үр дүн тооцох шалгалтыг орон даяар авахад утга учрыг нь ойлгоогүй багш олон байсан. Тэгээд ч маш цөөхөн багш урамшуулал авахаар болсон юм. Тиймээс энэ жилийн шалгалтын дүн орлогод нь нөлөөлөхийг маш сайн ойлгосон, түүнээс хойш хичээсэн нөхцөл байдалд болж, урамшуулал авах багшийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил нийт багш нарын 43 хувь нь урамшуулал авч байсан бол энэ жил 51.7 хувь нь урамшуулалд хамрагджээ. Багшийн ерөнхий үр дүн ч 72.5-аас 75.71 болж нэмэгдсэн байна. Энэ бол мэдээж үр дүн мөн. Гэхдээ өнгөн, хуурамч үр дүн. Багш нар юуны түрүүнд үр дүнгийн төлөө уралдах биш, үндсэн цалин нь өндөр байх ёстой. 

 


Бас хэнд урамшуулал өгөхийг хэн нэгэн шийддэггүй байх учиртай. Яагаад ингэж хэлэв гэвэл, Гүйцэтгэлийн үр дүн тооцох шалгалтын тест хичээлийн хөтөлбөрөөс зөрсөн, судлаагүй хичээлийн асуултууд орсон байсан гэсэн хэл ам их гарсан. Түүнчлэн, багшийн ажлыг дүгнэх 13 шалгуурт сургуулийн орчин нөхцөл, эцэг эхийн асуумж, Заах аргын нэгдлийн ахлагч, хичэлийн эрхлэгч буюу сургалтын менежер, захирал, Захирлын зөвлөлийн үнэлгээ гэх мэт, багшийн хичээлээ сайн заах үүрэгтэй огт хамаагүй зүйл олон байна. гэрийн даалгавраа хийхийг байнга шаарддаг багшаа сурагч нь, огт танихгүй багшийг эзэг, эх, эмээ, өвөө, шударга үнэнч, алдаа дутагдлыг хэлж шаардлага тавьдаг багшийг хичээлийн эрхлэгч, захирал үнэлж байна. 

Харин сурлагын тухайд, 60 хүүхэдтэй ангиас 25 хүүхдийг сонгож багаа нь сохор азны нөлөөллийг оруулж ирж байгаа юм. 


Сурагчид нь 90 гаруй оноотой гардаг, захирал нь өгвөл зохих таван онооноос 1 юм уу хоёр оноо өгөөд урамшууллаас мулталсан тохиолдол их гарчээ. Энэ бол шулуухан хэлэхэд, захиралд бялдуучилсан хүн урамшуулалд хамрагдана гэсэн үг. Сайнаар бодоход, хичээлээ ч сайн зааж, даргдаа  сайн бялдуучлах юм биз дээ.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.109
    2023/09/27

    Зөв ш дээ. Хичээл заасан болоод гараад явчих нэг өөр, хүүхэд бүрт хүч ажиллах гэж хичээж ажиллах нэг өөр. Хичээл орж байгаа нэртэй номын хуудас зааж өгөөд өөрсдөөр нь хийлгэчихээд хувийн курс, дамжаа хичээллүүлээд явдаг багш нар их байдаг. Хэн зааж чадсан нь л өндөр цалин авга шүү дээ

    Хариулах
  • 66.181.182.15
    2023/09/27

    Tsalin nemj chadkun bol nvvrs exportloh hereg yu bn

    Хариулах