Б.Ууганбаяр: Төр алба хаагчдадаа “Шүгэл үлээ” гэчихээд “Шүгэл үлээвэл Эрүүгийн хуулиар яллана шүү” гэж болохгүй

Х.Батсайхан
2023/10/16

Хууль зүйн сайд Б.Энхбаяр санаачлан Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэхээр дэмжигдсэн явдлыг МСНЭ эсэргүүцэж, Хууль зүйн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ.

Шаардлага хүргүүлэх үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Засгийн газар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, зарим гэмт хэрэгт ногдуулах ялыг чангаруулах хуулийн төслийг яаран хэлэлцэж, УИХ-д өргөн бариад байна. Энэ өөрчлөлт дотор Мөрдөн байцаалтын нууц задруулсан ажилтанд Эрүүгийн хуулиар яллах заалт оруулсан нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж эсэргүүцэж байна.

Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан ажилтныг Эрүүгийн хуулиар яллах нэмэлт өрчлөлт оруулж ирж байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг хаах, цаашлаад хэвлэлэлийн эрх чөлөөнд аюул учруулах ноцтой заалт гэж үзэж байгаа тул уг өөрчлөлтөө оруулахгүй байхыг МСНЭ шаардаж байна. Хэрвээ энэ өөрчлөлт батлагдвал эх сурвалжаа хэлэхийг шаардан мөрдлөг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам хүндрэх нөхцөл байдал үүсэж байна” хэмээн онцолсон юм.

МСНЭ-ийн ЕНБД Б.Ууганбаяр мөн “Төрийн нууц гэдэг үгээр халхавчилж эрх мэдэлтнүүд ямар хулгай луйвар хийдэг вэ гэдгийг Б.Энхбаяр сайд жирийн гишүүн байхдаа байнга ярьдаг байсан. Гэтэл одоо “Нууц” гэдэг үгээр халхавчлан булхай луйвар хийх боломжтой нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа нь харамсалтай байна. Нууц гэдэг үгээр халхавилж ямар луйвар хийдгийг “Ногоон автобус”-ны хэрэг идэнд харуулсан шүү дээ. Төр алба хаагчдадаа “Шүгэл үлээ” гэж хэлчихээд, “Хэрвээ шүгэл үлээвэл Эрүүгийн хуулиар яллана шүү” гэж хэлж болохгүй” хэмээн онцолсон юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна