Намрын налгар өдрүүд холдож, тачигнасан хүйтэн өвөл хаяанд ирлээ. Харин Нийслэл өвөлд бэлэн үү. Нийслэл хот энэ жил сайжруулсан түлшнээс гадна хагас коксжсон нүүрс түлнэ гэж байгаа. Урин дулааны улирал цаашлах тусам хагас коксжсон түлш түлж өвөлжинө гэдэгт нийслэлийн 220 мянган гэр хорооллын айл эргэлзэж байна.
Харин Эрчим хүчний салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна гэж нийслэлд дулаан түгээх, ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөвлөгөөний үеэр албаныхан хэлж байсан юм. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 95 хувийг дулааны цахилгаан станцууд хангадаг. Төвийн хэрэглээний орчин ачааллын үед ОХУ-аас тодорхой хэмжээний цахилгаан эрчим хүч импортоор авч, ачааллыг бууруулна. Түүнчлэн хүн амын өсөлт, хотжилтоос хамаарч Эрчим хүчний салбарын ачаалал нэмэгдэж байгаа тул цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх бодлого барьж байгаа аж. Энэ талаар албаныхан “Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар нэмэгдүүлсэн. Мөн Дархан хотын дулааны цахилгаан станцыг 35 МВт-аар нэмэх шинэчлэх ажил хийгдэж байна” гэлээ. Дулааны эрчим хүчний нийт хэрэглэгчдийн 88.7 хувийг ахуйн хэрэглэгчид, 11.3 хувийг аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчид эзэлж байна. Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хүчин чадал 75 МВт-аар нэмэгдэнэ. Амгалангийн дулааны станцыг 50 МВт-аар өргөтгөхөөр зорьж байгаа аж. Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг өвлийн их ачааллын үед 20 хоногийн нөөцтэй буюу 278 мянган тонн байхаар төлөвлөжээ.
Нийслэлд 3400 орчим орон сууцны барилгад 270 мянган айл өрх амьдарч байна. Үүний 50 хувь нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас халаалт, дулаанаа авдаг бол үлдсэн 50 хувь нь хувийн хэвшлийн байгууллагаас халаалт авдаг байна. Ус, цаг уур, шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ жил дулаан боловч урт өвөл болно гэж мэдээлсэн.
Ийм үед нийслэлчүүд өвөлд хэр бэлтгэлтэй байгаа, Нийслэлийн захирагчийн алба энэ тал дээр хэр анхаарч байгаа нь сонин. Саяхан томилогдсон Хотын дарга автобусны тендер, албан тушаалын томилгоотой зууралдаж байх зуур өвөл биднийг хүлээхгүй, хаяанд ирээд байна. Иймээс ойр зуурын ажлаа түр орхиод өвлийн бэлтгэлдээ гарахгүй бол хэцүүдэж мэдэх нь байна шүү, Х.Нямбаатар сайд аа.
Гэрэл зургийг mpa
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна