Хүйтний эрч чангарч, улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчнүүд гарах болжээ. “Ханиад, томууны” улирал ч гэж нэрлэдэг өвлийн саруудад хүүхдийн эмнэлгийн ачаалал ихэсдэг. Энэ жилийн хувьд ямар байгаа талаар сурвалжлахаар олны нэрлэдгээр "Хүүхдийн хоёр"-оор орлоо.
Хаалгаар нь оруут хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй. Үүдний жижүүр эмч, сувилагч нар жигтэйхэн ажилтай нааш, цааш гүйх ба эргэлтээр ирсэн хүмүүс үүдэнд овоорчээ. Нөхцөл байдлыг хараад сэтгүүлч надад “Эмнэлгийн ачаалал их. Ханиад хүрсэн хүүхдийн тоо хэдэн зууд хүрсэн. Ор дэр нь хүрэлцэхгүй коридороор нь дүүрэн хүүхэд байгаа болов уу” гэсэн төсөөлөл буусныг нуух юун. Ингээд холбогдох хүмүүст нь учраа хэлээд эмнэлгийн даргаас нь эхлээд мэдээлэл авах боллоо.
М.Чимгээ: Томуугийн цар хүрээ 2, 3 дугаар сард ихэсдэг
-Танай эмнэлэг маш их ачаалалтай байгаа бололтой. Хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна?
-Манай эмнэлэг 325 ортой. Одоогоор ор дүүрсэн ч ачаалал хэвийн. Ер нь бол манай эмнэлэг жилийн жилд л ачаалал ихтэй байдаг. 2012 онд H1N1 вирусын дэгдэлтийн үед 200 ортой байхад 500 хүүхэд хэвтэж эмчлүүлж байлаа. Одоогийн байдлаар амбулаторийн үзлэгийн хувь, хэвтэлтийн байдлыг харахад тийм өндөр ачаалал аваагүй байна. Ерөнхийдөө хэвийн хэмжээнд явж байна. Томуугийн дэгдэлтийн оргил үе нь одоо биш. Дөнгөж л эхэлж байна. ДЭМБ, ЭМЯ-наас өгч буй мэдээллээс харахад одоохондоо өндөр цар тахлын хэмжээнд хүрээгүй байна. Дөнгөж эхнийхээ үед л явж байна.
-Гэхдээ танай эмнэлэг их л ачаалалтай харагдах юм?
-Бид ямарваа нэгэн халдвар тархахаас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосон байгаа юм. Гаднаас эргэлт оруулахгүй байна гэдэг чинь халдвараас хамгаалж байгаа хэрэг шүү дээ. Энэ олон хүн байхад дахиад шинэ халдвар тээгээд /эбола, H1И1/ вирус гэх зэрэг хүнд халдвар гарвал яана. Бидний хэн нь ч нүүрэн дээрээ “Би халдвартай” гэж бичихгүй шүү дээ. Тиймээс бид энэ эрсдэлээс л сэргийлэхийн тулд хүүхдийн эргэлтийг оруулахгүй, өөрсдөө зөөж байгаа юм .
-Та түрүүн томуугийн цар хүрээний дэгдэлт дөнгөж эхэлж байгаа гэж байсан. Тэгвэл оргил үе нь хэзээ вэ?
-Өмнөх жилүүдээс харахад гурван сард л хамгийн их дэгддэг. Өнгөрсөн жил л гэхэд 10, 11 сард иймэрхүү байдалтай байж байгаад 2, 3 дугаар сард томуугийн цар хүрээ маш их ихсэж байсан.
-Хатгаа өвчин юунаас үүсээд байна вэ. Гол шалтгаан нь агаарын бохирдол уу?
-Яг хатгаа үүсгэгч нь бол томуу, бактер байна. Гэтэл ханиадыг хүндрүүлж, хатгаа болгож байгаа хүчин зүйл нь агаарын бохирдол. Өнөөдрийн энэ айхтар утаа, тоос шороо, агаар дахь хүнд металиудын бохирдол хүний уушгинд байх хүчил төрөгчийг ердийн хангамжид байлгаж чадахгүй байгаа учраас хүүхдүүд хатгаа өвчнөөр өвчлөөд байгаа юм. Ерөөсөө иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн ханиад хатгалгаа өвчнийг бууруулахад ганц эмнэлэг зүтгээд бүтэхгүй. Эмнэлгийн байгууллагын сувилагч, эмч, асрагч нар нойр хоолгүй зүтгэж байна. Эрүүл мэндийн салбарт нэг сайн юм байна. Ийм хүнд нөхцөлд хүүхдийн эндэгдэлгүй ажиллаж байгаа. Манай эмнэлэг бол одоог хүртэл хэчнээн хүнд ирсэн ч амьсгалын дутагдалтай, амьсгал нь зогссон арав 20-иороо аппаратанд орсон ч чичиртлээ зүтгэж байгаад л хүүхдийн амийг авардаг.Үүн шиг том гавьяа хаана байна. Ийм байхад та нар муухай ааштай, харилцаа муутай, хаалттай, хүнд сурталтай гээд л загнаж өгдөг
-Яагаад ийм байдал үүсээд байна вэ?
-Бид шаардлага тавихгүй яах юм бэ. Одоо жишээ нь, хатгаатай хүүхдийн хажууд нь архи уугаад сууж байгаа эцэг эх хүртэл байна. Хатгаатай хүүхдийн хажуу талд аав ээж нь архи уугаад байхаар бид шаардлага тавихаас өөр арга байхгүй. Хатгаатай хүүхдийн маань уух ёстой эмийг нь уулгахгүй хажууд нь сахиур гээд суугаад байгаа хүнд шаардлага тавихгүй гээд яах юм бэ. Бидэнд туслах хэрэгтэй шүү дээ. Зөвхөн эмчээр эм залгиулаад зөвхөн сувилагчаар витаминыг нь уулгуулаад асрагчаар живхийг нь солиулаад байна гэж байхгүй. Үнэхээр өөрийнхөө хүүхдийн төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө, эх орныхоо төлөө эцэг, эхчүүдэд хариуцлага үүрүүлэх гэж бид шаардлага тавьж байгаа. Иргэддээ ийм нийгмийн хариуцлагыг нь ухамсарлуулах нь төрийн асуудал. Эмнэлгийн зүгээс ганцаархнаа зүтгээд нийгмийг эрүүлжүүлж чадахгүй.
-Эмнэлгийн байгууллагаас эцэг эхчүүдэд хандаж, ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд хандаж сэрэмжлүүлэх хэд, хэдэн юм байна. Энэ л та бүхний мэдээлэлд хамгийн чухал нь. Иргэд эрүүл мэндийн салбар руу л дайраад байдаг. Бид л өвчин тараагаад байгаа юм шиг. Бид чинь өвдөөд ирсэн хүүхдүүдийн төлөө чинхүү сэтгэлээрээ нойр хоолгүй зүтгэж байгаа юм шүү дээ. Өнөөдөр л гэхэд манай эмнэлэг хөл хорио тогтоочихоод өвчтөний эргэлтийг зөөж байгаа биз дээ. Энэ эргэлтийг чинь зөөхийн тулд хэчнээн олон хүн ачаалалтай ажиллаж байгаа гэж бодож байна. Мөн дээрээс нь эмийн бодис, ариутгах бодис, боох материал, эм тариа гээд маш их зардал гарч байгаа. Бүх нөөц бололцоогоороо л ажиллаж байна. Тиймээс иргэдийн зүгээс эмнэлгийн ажилтнаа ойлгох хэрэгтэй.
Ээж аав нарт өгөх зөвлөгөө бол маш чухал. Хүүхдийн амьсгалын зам өргөн, богинохон байдаг. Гаднаас орж байгаа вирусын бактерыг шүүж чаддаггүй. Харин том хүнийх бол амьсгалын зам нь урт нарийхан байдаг болохоор гаднаас орж байгаа бактерыг ханаигаад найтаагаад л гаргачихдаг. Харин хүүхдийнх тэгэж чаддаггүй бактер нь шууд уушиг руу нь орчихдог.
Нэгдүгээрт, хамгийн сайн хамгаалалт бол маск. Манайхан маск нэг зүүхээрээ хэдэн өдөр болгочихдог. Хоёр цаг тутамд сольж байх шаардлагатай.
Хоёрдугаарт, хүүхдийг болж өгвөл олон нийтийн газраар бүү авч яв. Тэр олон нийтийн газар чинь халдвартай хүмүүс нэг найтаахад л ханиад халдчихаж байгаа юм. Үүний нэг жишээ бол, Улаан бурхан өвчний халдвартай хүний хажуугаар алхаж өнгөрсөн хүмүүсийн 99 хувь нь улаан бурхнаар өвчилдөг байх жишээтэй.
Гуравдугаарт, хүүхдийг дулаан байлгаж, илчлэг тэжээллэг хүнсээр хангах
Дөрөвдүгээрт, томуу дөнгөж эхэлж байхад хүүхэддээ антибиотикийг яаравчилж бүү өг. Томуу дөнгөж эхэлж байхад том, том антибиотикт дасалтай болгочихдог. Тэгээд хүүхдийг эмчлэх гэхээр маш хүнд болгочихдог. Хатгаа чинь кор шиг нэг удаа өвдөөд дархлаа тогтчихдог өвчин биш. Жилд хэдэн ч удаа хүрч болохоор байдаг. Иймээс олон төрлийн антибиотикийг дур мэдэн өгөх нь хатгааг эмчлэх эмчилгээний тактикт хүндрэл учруулаад байгаа юм гэв.
Гэрэл зургийг mpa
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна