Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ШШГЕГ-ын 413-р хорих ангид ял эдэлж буй иргэн Даваагийн Мөнх-Эрдэнийг үл таних хүмүүс дарамталж, зодсон, эрүүдэн шүүсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
Түүнийг зодуулсан, сэтгэл санаанд нь өөрчлөлт орсон байж болзошгүй гэх мэдээллийг эргэж очсон, ойр дотнынх нь хүмүүс хэвлэлээр илэрхийлж байсан. Тэгвэл уржигдар энэ асуудалд Хүний эрхийн үндэсний комисс оролцож, байр сууриа илэрхийлсэн нь Д.Мөнх-Эрдэнийг олон нийтэд харуулж, маш их ач холбогдолтой хоёр асуудлыг нэг талд нь гаргах тохиромжтой эгзгийг бий болголоо.
Эхнийх нь, манай улсад эрүүдэн шүүлт байдаг уу гэх асуудал. Манай улс эрүүдэн шүүлтийг эсэргүүцдэг, олон улсын конвенцод нь нэгдсэн гэдэг ч бодит байдал дээр эрүүдэн шүүлт байдаг гэдэг мэдээлэл байсхийгээд л гардаг.
Шорон бол мэдээж, хүүхдийн цэцэрлэг биш, орж байгаа хүмүүс нь бүгд ёс зүйтэй үлгэр жишээ иргэд биш. Гэсэн ч хэм хэмжээ байх ёстой гэдэгт олон улс санал нэгдсэн учраас л эрүүдэн шүүхийг эсэргүүцсэн байж таарна.
ХЭҮК-ын мэдэгдэлд дурдсанаар бол Д.Мөнх-Эрдэнийг онцлоогүй, бүх хоригдолд үзлэг хийсэн гэх. Гэтэл энэ мэдээлэл газар дээр нь очиж, бодитоор харсан хүмүүсийн өгч байгаа мэдээлэлтэй алд, дэлэм зөрөөд байдаг.
Тиймээс Д.Мөнх-Эрдэнийг олон нийтэд харуулж, бодит байдлыг үзүүлэх нь асуудалд цэг тавих хамгийн том боломж. Хэрвээ зодуулж, нүдүүлсэн, шархтай байвал цаашид ХЭҮК-т итгэх эсэх маш том асуудал үүснэ. Үгүй бол ХЭҮК-ын талаар өмнө гаарч байсан мэдээллүүд үгүйсгэгдэж, иргэдийн итгэл нэмэгдэнэ. ШШГЕГ-ын нэр ч энд хамаатай. Тиймээс ямар нэгэн байдлаар гаргалгаа олж байгаад Д.Мөнх-Эрдэнийг хармаар, харуулмаар байна.
Гэрэл зургийг МРА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна